Норвеги улс Оросын хил дээр Америкийн 330 цэргийг байрлуулахаар болжээ
Хөрш Орос улсын хилийн ойролцоо АНУ-ын 300 гаруй цэрэг байрлуулахаар болсноо Норвегийн засгийн газар өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.
Оросын хилээс 1,000 орчим километр зайтай Варнес цэргийн баазад Америкийн 330 тэнгисийн цэрэг байрлах юм байна.
НАТО-ийн холбоотон Норвеги улсад АНУ-ын цэргийн техник хэрэгсэл байрладаг ч цэрэг байгаагүй юм. Норвегийн батлан хамгаалахын сайд Ине Эриксен Сорейдын хэлснээр энэ бол “холбоотнуудын үйл ажиллагааны уялдаа холбоог” сайжруулах алхам гэжээ.
Мөн холбоотон улсын зэвсэгт хүчнээс Норвегийн арми суралцахад ач холбогдолтой гэж тайлбарласан байна.
Ирэх оны нэгдүгээр сард туршилтаар цэрэг байрлуулах бөгөөд 2017 онд үр дүнг нь үнэлж, цаашид хэрхэх талаар шийдэх юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Осло дахь ОХУ-ын элчин сайд АНУ-ын цэргийг Норвегид байрлуулах санаа яригдаж байгаад гайхаж байгаагаа илэрхийлж байв. Хариуд нь Норвегийн эрх баригчид Орос улсыг аюул занал гэж харахгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.
Гэвч Сорейд 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа Оросын цэрэг армийн үйл ажиллагаанаас болгоомжлох болсноо хэлж байжээ.
Норвегийн олон нийтийн зарим хэсэг нь тус улс сайн дураар АНУ-Оросын хүйтэн дайны фронт болж хувирч байгааг шүүмжилж байсан юм.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
URL: