Ховдын онгоцны асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

6Зам тээрийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зам тээврийн салбар өвөл­жилтөд бэлэн үү гэсэн асуултаар ярицлагаа эхэлчих үү. Цас орж зам даваа хаагдсан гэсэн, өнгөрсөн долоо хоногт гэхэд?

Салбарын хэмжээнд өвөл­жилтийн бэлтгэл хангагдаж байна. Авто зам, иргэний нисэх, төмөр зам, зорчигч тээвэр гэхчлэн бүх төрлөөр бэлтгэл хийгдэж байна. Хамгийн хүндрэлтэй байгаа нь авто зам. Авто замын засвар, арчлалт хариуцсан компаниуд 21 аймагт байдаг. Эдгээр компаниудын өр, авлагаас болоод өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа. Сангийн яамтай энэ чиглэлээр ярилцаж байгаа. Замын хашлага, салхи шуурга, цас хунгарлахаас сэргийлсэн байгууламж барьдаг ажил руугаа явах гэхээр баахан өртэй, бензин тосгүй хөдөлж чадахгүй сууж байгаа авто зам засвар арчлалтын компаниуд байна.

-ОХУ-д ажиллаад ирсэн үр дүнгийнхээ талаар тодруулж ярьж өгнө үү?

-ОХУ-д ажиллаад ирсэн бодит үр дүнг салбарынхан мэдэж байгаа гэж бодож байна. Намайг явах үед байдал тийм ч таатай байгаагүй. Ялангуяа монголчууд маань янз бүрийн хэл үг гаргасан байсан. Үйлдвэрчний эвлэл нь гэхэд хэвлэлийн хурал хийгээд Ерөнхий хорооны гишүүдээ элдвээр хэлж Орост хамаг юмаа туугаад тавьчих гэж байгаа юм шиг ярьж байсан. Орост очиход оросууд эхлээд ротацийн асуудлаа нэн тэргүүнд ярьсан. Ротаци буюу орос, монгол хүнээр замын даргыг ээлжилж тавих саналыг эхэлж тавьсныг нь нэлээд нухацтай ярилцаж зөвлөлдсөн. Оросууд ч тэр, монголчууд ч тэр мэргэжлийн хүн томилох дээр  Нэр дэвшигч бүр дээр асуудлыг ярилцсан. Оросын болон Монголын талаас олон тооны шалгуурууд тавьж байсан. Бид мэр­гэж­­лийн хүн томилох гэдэг зарч­мын байр суурь дээр бай­сан. Монголын  нийгмийн болон төмөр замчдын захиалга бай­сан. Эцсийн үр дүндээ бид нэгдүгээрт, монгол хүнээр за­мын даргаа томилуулсан. Хоёрдугаарт, мэргэжлийн хүн. Гуравдугаарт төмөр замын ачаа тээврийг нэмэгдүүлнэ гэж ажилд томилогдсон хүн бүр ярьдаг байсныг энэ үеэр ажил хэрэг болгосон. Нийтдээ нэг сая тонн ачаа тэээврийг ОХУ-ын талаас авахаар тохиролцсон байгаа. Нэг сая тонн ачаа гэдэг бол доллараар тооцоолоход 30-аад сая ам.доллар. Энэ нь 70 тэрбум төгрөг гэсэн үг. Манай улс эдийн засгийн хүндрэлтэй, “Улаанбаатар төмөр зам”-ын санхүүгийн байдал таатай бус байгаа үед нэмэр болох юм.

-Оймс, өмдөө тайлж оросуудад эсэргүүцэл үзүүлсэн гэсэн яриа гараад байсан.

-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа хүн оймс өмдөө тайлах байтугай олиггүй үг унагах ч эрхгүй хүн шүү дээ. Интернэтээр л гарсан яриа. Олимпод оролцсон дасгалжуулагчид шиг тийм зүйл болоогүй нь ойлгомжтой.

-Шилэн Цогоо гэдгээр нь мэдэхийн хувьд шилэн дансыг хаачихаад байгаа юм биш үү?

Асуултыг чинь асуултаар хариулъя. Шилэн данс руу орж харсан уу. Шилэн данс ажиллаж байгаа. МАН Засгийн эрх авсанаас хойш шилэн данс хаагдсан мэт ярьж болохгүй л дээ. Ганц л юм байгаа, тэр нь шилэн дансанд бичих мөнгөгүй л байх. Намайг ажлаа аваад анхны томилолтоороо хот орч­мын замын үзлэгт явахад машин байна уу байхгүй, бензин байна уу байхгүй. Яагаад гэхээр төрийн сан хаагдсан гэсэн ийм хариулт өгч байсан. Шилэн дансандаа бичихгүй байна гэвэл, харин миний хэлсэн шиг мөнгөгүйн улмаас ийм төрлийн гүйлгээ хийгдээгүй байна гэсэн хариулт гарч ирж байна лээ. Зарим газар хөтөлж байгаад өөрсдөө зогсоосон. Үүний нэг жишээ бол Хөгжлийн банк. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд нэг их наяд гаруй төгрөгийн зөрчил илрүүлсэн байсан. Хөгжлийн банк гэхэд шилэн дансаа хөтөлж байгаад сэжигтэй зарим гүйлгээг нь АТГ-т өгөнгүүт тэднийх хаачихсан юм. Одоо­гийн шинэ удирдлагууд нь дансаа нээгээд хөтлөх хэрэгтэй. Хэрвээ хөтлөхгүй бол иргэд АТГ-т удирдлагуудыг нь өгөх хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн хэлсэн “Албан тушаалтнуудыг ич­тэл нь шахаад өг” гэсэн үг байдаг. Тиймээс хуультай, Ерөнхий­лөгчийн зарлигтай ийм зүйл дээр иргэд ч гэсэн шахаад өгөх нь зүйтэй юм.

-Иргэний нисэх, төмөр замд  бүтцийн өөрчлөлт, хя­налт шалгалт хийгдэж байгаа гэсэн.

-Улаанбаатар төмөр замын бүтэц зохион байгуулалтын асуудал дуусаагүй байна. Өм­нөх жилүүдэд үүрэг гүй­цэт­гэгчийг нь оруулж тооцох юм бол энэ байгуул­лагын удирд­лага дөрвөн удаа солигдсон байна. Удирдлага нь тогтворгүй байсан байгуул­лагын үндсэндээ дампуурдгийг харж болохоор байна. Шинэ удирдлагыг то­милсон. Мэргэж­лийн багийг  тогтвортой ажиллуулахын тө­лөө яамнаас ч анхааран ажиллах болно.
Иргэний нисэхийн ерөнхий газар байна. Мөн л өмнөх жилүүдэд гурав, дөрвөн удирд­лага солигдсон.

Л.Бямбасүрэн дарга очоод хурдтай ажиллаж сэхэл авч эхэлсэн. Ажлын өндөр дадлага туршлагатай хүмүүс очсон дээр нь салбарын яамнаас ч дэмжлэг үзүүлж байгаа учир эвэндээ орж байна. ИНЕГ,  МИАТ-тай холбоотой Ховд аймгийн нисэх онгоцны буудал дээр гарсан осол зөрчлийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа ч улсад их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй. Шалгалтын хугацаа дуусч байгаа, ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн удах­гүй гарна.

-Хэдий хэмжээний хохирол учирсныг урьдчилсан байд­лаар хэлэх боломж байна уу?

-Нийтдээ хоёр тэрбум төг­рөгийн хохирол наад зах нь явагдана. Даатгалын байгуул­лагаас барагдуулах мөнгөн дүнг хасаад шүү дээ. Асар хариуц­­лагагүй үйл явдал болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Нууж хаагаад хэн нэгнийг хаацайлаад байх шаардлага байхгүй.

-Ховдод тэгээд хэн буул­гасан юм?

-Ч.Сайханбилэгийн тэр­гүүл­сэн Засгийн газрын хийсэн ажил.

-Мэргэжлийн хүмүүс нь анхааруулаагүй хэрэг үү. 

-Хэлсээр байтал нь,  орон нутгийн нислэгийг сэргээнэ гээд л ийм юм болж.

-Боловсон хүчний асуудал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн?

-ХБНГУ-ын Замын сур­гуулиудтай хамтраад 16 монгол оюутан бүхий авто замын  инженерийн анги нээхээр то­хир­сон бөгөөд энэ ондоо багтаан сонгон шалгаруулалт явуулж, хэлний бэлтгэлд явуулж оюутнууд ирэх намраас хи­чээлдээ орно. Автозамтай холбоотой эрх зүйн бичиг баримт боловсруулдаг хуульч, эдийн засагчид гарч ирэх юм. Манай улс маш их бүтээн байгуулалт хийж байгаа боловч эрх зүй, эдийн засаг, тарифийн тооцоолол дээрээ дандаа гад­наас зөвлөх үйлчилгээ авах хэлбэрээр асар их хэмжээний мөнгө зарцуулдаг. Зөвхөн зөв­лөх үйлчилгээнд асар их хэм­жээний төсөвлөсөн мөнгө хэдэн зуун сая доллараар буцаад гараад явж байна. Бид гаднын томоохон зөвлөх үйлчилгээний компаниудад  мөнгө өгөөд яваад байсан болохоос биш өөрсдөө үүнийг хийе, ядаж багт нь мэргэжлийн инженерүүдээ оруулъя гэлгүй явж ирсэн нь үнэхээр харамсалтай.

Иргэний нисэхийн ерөнхий газарт хийсэн шалгалтаар малын бэлчээр зүйч гэсэн мэргэжилтэй хүн хүртэл байсан. Боловсон хүчний бодлого алдагдаж нэг үгээр хэлбэл, ингэтэл нь хүн “шахсан” байна гэсэн үг. Асар их хэмжээний зүй бус урамшуулал олгож ирсэн байна.

-Цагаан сараар сайхан дээлтэй ирж золгосон гэдэг шиг урамшуулал байна уу?

-Орон сууцны урамшууллыг жишээ нь нэг хүн гурван удаа авсан тохиолдол байна. Бэлэн мөнгөний урамшуулал ихээр олгосон байсны хажууд “цагаан сараар үндэсний хувцастай ирж сайдтайгаа золгосон” гэдэг бол бараг гайгүйд тооцогдоно. Олон жил ажилласан, онцгой гавьяа байгуулсан ажилт­нууд­даа урамшуулахыг үгүйс­гэх­гүй. Гэтэл ганцхан жил ч ажиллаагүй хүндээ орон сууц­­ны урамшуулал олгосон байх жишээний.  Удахгүй энэ шалгалтын дүгнэлт мөн л гарах гэж байна. Эхнийх нь дүн гарах гэж байтал дараагийнх нь зөрчил дутагдал гараад байх юм.

-Тухайлбал ямар зөрчил байна?

-Иргэний нисэхийн нарийн мэргэжлийн инженер бэлтгэхэд өндөр өртгөөр сургадаг. Нэг оюутныг сургах зардал доод тал нь 60-70 мянган ам.доллар. Яалт ч үгүй энэ бол чухал мэргэжил. Монгол Улсад агаарын орон зайгаа  ашиг­лах юм уу нислэгийн хөдөлгөөн удирдахын тулд энэ хүмүүсийг сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх ёстой. Таван жил ажилласан бол мэргэжил дээшлүүлж, арван жил ажил­­ласан бол нэг жилийн техно­логитой хөл нийлүүлэх сургалт явуулах нь байх ёстой. Гэтэл үүнийг далимдуулаад улсын мөнгөөр сурчихаад тэр чигээрээ алга болчихсон нь олон байна.

-Сонгон шалгаруулалтын журам гэж бий л байх?

-Мэргэжлийн хүмүүсээс сонгон шалгаруулалтаар явуул­даг байх ёстой. Төчнөөн жил ажилласан, тийм мэргэ­жилтэн хэрэгтэй гэдэг ч юм уу. Тухайлбал, ажлын байрныхаа эрэлт хэрэгцээг харж бай­гаад нарийн мэргэжлийн тасралтгүй зарчмаа хангаж ажиллах ёстой. Нэгдүгээрт энэ шалгаруулалт алдагдсан үүнийг далимдуулаад асар их хэмжээний мөнгөөр сурчихаад ажиллах ч үгүй алга болсон хүн зөндөө байна. Тиймээс эдгээр хүнийг олоод энэ сургалтын төлбөрөө төлж улсыг хохиролгүй болго гэсэн шаардлага тавих гээд материа­луудаа бэлтгэчихсэн байгаа.

-Төмөр зам бариад байна гэсэн баахан шороо овоолоод орхисон байсан гэдэг төмөр замын тухайд?

-Тавантолгой-Гашуунсу­хайт чиглэлийн төмөр замыг бид асар эрчимтэйгээр хөдөл­гөхөөр төлөвлөж байгаа. 2019 онд бүтээн байгуулалтыг нь хийж ашиглалтад оруулна. Төмөр замыг нь бариад вагоныг явуулаад ачаа тээвэрлэнэ гэдэг өөрөө их том ажил юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:

Ховдын онгоцны асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна


URL:

Нэр: зочин Огноо: 28 October 2016

урагшаа харж алхаач дээ өнгөрснөө ухаад л байхаар

Сэтгэгдэл бичих