Бор харх хэрхэн Монголоос дэлхийд тархсныг судалжээ

14Хот суурин газрын нэг оршин суугчид тооцогддог бор харх буюу Rattus norvegicus нь жил бүр дэлхий дахинд $19 тэрбумын хохирол учруулдаг гэнэ.

Гэвч хүн төрөлхтөн энэ амьтны талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл Фордхэмийн Их сургуулийн хэсэг судлаачид бор хархны тархалтыг анх удаагаа өргөн хүрээнд судалж, энэ амьтан хэрхэн Антарктидаас бусад тивд хүрсэн замын зургийг гаргажээ. Судалгааны тайлан энэ долоо хоногт Royal Society Journal-д нийтлэгдсэн байна.

Бор хархны садан болох жижиг биетэй хар харх (Rattus rattus), гэрийн хулгана (Mus musculus) энэ гурав нь манай дэлхийн хамгийн амжилттай эзлэн түрэмгийлэгч хөхтөн амьтад гэнэ.

Гэхдээ хар харх болон гэрийн хулгана нь хүн төрөлхтний газар тариалангийн аж ахуйг даган мянга, мянган жилийн турш амьдарч ирсэн бол бор харх нь хэдхэн зуун жилийн өмнө хүртэл төрөлх Монгол нутаг, мөн Хятадын хойд хэсгээс гаралгүй амьдарч байжээ.

Харин дэлхийд тархах болсон гол шалтгаан нь тив дамнасан худалдаа арилжаанаас эхлэлтэй.

Фордхэмийн судлаачид дэлхийн 76 газар нутгийн 314 бор хархны эсээс дээж авч тархалтыг нь гаргажээ.

Ингэж илрүүлсэн тархалтын зургаар бол бор харх эхлээд нутгаасаа өмнө зүгт буюу зүүн өмнөд Азид хүрсэн байна. Дараа нь Торгоны замыг даган Төв Ази, цаашлаад Европ тивд хүрчээ. Энэ нүүдэл 1500-аад оны үед болсон байна.

Өөр хоёр хэсэг нүүдэл Номхон далайг гатлан Хойд Америкт хүрсний нэг нь Оросын хөлөгт дайгдан Алеутын арлуудаар дамжиж Аляскт хүрчээ. Нөгөө нь шууд Номхон далайг туулж (мэдээж худалдааны хөлөгт дайгдан) Америкийн баруун эрэгт хүрсэн байна.

Сүүлчийн хэсэг нь Европоос Хойд Америкийн зүүн эрэг, Өмнөд Америк, Африк, Австралид колоничлогчдын аялалыг даган таржээ.

Нью-Йорк хотод 1750-аад оны үед бор харх үзэгдэж эхэлсэн байна.

Сонирхолтой нь бор харх байгалиасаа гэрсэг амьтан. Амьдарч байгаа орчноосоо огт холдож чаддагүй юм байна. Харин тэдний дэлхийг байлдан дагуулахад хүмүүс тусалсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: Popular Science


URL:

Сэтгэгдэл бичих