СОШИАЛ МЕДИАД СОЛИОРОГЧДЫГ ТОРГОЁ
Манай улс анх 1996 онд 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон түүхтэй. Тухайн үед ердөө 1500 гаруй хүн л интернэт сүлжээнд холбогдож байсан бол эдүгээ улсын хүн амын 70 гаруй хувь нь цахим үйлчилгээг ашиглах болжээ. Харин дэлхийн хэмжээнд сонирхож үзвэл нийт долоон тэрбум хүн амын 40 хувь нь онлайн хэрэглэгч байгааг олон улсын судалгааны дүн харуулж байна.
Гэвч 1995 онд дэлхийн хүн амын ердөө нэг хувь хүрэхтэй үгүйтэй нь цахим ертөнцийн хэрэглэгч байжээ. Дэлхий нийт даяарчлагдан, техник технологи хурдацтайгаар хөгжихийн хэрээр бидний өмнө шинэ шинэ боломжууд ч нээгдэж, фэйсбүүк, твиттер, инстаграм гэх мэт хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх цахим талбарууд бий болсон байна. 1950-аад оны үед интернэт сүлжээ анх үүссэн гэвэл нэлээд хожуу манай улсад дэлгэрч эхэлсэн байгаа юм. Гэсэн хэдий ч, өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүн амын 70 гаруй хувийг хамарна гэдэг чамлахаар тоо биш. Харин эдүгээ сошиал медиа гээч иргэдийн амьдралын нэгэн хэрэглэгдэхүүн болж хувирчээ.
Саяхны судалгааны дүнгээр сошиал медиа хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 2.34 тэрбумд хүрсэн байх бөгөөд 2020 он гэхэд гурван тэрбумд хүрнэ гэсэн тооцоо гарсан байна билээ. Энэ тоо юуг өгүүлнэ вэ. Сошиал медиа хэрэглэгчдийн тоо цаашид ч нэмэгдсээр байх нь. Хамгийн гол нь аливаа зүйлийг шүүн тунгаах ухамсар нь бүрэн төлөвшиж амжаагүй насанд хүрээгүй хүүхдүүд ямар ч шүүлтүүргүй онлайн ертөнцийн хохирогч болсоор байх уу.
Сүүлийн үед элдэв гаж үйлдлийг харуулсан зураг, видеог сошиал сүлжээнд байршуулан тараах, бага насны хүүхдийг садан самуунд уруу татсан утга агуулга бүхий пост нийтлэх байдал газар авлаа. Цахим ертөнцөд үйлдэгдэх гэмт хэргийн тоо ч буурсангүй. Бүр сонгуулийн сурталчилгаа, хэн нэгнийг гутаан доромжлохдоо ашиглах ганц зэвсэг нь сошиал медиа болж хувирсан гэхэд хэтийдэхгүй. Хэн дуртай нь сошиал сүлжээнд солиорч, түүнийг нь бага насныхан шүүлтүүргүйгээр шууд хүлээн авч, даган дууриаж байна.
Өөрийн нүдээр хараагүй байж харсан мэт гадна өнгө үзэмжээр нь дүгнэн хэний ч нэр хүндийг гутаан доромжлох байдал хэрээс хэтэрч байна
Саяхан гэхэд өөрийгөө сүүлийн “эмо” гэж гэрлэсэн этгээд “тэнэглэл”-ээ цахим хуудастаа нийтэлж, түүнийг нь олон мянган хүн хуваалцаж, бүр жүжигчин Н.Онон хүртэл дууриаж, фэйсбүүкийн “трэнд” болоод амжсан. Хүн бүр л түүний бичлэгийг найзууддаа хуваалдан инээдэм болгож харагдсан. Гэхдээ инээдэм гэхээсээ илүү эмгэнэлтэй хэрэг бус уу. Үүнээс гадна өөрийн нүдээр хараагүй байж харсан мэт гадна өнгө үзэмжээр нь дүгнэн хэний ч нэр хүндийг гутаан доромжлох байдал хэрээс хэтэрч байна. Үүнийгээ чөлөөт нийгэм, хувь хүний үзэл бодлын илэрхийлэл хэмээн ойлгох аж.
Германд фэйсбүүк хуудастаа хүн доромжилбол 24 цагийн дотор устгах анхааруулга өгдөг
Тиймээс бидэнд цаг үеийн шаардлагаар сошиал медиад тавигдах хяналтыг чангатгах, гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэх хууль эрхзүйн орчин шаардагдаж байгаа юм. Цаг үеийн шаардлагаар гэдэг үгийг энд дахин дурьдмаар байна. Германы нэгэн конгрессын гишүүн нийгмийн сүлжээнд хэн нэгнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хэн нэгнийг гутаан доромжилсон утга агуулга бүхий пост нийтэлсэн цахим хэрэглэгчийг торгох санал гаргасан удаатай. Одоогоор Германд фэйсбүүк хуудастаа хүн доромжилбол 24 цагийн дотор устгах анхааруулга өгдөг аж. Гэвч уг шаардлагыг хүлээн авахгүй хүмүүс олон байдаг учраас конгрессын гишүүн дээрх саналыг гаргасан гэнэ билээ. Харин Тайландад бол нийгмийн сүлжээнд Хааны удмынхныхаа нэр хүндэд халдаж, доромжилбол шууд л баривчлан шийтгэл ногдуулдаг байгаа юм. Малайзад ч гэсэн ялгаагүй гадаад хүн гэлтгүй хэм хэмжээ зөрчигчдийг баривчилдаг. АНУ-д ч гэсэн тэргүүн хатагтайгаа доромжилсон эмэгтэй ажлаасаа халагдсан тохиолдол бий.
Гэтэл манайд ямар ч хяналт алга. Ер нь компьютерын дэлгэц, гар утасны цаанаас хүний нэр төрд шууд халдаж, доромжилж, эсвэл олон нийтэд буруу үлгэр дууриалал үзүүлэх зүйлийг постлон солиорогчдыг торговол яасан юм. Ингэхдээ пост тус бүрийнх нь тоогоор торгох хэрэгтэй. Өнгөрсөн жил автозамын аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хууль зөрчсөн жолооч нарын халаасыг тэмтчиж байгаа ч, авто замын зөрчлийг бодитойгоор бууруулж чадсан байдаг. Магадгүй сошиал сүлжээнд солиорогчдыг ч гэсэн пост тус бүрээр нь тооцон торгоод эхэлбэл, асуудал бага ч атугай шийдэгдэх биш үү.
Монголын мэдээ
Б.Даваа
URL: