Төсвийг дөрвөн жилээр төсөөлье
Шат шатны сонгууль шударч, МАН дээр дооргүй засаглалаа. Хэдийгээр хэт нэг намын тогтолцоо давамгайлах ч ирэх дөрвөн жил Монгол Улс нэг удирдлагатай байх давуу гарч ирэв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хамгийн эерэг дүр, хамгийн том давуу тал энэ. Өнгөрсөн парламентын сонгуулийн дүнд бүрэлдсэн Засгийн газар хамгийн түрүүнд эдийн засгаа бодитоор дүгнэсэн. Улмаар ирэх дөрвөн жилийн зургаа зуруулж, өнөөдөр үйл ажиллагааны суурь төсвөө УИХ-аар хэлэлцүүлж байна. УИХ-аас энэ оны төсвийг 4.3 их наяд төгрөгийн алдагдал бүхий тодоттол хийснээс харахад, АН дөрвөн жилийн турш биднийг хуурсан мэт. Жилийн өмнө нэг их наяд хүрэхгүйгээр төсөвлөсөн төсвийн алдагдал өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн гэвэл АН үнэхээр хуурчээ. Нөгөө талдаа өмнөхөө үгүйсгэсэн МАН аврагчийн дүрд 100 хоног тоглов.
Дөрвөн салаагаар урссан төсвийг нэгтгэж, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт бэлттэсэн гэхээс өөр дорвитой алхам хийсэнгүй. Магадгүй, орон нутгийн сонгуулийн үр дүнг харзнан үнэмлэхүй олонхийн улс төрөөс зайлсхийсэн биз. Уг нь тэд өрсөлдөгч хүчнээ хэдийнэ ялчихсан. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд монголчууд МАН-ын мөрийн хөтөлбөрт итгэл хүлээлгэж, бүрэн эрх олгосон. Одоо ялагчийн хувиар хөгжлийн төлөвлөгөөндөө уялдсан төсөв гаргах шаардлага гарч ирэв.
МАН-Д 26.9 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улс төсвөө нэг жилээр төлөвлөдөг. Үүнийг дагалдуулан төсвийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг гурав гурван жилийн хугацаатай хэлэлцэн баталдаг ч цаасан дээрх хэдэн тоо төдий явж ирсэн. Харин сонгогчид дөрөв дөрвөн жилээр засгийн эрх олгодог мөртлөө төсвийн сахилга батгүй байдлын төлөөсийг халааснаасаа төлж ирэв. Тиймээс аливаа улс төрийн хүчин төсвийн бодлогоо бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа уялдуулан гаргах эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна. Засгийн газраас ирэх жил 2.6 их наяд, 2018 онд 2.1 их наяд, 2019 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээх төсвийн төсөл оруулсан байна. Харин 2020 онд хэдэн төгрөгийн алдагдал хүлээх нь тодорхой бус, түүнийг хэн ч тооцсонгүй. Үүний сацуу ирэх оны Төсвийн хүрээний мэдэгдэлд уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-ийн өсөлтийг гурван хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх зорилт тавьсан. 2020 онд Монгол Улсын эдийн засаг хэрхэх нь мөн л хаягдав. Дээрх тооцоог хийхдээ УИХ-д 65 суудал авсан мөрийн хөтөлбөрөө баримталжээ. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ямар нэг алдагдал тооцолгүйгээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд, 26.9 их наяд төгрөг шаардлагатай. Үүний 7.6 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс, 13.4 их наядыг гадаадын хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх нөхцөлтэй концесс, 5.9 их наядыг хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ” гэж танилцуулан батлуулсан. Тэгвэл ирэх гурван жилд 6.4 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр төлөвлөчихсөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ гэдэг эргэлзээтэй. Хэрэв эрх баригчид “алаагүй баавгайн арьсыг хуваах” зарчмаар амлалтаа хэрэгжүүлэх гэж улайрвал дөрвөн жилийн дараа Монгол Улс илүү өндөр үнэ төлнө.
ХЭМЖЭЭДШГҮЙ ЭРХТ УЛСЫН ИХ ХУРАЛ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд ирэх онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь мөрөөдлийн жагсаалт төдийхөн л байгаа. Дээр нь 2018, 2019 онд ямар замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь ойлгомжгүй юм. Өнөөдөр ахмадын тэтгэврийг зээлж тавьж байгаа Засгийн газар ирэх онд шинэ татвар бий болгохгүй бөгөөд цаасан дээр ч бүрэн зурагдаагүй дөрвөн төслийг гацаанаас гаргах аж. “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС III”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм байна. Мөн “Оюутолгой”-н төслийн өгөөжийг өсгөж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах аж. Уг нь Засгийн газраас эдгээр арга хэмжээний хамт эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөг халэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар Засгийн газрын 2016-2020 оны үйп ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан шат дараатай арга хэмжээнүүд хэрэгжих юм. Улмаар ирэх жилийн төсөв эрх баригчдын дөрвөн жилийн үйл ажиллагааны санхүүгийн суурь бичиг баримт болох учиртай. Энэ утгаараа ирэх оны төсөв Монгол Улсыг хямралаас гарах эсэхэд хариулт өгнө гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ хугацаанд хийсэн сайшаалтай нэг зүйл нь өнөөдрийн улс орны эдийн засгийн байдал ямар байгаа вэ гэдгийг нээлттэй болгосон явдал. Тухайлбал, улсын төсвөөсөө давсан их мөнгийг Монголбанк хэвлэсэн байгаа нь ил болсон. Гэхдээ дэндүү удаан ажиллаж байна. Хямралаас гарах төлөвлөгөөг батлуулах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн бариагүй байна. Хоорондоо хэлэлцэж байгаа гэсэн тайлбар өгч байгаа ч байгуулагдаад 100 хоночихлоо. Тиймээс илүү хурдтай, хүчтэй, зангарагтай Засгийн газрыг энэ цаг үе шаардаж байна” гэсэн.
Нөгөө талаар жилийн дараа цаасан дээрхээсээ гажиж, эдийн засагтаа хүндэдсэн алдагдал хүлээвэл тэр Засгийн газарт алдаа бус УИХ-ын буруу. Төсвийг Засгийн газар боловсруулдаг ч мэдүүлсэн төслийг хэмжээ хязгааргүй өөрчлөх эрх УИХ-д бий. Шаардлага хангахгүй гэвэл төсөл санаачлагчид буцааж ч болно. Хууль батлах эрх гагцхүү УИХ-д байдаг учраас төсвийн эрх мэдэл бүхэлдээ парламентад байгаа гэсэн үг. Тиймээс дөрвөн жилийн цаадахыг харан батлах эсэх нь УИХ, тэр дундаа 65-ын бүлгийн хариуцлагын асуудал болж байна. Эсвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар гүйцэтгэх засаглалд эрхээ шилжүүлэх боломж ч бий.
Б.МЯНГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: