Анти улстөрч

13267697_1107305122659928_1246380151703331959_n1994 он. Зах зээлийн нийгэмд хөл тавиад удаагүй монголчууд хөл толгойгоо мэдэхгүй бужигнаж байсан цаг. Мань эрийг уугуул нутаг уснаас нь төрийн шагналд тодорхойлжээ. Гэтэл шал анти юм яриад олныг алмайруулсан юм. Төрийн шагнал авахгүй ээ гээд тэрээр нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, сумынхаа зон олонд ил захидал бичиж орхисон. Тэнэг гэхэд дэндүү тэнэг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд гудамж, траншейнд амьдарч байгаа цагт энэ төрөөс ямар ч шагнал авахгүй гэж гүрийсэн хэрэг. Энэ бол Монголд анхны тохиолдол байлаа. Төрийн шагналд нэрээ дэвшүүлэн, араас нь хэл сураг тавьж, нутгийн зөвлөл, танил тал, нэг намын нөхөд энэ тэрээрээ хэлүүлж, дэмжүүлж, хөөцөлддөг бичигдээгүй хуулийг манай баатар ингэж юу ч үгүй болтол нь үгүйсгэсэн юм. Энэ бол иргэний том эсэргүүцэл байлаа.

Эсэргүүцэх эсэргүүцэхдээ тэрээр бүр зах зээлийн гэх эд мөнгөний төлөөх өлөн ховдог, улангассан эдийн засгийн харилцаа, хүнлэг энэрэнгүй, ардчилсан гэх атлаа тэр бүхнийхээ эсрэг яваад байгаа улс төрийн тогтолцоог ул сууриар нь, уг мөн чанараар нь эсэргүүцэн тэмцэл зарласан юм. Бүр эвлэрэшгүй тэмцэл. Тэгэхдээ тэрээр нам, хөдөлгөөн байгуулж гудамж, талбайд жагссангүй. Өлсгөлөн суулт зарласангүй. Тэгсэн хэрнээ маш хүчтэй, бүр асар хүчтэй оюун сэтгэлгээний эсэргүүцэл, үл эвлэрэл, эс үйлдэх тэмцэлд бүхнээ зориулж, одоо ч гэсэн зүрх сэтгэлээ шатаасаар яваа.

Үүгээрээ тэр бол Монголын хамгийн том улстөрч. Бас үзэл бодлоосоо ухраагүй цорын ганц улстөрч ч байж мэднэ. Мэднэ гэдгийн учир нь түүн шиг өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай улстөрчид өөрийгөө хэзээ ч зарлан тунхаглаж, олны танил болох гэж омтгойрон зүтгээд байдаггүй тул тэднийг өнөөгийн нийтлэг олонхийн үнэлэмж, шалгуураар хайн бэдрэхэд нэн бэрх. Ямар ч байсан тэрээр яах аргагүй Монголын нийгэм, улс төрийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож, хүчтэй нөлөө үзүүлж буй “эс үйлдэгч” улстөрч мөн. Тэр хүн Сүхбаатарын талбайгаар зүүн хойноос баруун урагш, баруун урдаас зүүн хойш гэсэн ганц жимээр л алхахаас бусдаар Төрийн ордонд огт ойртож байгаагүй шахуу. Яам, тамгын газрууд хаана байдгийг бол бүр мэдэхгүй. УИХ-ын 76 гишүүнийг ч танихгүй. Тиймээс бүгдийг нь “Миний дүү” л гэж нэрлэдэг. Тэр нь ч амар. Мань хүний философи угаасаа тийм юм. Бусдыг үл алагчлах. Тиймээс хүн л бол хүн. Дүү л бол дүү. Бүх хүн дүү нь. Тийм л халуун дулаан, зөөлөн эевэрүү сэтгэлээр бүхэнд хандана. Харин аль нэг дүү нь ядуу дорой амьдарч байгаад, хэн нэг дүү нь хог ухан голоо зогоож, бас өөр нэг дүү хүүгийнх нь хүүхэд гудамж, траншейд хоног төөрүүлж байгаад тэрээр улаан голоо гогодуулсан мэт, цээжээ халуун төмрөөр хайруулсан лугаа адил халуунаар энэлэн, сэтгэл зүрхэндээ эмзэглэн шархирч түүнээсээ болоод зах зээлийн гэгдэх энэ харгис хатуу, хахь хүйтэн нийгэмтэй иргэний үл эвлэрэл зарласан юм. Иргэний үл эвлэрэл зарлаад зогсохгүй “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөнийг байгуулан 20 гаруй жил энэ бүхэндээ үнэнчээр тууштай тэмцэж буй. Бүхэл бүтэн 22 жил байтугай хоёр жилийн өмнөх байр сууриасаа 180 градус эргэдэг улстөрч өнөөдөр борооны дараахь мөөг шиг олон болжээ. Үзэл бодол, итгэл үнэмшил, нам, тойрог, найз нөхөд алив бүхнээ тун амархан сольчихдог, хувийнхаа явцуу эрх ашигт хөтлөгдсөн тийм улстөрчид олшрох тусам манай баатрын дүр улам тодорсоор байгаа юм.

1997 он. Улс төр ч, эдийн засаг ч бужигнаантай хэвээрээ л байлаа. Анти улстөрч маань ч асар бухимдалтай, гутранги шатанги хэвээр тэмцлээ үргэлжлүүлсээр. Иргэний үл эвлэрлийн тунхагаа зарласныхаа дараахан тэрээр ард түмэндээ хандсан захидал сэтгэмжүүдээ бичив. Хөхөө өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлан улс төрийн тэмцэл өрнүүлсэн “Цогт” нэгдлийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ухамсар, ёс суртахууны хүлцэшгүй доройтлыг үл тэвчин тэмцэхээ дахин учирлав. Тэрээр “Үнэнийг бүү ялгаварлагтун” гэсэн чиг шулуун үгээ тэр үед хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан хатуу үгтэй ил захидал бичин, ард түмнийг агшин хугацаанд ч золиосолж үл болно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр тухайн үед УИХ-ын гишүүдийн албан тасалгааны тоног төхөөрөмж, Их тэнгэрийн харшийн зоог гүнцэгт зориулж хямрал хүндрэлтэй эдийн засгаа үл тоон улсынхаа багахан төсвөөс асар их хөрөнгө мөнгө төсөвлөөд байсныг ийнхүү шүүмжлэн буруушаасан хэрэг.

Тухайн үед улс төрийн намуудыг мань хүн хурцаар шүүмжилж эрүүгийн бүлэг хэмээн нэрлэсэн юм. Үүнийгээ тэрээр “Өнөөгийн улс төрийн нам, хүчнүүдийн үйл ажиллагаа бол нидэртээ ухна, хуц хоёрын л “моносекс” чанартай үйл ажиллагаа байна шүү дээ. Тэд хоорондоо хэчнээн өөр, хэчнээн сөрөг үзэл бодолтой байлаа ч ард түмний минь халаасыг суйлах, өөрсдөө хөрөнгөжих ашиг сонирхол дээрээ тулахаар ганц ч сөргөлдсөн үг ганхийлгүй гар барилцдаг” хэмээн тодотгосон байдаг. Энэ үгийг өнөөгийн улстөрчид уншаад өөрсдийгөө толинд харах шиг л болох вий.

1998 он. Улс орны нөхцөл байдал уруудан доройтсонд сэтгэл зовнихдоо тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандид хандан ил захидал өргөн барив. Уг захидалдаа улс төр, нийгмийн тогтолцооны таван бурууг илчлэн оношилсон юм. Тэр нь нэгт, Монголын төр өөрийн ачаагаа хөнгөлж, үүрэг хариуцлагагүй болсон, хоёрт, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бусниулсан өмч хувьчлал явуулсан, гуравт, хөрөнгөлөг цөөнхөд зориулсан ганц “орц”-той ардчиллыг бий болгосон. Монголд хэрэгжиж буй ардчилал үнэн чанартаа жинхэнэ ардчиллын эсрэг шинж чанартай үйл ажиллагаа, хуурамч хээ хуартай баг хэмээн палхийтэл хэлсэн юм. Мъянмарын ардчилагч Ан Сан Су Чи Монголын ардчиллыг “Дүр эсгэсэн ардчилал” гэж тодорхойлохоос арван таван жилийн өмнө манай хүн ийнхүү голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Дөрөвт, нийгэмд хүлээх иргэний үүргээс ангид, ажлын хариуцлагын гадна оршигч эрх чөлөөг тэрээр буруутгасан байдаг. Тавд, зах зээлийн харилцаа бол Монголын түүхэн ахуй нөхцөлд, монголчуудын унаган зан заншилд үл тохирох буруу тогтолцоо хэмээн үзсэн юм. Ард түмэн хэрэглэх юмаа хийж чаддаг, хийж чаддаг юмаа хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энгийн бөгөөд үнэн бодитой үзэл баримтлалыг тэр бас гаргаж тавьсан. Түүнчлэн ард түмнээ “хоосолдог” нийгэмд утга зохиол үйлчлэх ёсгүй хэмээн тэр үзэг нэгт нөхдөдөө хандан уриалсан билээ.

1999 онд төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсан руу чиглэсэн гүтгэлэг, доромжлол, эсэн бусын дайралт хэрээс хэтрэхэд тэрээр их найрагчийг өмөөрөн хамгаалж үнэн, халуун үгээ хэлсэн юм. Ийнхүү О.Дашбалбарын баримталдаг газар хувьчлахын эсрэг хатуу, зөв байр суурийг дэмждэгээ энэ үед хурцаар илэрхийлсэн билээ. Энэ бол анти улстөрчийн маань бас нэг том суурь үзэл баримтлал нь. Тэрээр хүн төрөлхтний дайсан бол эд баялаг. Хүнийг зөв ухаалаг амьдрахад, жинхэнэ аз жаргалыг мэдрэхэд эд баялаг саад тотгор учруулдаг гэж үздэг. Энэ үзлийнхээ үүднээс газар өмчлөлийг эрс буруушааж, эсэргүүцсээр ирсэн билээ. Хүний амьдралын бодит хэрэгцээнээс илүү хэт их баялаг хуримтлуулсан хүмүүсээ гэмт хэрэгтэнд тооцдог болсон цагт нийгэм сая нүгэлгүй, хэрэг зөрчилгүй, цэвэр ариун болно гэж тэрээр итгэдэг, үүнийгээ ч байнга ярьж, бичдэг. Хүний нэг насны хэрэгцээ байтугайгаас хэд дахин давсан мөнгө хөрөнгөө оффшор дансанд нуудаг болсон өнөөгийн улстөрчид, бизнесмэнүүдэд энэ үг ялын тогтоол шиг л сонсогдох байх. Жинхэнэ сонгодог ардчиллыг өмчийн сэтгэхүйгүй нийгмийн харилцаа, эв хамт, нийгэм журамт ёсны бурханлаг, дээд хүмүүнлэг оюунлаг харилцаа гэж үздэг анти улстөрч маань тэр бүхэнд зөвхөн үнэн шударга хамтын хөдөлмөрөөр хүрнэ гэж итгэдэг. 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг тэр чигт нь үгүйсгэн буруушаах бөгөөд арчилсан чөлөөт сонгуулийг ч мөн үл хүлээн зөвшөөрнө.

Ингээд тоочоод байвал анти улстөрчийн маань анти үзэл баримтлал тун олон. Хамгийн гашуун нь түүний 20 гаруй жилийн өмнөөс ярьж, илэрхийлж ирсэн тэр бүхэн анти биш амьд, зөв үзэл байсан ажээ. Үүнийг ойлгоогүй бид дөнгөж өнөөдөр л үнэнтэй улаан нүүрээрээ тулна гэдэг ямар хэцүүг мэдэрч сууна. “Үнэн улстөрждөггүй” хэмээн тэрээр хэлсэн нь үнэн байж.. Улстөрч Урианхайн хувьд үнэнтэй хамт амьдарсаар ирсэн. Харин үнэний “үгэнд ордоггүй” ардчилагч хүүхдүүдэд тэр үгээ хэлэхээс залхсан уу, эсвэл бүр тэмцлийн хурц хэлбэртээ шилжсэн үү. Ямар ч байсан сүүлийн арваад жил нам гүмхэн, анир дүнсгэрхэн байх болов. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэдэг өнгөцхөн аксиом бий. Мөн чанарыг, үнэнийг оносон Урианхай гуай шиг анти улстөрч хүний хувьд дуугүй байх шиг хурц, ширүүн тэмцэл гэж үгүй. Тэрээр ард түмнийхээ хувь заяаны төлөө, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэр цээжин чинаддаа аргалын гал мэт уугих амин халуун бодол, шаналандаа шатаж, дагжиж яваа. Агуу их шаналан гуниг үг дуугүй байдаг гэдэг дээ.

“Ардын эрх” сонины сэтгүүлч Г.Сонинбаяр


URL:

Сэтгэгдэл бичих