БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХНИЙГ ОРОЛЦУУЛНА

27Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэн ажиллахаар тусгасан байна.  Нийслэл хотод хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн арга хэмжээнд Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг хамруулж,  нийслэл, дүүргийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг оролцуулах болон хуулийн хүрээнд гүйцэтгүүлэх талаар дэмжлэг үзүүлэх юм.

Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллана. Мөн Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах зэрэг заалтууд санамж бичигт тусгагджээ. Нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалахад мөн талууд хамтарна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд цэргийн алба хаагчдыг ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцуулахаас гадна хуурайшилт ихтэй улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийг татан оролцуулна. Талууд санамж бичгийн хүрээнд тухайн жилд хийх ажлаа төлөвлөн, хэрэгжилтэд нь харилцан хяналт тавьж, оны эцэст дүгнэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих