Орон нутгийн сонгуульд ялагдаж авсан “Завсарлага” чинь дуусчихлаа, одоо намаа “зас”…
Сонгууль дууслаа. Нийслэлд болон орон нутагт МАН дахин илүүрхэж чадав. Одоо төрийн ажил хөл, толгойтойгоо олоход харьцангуй гайгүй болоо биз. Одоо харин он дуустал АН-ын “зодоон”-ыг харах болов уу яах бол…
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор өнгөрсөн сарын сүүлээр даргаа сонгох ҮЗХ-ны хуралдаанаа хойшлуулж, өдий төдий хоног хугацааг алдсан. Эртхэн намын даргаа сонгож нэгдсэн нэг удирдлага дор орон нутгийн сонгуульд хүч үзэхийн оронд намын дотоод “тэмцэл” гадагш ил тодоор илчлэхгүйн тулд хэсэг хугацаа хожихоос өөрөөр АН-ын гавьсангүй. Харин ч эсрэгээрээ АН-ынхан товлосон цагтаа төлөвлөсөн хурлаа хийгээд дарга, цэргээ сонгочихсон бол иргэд өнөөдөр тэдэнд үүнээс ч илүү итгэл хүлээлгэх байсан ч юм билүү бүү мэд. Ямартаа ч өнөөдрийг хүртэл орон нутгийн сонгууль гэх том “хар малгай”-ны дор битүүхэн дайтлаа. Одоо харин нөгөө нүүр тахлагч “малгай” байхгүй болсон. Фракц, бүлэглэлүүд нь үгсэн тохирч чадах уу, аль эвсэл дахиад л бие биенээ чадаж, эрх мэдэлтэй байсан шигээ хэн нэгэндээ сануулга өгөх зорилгоор өрсөлдөгчийнхөө хүмүүсээс барьж хорилтой нь биш.
Улс төрийн намын дарга гэдэг бол хамгийн хариуцлагатай хийгээд иргэд сонгогчидтойгоо шууд тулж байдаг танил дүр юм. Уг дүрд хамгийн сайн тохирох буурь суурьтай, мэдлэг боловсролтой, итгэлтэй хүнийг даргаараа тавьсан нам урагшаа нэг алхам илүү явдаг нь үнэн. Гэтэл түр даргаар удирдуулж улс төрийн томоохон сонгуулиудын нэгд орох гэж байгаа нь ихээхэн эрсдэл үүсгэнэ гэдгийг та ч, би ч, АН-ынхан ч мэдэж байгаа. Гагцхүү фракцууд нь тохироондоо хүрч чадахгүй, хэнийг намын даргад сонгох эсэх дээрээ хэл амаа ололцохгүй хоорондоо тэмцэлдэж байгаа тул яалтчгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан ҮЗХ дээр асуудлаа шийдвэрлэж чадахгүй учир их хурлаараа намын даргаа сонгохоор төлөвлөж байгаа аж. Ер ҮЗХ ч байсан, намын их хурал ч байсан аль нэгийг нь хийгээд хөл толгой нь мэдэгдэхгүй болчихоод буй намаа эмхлэн байгуулах хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол ирэх сонгуулиар хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж зүүдлэх ч шаардлагагүй биз.
Өөрөөр хэлбэл найман жил хуралдуулж чадаагүй намын их хурлаа эсвэл найман сараас хойш хуралдах гээд чадахгүй байсан ҮЗХ-гоо хуралдуулаад маргаан тэмцлийн гол сэдэв болоод буй намын даргын асуудлаа нэг тийш нь болгох цаг ирлээ. Та бүхний хэлсэнчлэн хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой байсан орон нутгийн сонгууль чинь ялагдлалаар өндөрлөлөө шүү дээ. Энэ бүхний эцэст өөрсдийн эрх ямбаа түр хойш нь тавьж намын дотоод уур амьсгалаа бодох шаардлагатай. Энэ өдрүүдэдэ ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсвийн нийт орлого хамгийн өндөр хэмжээндээ цуглаад ч бид ирэх жил төлөх өрөө төлж чадахгүй. Өөрөөр хэлбэл мөнгө хүрэхгүй. Энэ өдрүүдэд буруу шийдвэр гаргавал ирэх жилээс монголчууд талхаа нэг биш хоёр хувааж авах хэмжээнд ч хүрэх дээрээ тулгараад байна. Одоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ зогсоо. Та бүхний хүлээж байсан орон нутгийн сонгууль дуусчихлаа шүү дээ.
Г.Сүрэн /ZALUU.COM/
URL: