Аймгийн Засаг дарга нар ийм хөрөнгөтэй
ГОВЬСҮМБЭР, ХЭНТИЙ, СҮХБААТАРЫН ЗАСАГ ДАРГА НАР МЯНГАТ МАЛЧИН БОЛОХОД ОЙРХОН БАЙНА
Малгүй Засаг дарга ховор юм. Хамгийн их малтай нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь байна. Тэрээр 341 ямаа, 301 хонь, 16 тэмээ, 128 адуу, 33 үхэр, нийт 819 малтай. Түүний араас малынхаа тоогоор 756 малтай Хэнтийн Засаг дарга Н.Ганбямба орж байна. Н.Ганбямба 48 адуу, 89 үхэр, 520 хонь, 99 ямаатай юм байна. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 28 адуу, 469 хонь, 125 адуутай, нийт 622 малтайгаар гуравт бичигдэж байна. Дөрөвт Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 45 адуу, 117 ямаа, 321 хонь, 18 үхэр, нийт 501 малтайгаар оржээ. Харин Увсын Засаг дарга Д.Батсайхан хамгийн цөөн буюу 180 тооны адуутай ажээ.
АЙМГИЙН ДАРГА НАР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ “ЦУГЛУУЛДАГ”
2016 оны сонгуулийн дараа аймаг удирдахаар сонгогдсон Засаг дарга нарт нэг нийтлэг сонирхол байна. Тэдний олонх нь үл хөдлөх хөрөнгө сонирхдог ажээ. Бэл бэнчингийнх нь дийлэнх үл хөдлөх хөрөнгөдөө “нуугдаж” байна гэсэн ч болно. Хамгийн үнэтэй нь Сүхбаатарын Засаг дарга З.Энхтөрийнх аж. Тэрээр нэг байр, хоёр объекттой. Үнэ нь 1 368 000 000 төгрөг болно. Дараа нь Хэнтийн Засаг дарга Н.Ганбямба 981 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн байр, дөрвөн барилгатай гаараа бичигдэж байна. Гуравт Завханы Засаг дарга Д.Батсайхан орно. Тэрээр нэг байр, бусад барилга гуравтай. Эдгээр нь нийлээд 703 сая төгрөгийн үнэтэй юм байна. Араас нь Хөвсгөлийн Засаг дарга Л.Ганболд орно. Гурван байр, үйлдвэр үйлчилгээний дөрвөн барилгатай. Тэдгээр нь 588 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөн Говьсүмбэрийн Засаг дарга Г.Батсуурь долоон ширхэг үл хөдлөх хөрөнгөтэй. Энэ нь 562 750 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Өмнөговийн Засаг дарга Н.Наранбаатар байр, объекттой. Дархан- Уул аймгийн Засаг дарга С.Насанбат зургаан ширхэг байр, объекттой. Тэр 465 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм хоёр байр, нэг объекттой. Үнэ нь 353 840 000 төгрөг болно. Баянхонгорын Засаг дарга 295 саяар үнэлэгддэг хоёр байр, нэг үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий барилгатай. Ховдын Засаг дарга Д.Галсандондог хоёр байр, нэг барилгатай. Нийт үнэлгээ нь 260 сая төгрөг болно. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд 263 сая төгрөгийн үнэтэй хоёр байртай. Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэн 205 саяын үнэтэй зургаан объекттой. Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан хоёр байр, 10 объекттой, нийт үнэлгээ нь 173 700 төгрөг болдог. Дорноговийн Засаг дарга Т.Энхтүвшин хоёр байртай. Тэр нь 140 сая төгрөг болно. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын байр 120 саяын үнэтэй. Мөн Сэлэнгийн Засаг дарга Ш.Оргил 110 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууцтай. Увсын Засаг дарга Д.Батсайхан ч бас 100 саяын үнэтэй байранд амьдардаг.
ДОРНОГОВЬ, ДАРХАН-УУЛЫН ЗАСАГ ДАРГА НАР ХАГАС ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ
Мэдээж хэрэг, аймгийн Засаг дарга нар их бага, хэмжээгээр банкинд хадгаламжтай байна. Хамгийн их буюу 421 067 200 төгрөгийн хадгаламжтайгаар Дорноговийн Засаг дарга Т.Энхтүвшин жагсаалтыг тэргүүлж байна. Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 419 490 620 төгрөгийн хадгаламжтайгаар удаалж буй. Энэ хоёр даргын тухайд тус бүртээ хагас тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай байгаа юм. Тэдний араас Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 225 сая, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 150 050 000, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хадгаламждаа 41 115 250 төгрөгтэй ажээ.
АЙМГИЙН ДАРГА НАРЫН ОЛОНХ НЬ ХУВИЙН КОМПАНИТАЙ
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Бэл капитал” ХХК-ийн 50, “Сайхан улаан оргил” ХХК-ийн 49, “Бурхант тал” ХХК-ийн 50 хувийг, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр “Амэ трэйд” ХХК-ийн 16.67, “Аргил сувд” ХХК-ийн 33.3, “Аядекс” ХХК-ийн 25 хувийг, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Жонон даатгал” хоршооны 51, “Жонон холдинг” ХХК-ийн 100 , Санхүү бизнесийн “Жонон” дээд сургуулийн 100 хувийг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Тулпар” ХК-ийн 75, “Жарменке” ХХК-ийн 100, “Нур” ХХК 100 хувийг эзэмшдэг ажээ.
Мөн Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Увс гурил” ХК 60, “Алтан дуулга” ХК-ийн 35 хувь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Боргил” ХХК 45, “ОССО” ХХК-ийн 45 хувь, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Лидер кашимер” ХХК-ийн 100, “Лидер комплекс коннект” ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг юм байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Их богд” ХХК-ийн 72, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Ар булган тээл” ХХК 50, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Шарын гол” ХК-ийн 20 000 ширхэг хувьцаатай юм байна.
ХАМГИЙН “ЯДУУ” ДАРГА НАР
Хөрөнгө орлогоо хамгийн бага, товчоор мэдүүлсэн хоёр аймгийн Засаг дарга байна. Булганы З.Батзоригийн өөрийнх нь жилийн орлого 12 715 190, гэр бүлийнх нь 10 909 720 төгрөг, өөрийн орон сууцгүй, нэг машинтай Subaru impreza нь 8.5 сая төгрөг, 1103 мкв өмчлөлийн газартай гэжээ. Харин Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өөрийнх нь жилийн орлого 29 сая, гэр бүлийнх нь 12.5 сая төгрөг байдаг. Мөн 2.0 сая төгрөгөөр үнэлэгддэг 700 мкв газартай гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: