Чөлөөт бөхийн холбоог хэн удирдах вэ?
Энэ асуултад ирэх сарын сүүлчийн хагаст хуралдах Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал хариулт өгөх бололтой. Уг хурлаар холбооныхоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг дүгнэн хэлэлцээд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлах ажээ.
Мөн хамгийн гол нэг асуудал нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх, түүнд хамт олон итгэл үзүүлэх үү, үгүй юү гэдгийг шийдэх юм билээ.
Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадоржийн чөлөөт бөхийн холбоог толгойлох болсон цаг үеийн өрнөл ч нэлээд маргаантай л даа. Дүрмийн дагуу хурлаа хийж сонгогдоогүй ерөнхийлөгч ч гэдэг. Зүгээр л хэдхэн хүний хооронд ярьж байгаад хуучин ерөнхийлөгч Л.Чинбат нь холбооны тамгыг түүнд май гээд өгчихсөн.
Тийм болохоор хууль бус ерөнхийлөгч гэж холбооныхон нь хүртэл шүүмжилдэг. Энэ тухай дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр нар удаа дараа ярьж асуудал болгож байсныг санаж байна. Д.Дагвадоржийг ерөнхийлөгчөөр сонгосон нь үнэхээрийн хууль бус гэдэг нь үнэн гэж батлагддаг.
Тухайн үеийн хурлын тогтоол, албан баримт бичиг нь зохиомол байсан гэх юм билээ. Энэ бол хөдөлшгүйгээр дэлгэгдсэн асуудал юм. Үүнийг ор тас мартаад ерөнхийлөгч маань өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажиллав гээд үзвэл хэлэх, ярих юмаар багахан.
Хэдэн дасгалжуулагч, тамирчид нь зоргоороо дуртай тулдаа бэлтгэлээ хийгээд, тэмцээндээ ороод л явсан шиг байгаа юм. Дур зоргын зохион байгуулалт муутай байна гэдэг дандаа уршиг дагуулдаг. Ийм жишээ ч олон. Гадаадад тэмцээнд явахдаа элдэв янзын хүмүүс тамирчныхаа нэр дээр авч явдаг.
Түүнээсээ болоод тамирчдын зарим энд тэнд саатуулагдаж тэмцээндээ орж чадахгүй болох, виз зөвшөөрлийн будлианд өртөх зэрэг явдал нэг биш удаа гарсан шүү дээ.
Олон улсын тэмцээнд оролцоод ирэх үсдээ медаль авсан нэгнийхээ шагналыг дотроосоо хулгайлчихсан удаа ч бий. Тэр бүхэн шүүх цагдаад шалгагдаж байгаа гэдэг ч сүүлдээ чимээ алдардаг нь бас нэг учиртай. Буруутан нь ив илхэн мэт хэргийг хуулийнхан хараанаасаа гадна үлдээдэг гэдэг өөрөө гэмт хэрэг баймаар.
Ер нь энэ мэт бугшсан муухай юм чөлөөт бөхийн холбоонд байсаар байгаа. Тэр бүхэн холбооны удирдлагатай шууд холбоо бий. Ийм байна шүү дээ гэсэн шүүмжлэл өрнөхтэй зэрэг хов жий болгоод өнгөрөөдөг нь ерөнхийлөгч Д.Дагвадоржийн хийж чаддаг ажил нь юм шиг байгаа юм.
Түүний дасгалжуулагч, тамирчдадаа таагүй ханддаг тухайд ч олон удаа яригдсан. Холбооны санхүүгийн тайлан тооцоо ч будлиантай гэхэд багадам юм дуулддаг. Тэгэхээр Монголын чөлөөт бөхийн холбоо жинхэнэ холбоо шиг ажиллая гэвэл Д.Дагвадоржид итгэл үзүүлнэ гэж үгүй л болов уу.
Тэгэх ч болов уу гэдгийг өөрөө ч эрт ухаарсан шиг байгаа юм. Риогийн олимпийн дараа тэр өөрийн цахим хуудастаа “Миний явах цаг болсон мэт. Үлдэж буй залуустаа амжилт хүсье.
Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад хариуцлага алдсан байна. Баяртай Монголын мянга мянган хийморлог залуучууд минь” гэсэн үг хэлсэн бий.
Ер нь чөлөөтийнхөн олимпод тааруухан оролцсон явдал холбоо муу ажилласных гэдэг нь ононо. Олимпийн өмнө холбоо хурлаа хийж тамирчдаа сонгох, нэрийг зарлах байсан. Тэгээгүй. Харин ерөнхийлөгч Д.Дагвадорж тэр үед АН-ын дарга З.Энхболдыг дагаад сонгууль ярьж аймаг, сум дамжиж тэнээд л явсан шүү дээ.
Ингэж улстөржиж явахынхаа оронд олимпод явах багийнхандаа ганц удаа аятай, урам зоригийг нь сэргээсэн үг хэлэх ёстой л байсан байх. Тэгээгүйгээс дасгалжуулагч, тамирчид нь ч бие биеэ ойлгохгүй байсан жишээ олимпийн явцад харагдсан л даа. Г.Мандахнарангийн барилдааныг буруу шүүсэн гэж заргалдаад байгаа гэх ч дасгалжуулагчид нь өөрсдөө буруутай үйлдлийнхээ төлөө эрхээ хасуулж хариуцлага хүлээсэн.
Тийм болохоор уг зарга нь “өнгөрсөн борооны хойноос” гэгч болох янзтай байгаа юм. Уг ньМонголд чөлөөт бөхийн хөгжил тун муугүй. Эрэгтэй, эмэгтэй аль ч баг нь дэлхийд нэртэй болчихсон. Дэлхийн аваргa, олимпийн медальтантай ч. Зөв удирдаад нэгэн санаа бодолтой байлгаж чадвал амжилт ойрхон бий юм шүүдээ.
Дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшиж буй ганц хоёр хүний нэр дуулдаж байна. “МАК” компанийн ТУЗ-ийн дарга “алтны магнат” Б.Нямтайшир, “Алтай констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа гээд л. Холбоод мөнгө хөрөнгөтэй хүнээ түшдэг болсон цагт тэдний хэн нь ч ерөнхийлөгч байж болно л доо.
Гэхдээ тамирчдынхаа жаргал, зовлонг ойлгодог хүн илүү ажиллах нь мэдээж байдаг. Ямартай ч чөлөөт бөхийн холбоо ерөнхийлөгч хийгээд зөв зүйтэй удирдлагаар дутсаар байгаа нь туйлын үнэн. Энэ нь шинэ ерөнхийлөгчтэй болох нь зөв гэсэн үг билээ.
URL: