Сайд нар муудалцсан, салбар хөөрхий…
Одоогоос гурван сарын өмнө БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийг томилов. Тэрээр барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй. Яг үнэндээ энэ яаманд Ж.Батсуурийг сайдаар очно гэж хэн ч зүүдлээгүй байх. Гэхдээ түүний намтарт боловсролын салбартай холбогдож явсан он жилүүд байдаг юм билээ.
Харин 2016 оны наймдугаар сарын 3-нд дэд сайдаар нь өмнө нь БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр томилогдоод очив. Уг нь МАН сонгуульд ялбал Ё.Отгонбаяр Боловсролын сайд болох нээ гэсэн мессеж байсан.
Ингээд нэгэн цагт, хоёр ч Их хуралд тохой залган суусан “нэг анги”-ийн хоёр боловсролын салбарын нэг, хоёрдугаар хүн болоодхов оо.
Гэсэн чинь болдоггүй ээ. Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр хоёр лав нэг зүгт харж ажиллахгүй нь тодорхой болов. Ж.Батсуурийгаа өмнө нь энэ салбарт байснаараа Ё.Отгонбаяр нь дээрэлхээд байдаг юм уу, аль эсвэл өөрөөс нь илүү салбараа мэддэг хүн дэд сайдаар ирсэнд Ж.Батсуурь ундууцаад байдаг юм уу, бүү мэд. Юутай ч хоёр сайд бие бие рүүгээ хялалзаад удаж буй ажээ. Өнөөдөр Ё.Отгонбаяр нь хөдөөний бүх томилолтод “шидүүлсэн” шиг явааг харахад зах зухаас нь ойлгогдох биз. Үүний цаана тэдний зөрчлийг илтгэх олон үйл явц энэ яаманд өрнөж байна.
Чухамдаа Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр хоёр муудалцана уу, сайдна уу, хэнд ч хамаа алга. Хамгийн гол нь өдөр хоногийг ингэж өнгөрөөж суугаа сайд нар өнөөдөр юу амжуулав. Засгийн газар нь 100 хоногтойгоо золголоо. Үүнийгээ тохиолдуулсан бэлгийг БСШУСЯ лав барьж чадахгүй. Харин ч оюутны тэтгэлгээс эхлээд хасч танасан юмнууд нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн байдаг.
Харин хийсэн нь гэвэл өмнө нь хэвшээд байсан бага, дунд ангийн хүүхдүүдийн амралтыг хамтад нь болгож, бас л хоногийг нь хассан өөрчлөлтийг хийжээ. Одоо дунд сургуулийн хүүхдүүд арваннэгдүгээр сарын 3-наас амрахаар болов. Бас энэ аравдугаар сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ гэж Орон нутгийн сонгуулийн өмнө зогсоо зайгүй PR-дсан. Өөрсдийнх нь ярьж буйгаар 70 мянган хүүхдэд өгөөд ч өмнө нь хэрэгжиж байсан 72 мянган төгрөгийн тэтгэлгийн хаана нь ч хүрэхгүй гэдгийг эцэг, эхчүүд хэлээд байгаа. Бас дээрээс нь УИХ-аар багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг танаж байхад сайд нь очоод ганц үг дуугарсангүй.
Үүнээс гадна спортын, соёлын салбар байна. Риогийн олимпийн дараа хоёр дасгалжуулагчийн тухай дэлхий ярив. Манай сайд л таг чиг. Шинээр батлагдсан бүтцээр БСШУС-ын яаманд соёл хариуцсан газар байх ёстой аж. Өнөөдрийг хүртэл даргыг нь ч томилоогүй байна.
Мөн шинжлэх ухааны салбар бий. Бүгдэд нь төрийн бодлого хэрэгтэй.
Гэтэл сайд нарынх нь байж байгаа царай энэ. Сайд нар дөнгөж томилогдсон. Дахиад гурван жил есөн сар ажиллана. Тэднээс юу хүлээх вэ. Дээрх салбаруудын уналт, дампуурлыг уу?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.БАЯР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэнэг сайд нараа ТМС болчихоод байгаа их дээд сургуулиудынхаа учрыг хурдан олоочээ.