Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж, утаатай тэмцэнэ

4Засгийн газрын 100 хоногийн хүрээнд БОАЖ-ын салбарын хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ногоон хөгжлийн стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын даргаТ.Булган, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаТ.Алтангэрэл, Усны нөөцийн хэлтсийн дарга Ш.Мягмар болон бусад холбогдох албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ажлаа аваад гурван cap болох хугацаанд өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байсан ажил, төсөв, санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаж, анхаарлаа хандуулж ажилласнаа онцолж, салбарынхаа хийсэн томоохон ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнээсээ танилцуулав.

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд БОАЖЯ УИХ-ын чуулганаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг соёрхон батлуулсан, ус, хөрсний бохирдолтой тэмцсэн, хууль тогтоомж зөрчиж байгаль сүйтгэж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцуулах саналаа холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн, самар түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацааг наашлуулсан, Торгоны замын аялал жуулчлалын олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулсан гээд цөөнгүй ажлыг амжуулжээ.

Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмуудад хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам.доллар хуримтлуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулж эхлэх гэж байна.

БОАЖЯ уг сантай хамтран ажиллахаар хэд хэдэн төслийн санал хүргүүлсэн бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд yvp амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн ялгаралтаа 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн нөлөөлж буйн бодит жишээ Ганга нуур юм.

Монгол Улсын зүүн бүсэд л гэхэд 200 гаруй гол горхи, мөрнөөс 120 орчим нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ширгэсэн дүн мэдээ гарсан байна. Ганга нуур, түүнийг тэжээдэг булгийг хашаажуулах, орон нутгийн хөрөнгөөр бэлчээр усжуулалтын зориулалттай гүний худаг гаргах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан гэх зэргээр нуурыг аврах ажлуудыг хийжээ.

Хэнтий аймгийн Онон,Балж гол, Архангай аймгийн Дэнхэр сумын нутаг Орхон гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө голын бохирдол гээд хариуцлагагүй уул уурхайн улмаас бохирдсон газруудад БОАЖЯ хяналт шалгалтаа эрчимжүүлж ажилласан. Үүний үр дүнд Орхон голын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан байна.

Онон, Балж голын цэвэр усны нөөц, ойн сан бүхий газарт “Айвуун тэс”, “Ю энд Би”, “Гутайн даваа” ХХК гэсэн гурван компани хууль зөрчиж олборлолт явуулж байна гэсэн мэдээллийн дагуу БОАЖЯ-наас хяналт шалгалт хийсэн.

“Ю энд Би” ХХК нь хууль тогтоомж зөрчсөн хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байсан учраас ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Мөн тус компани Ойн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 0.9 га талбайд учирсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээг авахаар болжээ. Өвөл болж нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудал утааны улирал эхэлсэн учраас утаатай хэрхэн тэмцэх вэ гэсэн БОАЖЯ-ны бодлого олны анхаарлын төвд байгаа.

БОАЖЯ-ны удирдлагын мэдээлснээр Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Цэвэр агаарын санг сэргээн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ. Тус санд эхний ээлжид таван тэрбум төгрөгийг төвлөрүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд голчлон зарцуулах аж

Торгоны замын олон улсын бага хурлыг энэ сарын 13-15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь аялал жуулчлалын салбарт томоохон арга хэмжээ болсныг БОАЖ-ьн сайд онцлов. БОАЖ-ын сайд “Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Нүүдлийн аялал жуулчлалын Үндэсний төвийг барьж байгуулах асуудлыг НҮБ-аас дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед уг салбараас олдог орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбараас орж байгаа орлого бүр тэгш шударга, иргэн бүрд хүрдэг. Товчдоо бол утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж болно.

Энэхүү утаагүй үйлдвэрлэлд ажиллаж буй ажиллагсдын тоо 50 мянга байна. Иймд энэ тоог ахиулж, 100 мянган ажлын байр бий болгоход анхаарч ажиллана” гэлээ. Улаанбаатар хотод болон Хэнтий аймагт аялал жуулчлалын төв байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Нийслэлд тулгамдаж буй томоохон асуудлын нэг хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллага, улс орнуудад төслийн санал хүргүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авч байгаагаа мөн мэдээллээ.

2017-2020 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хотын гэр хорооллын 8,000 өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилтын санд асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороонд экологид ээлтэй ариун дэврийн байгууламж суурилуулах юм. Уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ус бохирдуулагчаас төлбөр авдаг болохоор ажиллаж буйгаа мөн хэлэв.

2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, журам, жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд хуримтлал үүснэ хэмээн үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих