Ангарагт буух оролдлого амжилтгүй боллоо
Лхагва гарагт ангараг гарагийн хөрсөнд газардах тооцоотой байсан “Скиапарелли” буугч аппараттай холбоо тасарсан талаар Европын сансрын агентлаг мэдээллээ.
“Скиапарелли” буугч аппарат нь Trace Gas Orbiter эх хөлгөөс салж, ангарагийн хөрсөнд газардахаас 50 секундын өмнө сүүлчийн удаа холбоо барьжээ. Уг буугч аппарат 21 мянган километр цагийн хурдтайгаар ангараг гарагийн атмосферын давхаргад нэвтэрч, шүхэр хэвийн задарсны дараах зургаан минутад газардах ажиллагаанд алдаа гарсан болов уу хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Шүхэр хугацаанаасаа үл ялиг эрт задарсны дээр атмосферын давхаргад хурд сааруулах үүрэгтэй пуужин трастерууд гурав, дөрөвхөн секунд ажилласан болохыг буугч төхөөрөмжөөс хамгийн сүүлд ирсэн мэдээлэл баталж байгаа юм. Энэ нь буугч төхөөрөмж ангараг гарагт зөөлөн газардахад хангалтгүй хугацаа хэмээн эрдэмтэд оношилж байна. “Скиапарелли” сүйрсэн байх аваас 2003 онд “Бигл 2” буугч аппаратаас хойш хэрэгжүүлж буй Европын сансрын агентлагийн төсөл анх удаа бүтэлгүйтсэн хэрэг болно.
Харин АНУ сүүлийн 40 жилийн хугацаанд Ангараг гарагт дөрвөн ч удаа буугч төхөөрөмж амжилттай газардуулсан. Европын сансрын агентлагийн нислэг удирдах төв Ангараг гарагийг тойрон эргэж буй сансрын хөлгөөр дамжуулан “Скиапарелли”-тай холбоо тогтооохоор оролдож байна. Уг буугч аппарат нь 2020 онд хэрэгжүүлэх ExoMars хөтөлбөрт шаардлагатай хурд саах, газардах технологийг боловсруулах үүднээс туршиж буй туршилтын загвар гэдгийг ХБНГУ-ын Дармштадт дахь нислэгийн удирдлагын төвд болсон хэвлэлийн хурал дээр эрдэмтэд анхааруулав.
Эрдэмтэд улаан нүдэн гараг дээр өөрөө явагч төхөөрөмж буулган, тус гарагийн микробын амьдралын эрт болон өнөө цагийн гэрч баримт илрүүлэх зорилгоор хоёр метр хүртэлх гүнээс хөрсний дээж авах өрөмдлөг хийхээр төлөвлөжээ. “Скиапарелли” нь Европын холбооны газардах технологи боловсруулахад тус болох зорилготойг Европын сансрын агентлагийн ерөнхий захирал Ян Вернер анхааруулав. Ангараг гарагт газардах үеийн өгөгдлийг нэг бүрчлэн бүртгэж цуглуулах нь ирээдүйд хэрэгжүүлэх төсөлд чухал ач холбогдолтой талаар тэрбээр тайлбарласан юм.
“Бидэнд илгээсэн өгөгдлийг ашиглан зөөлөн газардах ажиллагаа амжилтгүй болсон учрыг тодорхойлохоор ажиллаж байна. Бидэнд байгаа өгөгдлийг нарийвчлан шалгах тусгай баг байгуулна” хэмээн робот судалгааны асуудал хариуцсан захирал Дэвид Паркер өгүүлж байна.
“Скиапарелли” газардах ёстой ангараг гарагийн экваторын шугамын Meridiani Planum тэгш талд уг төхөөрөмжийн нүдэнд ажиглагдахуйц дүрс байгаа, эсэхийг тодруулахаар Европын Магs Ехргеss, АНУ-ын Магs Reconnaissance Orbiter хэмээх тойрог замын аппаратууд ажиглалт явуулж байгаа аж. Энэ талаар тус агентлагийн өөр нэг захирал Андреа Аккомаццо тайлбарлав. Урьд нь сүүлт одон дээр газардсан “Philae” буугч аппаратыг олон сар холбоо тасарсны эцэст энэ есдүгээр сарын 10-нд “Розетга” эх хөлөг нь амжилттай илрүүлж байсан удаатай.
Одоогоор сайн мэдээ гэвэл “Скиапарелли” эх хөлгөөс салснаас хойш Trace Gas Orbiter тооцоолсон тойрог замдаа амжилттай орж чадсан
явдал. Эх хөлөг эдүгээ ангараг гарагийн атмосферын дээжид задлан шинжилгээ хийхээр бэлтгэж байна. Тус гарагийн атмосферын хийн давхаргаас сорьц авах хамгийн сониролтой хий нь метан. Учир нь дэлхий гарагийн хувьд хамгийн энгийн органик молекулд тооцогддог метан нь биологийн үйл явцад ч үүсдэг. Урьд өмнөх төслийн үеэр ангараг гарагаас метан илрүүлж байсан ч уг хий биологийн, юм уу геологийн үйл явцын алинаас үүсэлтэйг нь тодорхойлж чадаагүй. Харин энэ удаад Тгасе Саз ОгЬitег хөлөг ангараг дахь метан амьд организмаас үүдэлтэй, эсэхийг тодорхойлж чадах нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна.
Клайв Куксон
URL: