Монголчууд гүний уурхайн бүтээн байгуулалтын туршлагатай болно

c65a1ed6c0eac985bigХамтын ажиллагаа 7-8 жил үргэлжилнэ

“Хасу Мегаватт”, “Редпаф-Монгол”-ын хамтарсан “Даян контракт майнинг” компани, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад оролцохоор болсон. Тэгвэл энэ талаар “Хасу Мегаватт” компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. Тус компани энэ ажилд оролцсоноор монголчууд гүний уурхайн бүтээн байгуулалтын туршлагатай болохыг тэрбээр онцоллоо.

-Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийх вэ?

-“Даян контракт майнинг” компани далд уурхайд бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээ үзүүлнэ. Бид хоёр болон тавдугаар босоо амны нэвтрэлтийг хариуцахаар болсон. Эдгээр босоо амны гүн нь 1178-1284 метр. Тухайлбал, 10 метрийн диаметртэй, 1284 метр гүн хоёрдугаар босоо амыг ухна. Мөн тавдугаар босоо ам буюу агааржуулалтын ажлыг гүйцээхээр болсон. Тэрчлэн хөндлөн малталт зэрэг ажлыг гүйцэтгэхээр “Оюутолгой” компанитай гэрээ байгуулаад байна. Бидний ажил уурхайн 1000 метрийн гүнд явагдана. Уурхайн гүнд зөвхөн ухалт хийхгүй. Дагалдах бүтээн байгуулалтыг ч давхар гүйцэтгэнэ. Энэ ажил нийт 7-8 жил үргэлжлэх төлөвтэй.

Монгол компани олон улсад танигдсан “Редпаф” -тай түншилж, дэлхийн хэмжээний төсөлд оролцсоноор монголчууд гүний уурхайн бүтээн байгуулалт хийх туршлагатай болно. Бидний түншлэлийн хамгийн чухал ач холбогдол нь энэ. Манай компани эрчим хүчний салбарт түлхүү үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд гүний уурхайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх болсон. Тухайлбал, “Оюутолгой”-н анхны амны төмөр барилгыг бид барьж байлаа. Энэ байгууламжийг 2013 онд үйлдвэрлэж, угсарч өгсөн.

-Далд уурхайн бүтээн байгуулалт багагүй хугацаанд үргэлжлэх нь. Боловсон хүчний нөөцөө хэрхэн бэлтгэж байна?

-“Редпаф” бол олон жилийн туршлагатай, дэлхийд танигдсан компани. Тус компанийн туршлагад суурилан монголчууд далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх болно.  Ажиллах хүчний тухайд 90:10 гэсэн харьцаатай, Монголын тал давамгайлах болов уу.

Тэрчлэн манай компани “Оюутолгой”-той санаандгүй хамтран ажиллачихаагүй. Бид 2006 онд Оюутолгой сууринг эрчим хүч, дулаанаар хангах ажлыг гүйцэтгэж байлаа.

-Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөхөө мэдэгдээд байна. “Тавантолгой” тэргүүтэй том төслүүдийн эрчим хүчний асуудлыг шийдэхэд тулгарч буй гол бэрхшээл нь юу байна вэ?

-“Rio Tinto” бол дэлхийн дэвшилтэт технологи, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг Монгол Улсад нэвтрүүлж буй компани. Энэ компанийн стандарт жилээс жилд улам нарийн болж байдаг. Ялангуяа, аюулгүй ажиллагааны нарийн чанд журмыг баримтлан ажилладаг. Бид “Оюутолгой” төсөлд ажилласнаар аюулгүй ажиллагааны талаар их зүйлд суралцсан. Одоо ч суралцсаар байгаа.

Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотойгоор хамгийн түрүүнд цахилгааны холболт хийж байна. Одоо манай залуус далд уурхайн гүнд ажиллаж байгаа. Би өмнө нь хэлсэн, энэ бол зөвхөн ухалтын ажил биш. Энд ажил урагшилж, амьдрал буцалж байх ёстой. Тиймээс машин тэрэг, байшин сав гээд цогц байгууламж барина.

Энэ ажлыг гүйцэтгэснээр монгол компани олон улсын түвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартад тэнцэж байна гэсэн үг. Манай компани өнгөрсөн жил 180 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Хөдөлмөр хамгааллын хувцсаа 18000:01 стандартад нийцүүллээ. Дэлхийд танигдсан компаниудтай хамтарснаар тэдэнтэй нэг түвшинд ажиллах боломж нээгдэж байна.

 

Г.Илч

[ЗГИ]


URL:

Сэтгэгдэл бичих