Ш.Сайхансамбуу: 2020 оны монголын нөхцөл байдлыг 1990 он шиг болчих вий гэж айж байна
“Эксперт ярьж байна” ярилцлагын буландаа УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Харамсалтай нь энэ удаа маш олон газар ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар дахин санал хураалт явагдлаа. Энэ утгаараа иргэд сонгуульдаа маш идэвхгүй оролцлоо гэж ярьж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Иргэд идэвхгүй байгаатай энэ бол холбоогүй зүйл. Монголын ард түмэн МАН, АН гэдэг хоёр намд итгэхээ больсонтой холбоотой гэвэл илүү үнэнд нийцнэ. Ирцийн тухайд харин ч ханатай байна. Миний хувьд үүнээс ч бага ирцтэй сонгууль болох болов уу гэж бодож байсан.
Хоёрдугаарт МАН, АН-аас өөр сонгочих улстөрийн хүчин алга байна. Сонгуулийн үйл явцыг харж байхад энэ хоёр намын гишүүд л идэвхтэй ирц бүрдүүлж саналаа өгч байх шиг байна л даа. Түүнээс биш ямар ч намд харьяалалгүй энгийн иргэд сонгуульд оролцохгүй байна шүү дээ.
Монгол ардын нам 200 орчим мянган гишүүнтэй, Ардчилсан нам 170 орчим мянган гишүүнтэй гэж ярьдаг. Тэр гишүүд нар нь л саналаа өгч байх шиг байна. Түүнээс намын харьялалгүй иргэд энэ сонгуульд оролцсонгүй. Сонгууль явуулж байгаа хөрөнгө зардлыг нь бодоод санаачлагаараа ирж саналаа өгсөн 100 гаруй мянган хүн байх шиг байна.
-Шинэ Засгийн газар, төрийн зүгээс өмнө нь олгодог байсан халамжуудыг хумьж эхэллээ. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга гэх мэт. Үүнийг та хувьдаа зөв бодлого гэж харж байна уу.
-Энэ бол бодлого биш. Угаасаа АН, МАН-д аль алинд нь бодлого байдаггүй. Бодлогогүй намууд. Өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай, зөв бодлоготой байсан бол Монгол Улс энэ хоёр намын нүүрэн дээр ингэж доройтохгүй байсан. Монгол улс ийм байдалд орсонд энэ хоёр намаас өөр буруутгах улстөрийн хүчин байдаггүй юм.
Би 2008-2012 онд гишүүнээр ажиллаж байх хугацаандаа энэ талаар их ярьсан. МАН, АН гэдэг хоёр нам буруу бодлогоороо Монгол Улсыг хөлдөө чирч байна шүү, цаашид дампууруулж мэдэх нь гэж.
Сонгууль ч яахав болдгоороо болоод өнгөрлөө. Миний айж байгаа ганц зүйл бол энэ улс, энэ ард түмэн 2020 он хүртэл яаж амьдарна даа гэсэн бодол. Өмнө нь засаг барьсан Ардчилсан намынхан ажил хийсэн нэрийн дор баахан зээл аваад хуваагаад идчихсэн нь захаасаа илчлэгдэж байна. Иргэд сайн ялгаж өгөхгүй, Ардчилсан намынхан засаг барьж байх хугацаандаа зөндөө зүйл хийсэн гэж л ойлгож байх шиг байна. Яг үнэндээ чанаргүй баахан ажил хийчихээд үүнийхээ далбаан доор асар их мөнгийг хуваагаад идчихсэн байхгүй юу.
Миний хувьд Ардын намынхан яаж мөнгө босгож өр зээлээ дарах юм, ирэх дөрвөн жилийг яажшуухан өнгөрөөх юм гэдэг дээр бас санаа зовж байна.
Би бол одоогийн Ерөнхий сайдыг үнэхээр өрөвдөж байгаа. Танхимд нь сууж буй сайд нарыг ч бас ялгаагүй. Ганц нэг гайгүй хүмүүс байна. С.Бямбацогт, Ц.Дашдорж гэх мэт туршлагатай цөөн хэдэн хүмүүс байна. Бусад нь бол эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг л этгээдүүд байгаа байхгүй юу. МАН анх мэргэжлийн засгийн газар байгуулна гэж амлалт өгч гарч ирсэн. Гэтэл ямар ч мэргэжлийн байдал харагдахгүй байгаад харамсаж байна.
-УИХ-ын дарга М.Энхболд сая урд хөршид хийсэн айлчлалаараа хоёр хувийн хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авах асуудлыг хөндөж тавьлаа. Та энэ талаар дуулсан байх?
-М.Энхболд даргын өгч байгаа мэдээллээр бол тийм хүсэлт тавьлаа гэж ярьж байна лээ. Харин Си Жин Пинь дарга холбогдох улсууддаа үүнийг судал гэсэн үүрэг өгсөн гэж сонссон.
Зээл авна гэдэг бол тийм амар зүйл биш. Нэг намын дарга нь явж очоод нөгөө улсынхаа даргад хүсэлт тавьснаар зээл бүтнэ гэж байхгүй. Хэрвээ ийм байсан бол энэ дэлхий ертөнц чинь огт өөр байх байсан. Тийм зүйл байдаггүй юм.
Яг нарийндаа бол манайх эдийн засгийн доройтолд ороод дампуурлаа зарлах дээрээ тулаад явж байхад хятад, оросын аль нь ч өрөвдөхгүй. Тэр бүү хэл америкууд ч өрөвдөхгүй шүү. Бид өөрсдөө л энэ байдлаас гарна.
Би бол айлаас эрэхээр авдраа уудал гэж зөвлөмөөр байна. Гадагшаа мөнгө хайж давхихын оронд дотоодынхоо бизнес эрхлэгчидтэй уулзах хэрэгтэй. Засгийн газар саяхан зарим бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна билээ. Гэхдээ зүгээр өөд, өөдөөсөө харж сууж байгаад хоосон, агаарын зүйл ярилцаад л салсан. Үүнийг уулзалт гэж нэрлэхэд учир дутагдалтай.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын тухайд мөнгөгүй Засгийн газар. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд татварын баазыг их бага хэмжээгээр бүрдүүлдэг байсан 2000 гаруй жижиг, дунд аж ахуй нэгжүүдээ дампууруулчихсан. Тэр хэрээрээ татвар төлөлт багассан нь одоогийн Засгийн газарт хүндээр тусаж байх шиг байна л даа. Дээрээс нь тэр бондын өр, зээл.
-Дотоод нөөц бололцоогоо ашиглах ёстой гэж та сая хэллээ. Үнэхээр тийм боломж бий гэж үү?
-Маш их хөрөнгө байгаа. Гэхдээ би хаана, ямар хөрөнгө байгаа гэдэг арга замыг нь эд нарт зааж өгөлтэй нь биш. Өөрсдөө эрэн сурвалжлаад олж мэдэцгээнэ биз. Дахиад хэлэхэд авдрынхаа ёроолыг уудлаад үзэх хэрэгтэй л гэж хэлмээр байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуул буй бизнес эрхлэгчдийн гар дээр лавтай гурван тэрбум орчим ам.доллар бий. Харин тэрийг гаргаад ирэх чадвартай Засгийн газар, зангарагтай Ерөнхий сайд даанч алга байна. Боломж бол зөндөө бий. Дотоодын бизнес эрхлэгч нар маань 1990-өөд оны тэр байдлаасаа өнөөдөр огт өөр түвшинд очсон. Дотоодынхоо хүмүүсийг тоохгүй, авч хэлэлцэх ч үгүй тийм дүр зураг л харагдаж байна.
Гаднаас хэрвээ их хэмжээний зээл тусламж оруулж ирвэл өөрсдөө дундаас нь зувчуулахад л амар болно. Дотоодынхон бол өгсөн мөнгөнийхөө араас хяналт тавьна. Тэрийг бас мэдээд байх шиг байгаа юм.
2020 оны монголын нөхцөл байдлыг 1990 он шиг болчих вий гэж айж байна. 1990 онд бид баларсан байхгүй юу.
Дөрөв, таван тэрбум доллар хятадаа ч байна уу, хаанаас ч юм зээлээд ч өмнө нь тавьсан өрөө төлж дийлэхгүй. Одоогийн энэ их захгүй өр зээлэнд орсон нөхцөл байдлаас гарахын тулд Засгийн газар, 76 гишүүнд найдаад хэрэггүй. Би энэ талаар их олон удаа ярьж байна. Бидэнд хатуухан гараар зангидаад, бодлого тодорхойлоод явчих өөрийн толгойтой, хүчтэй Ерөнхийлөгч үгүйлэгдэж байна. Хүчтэй Ерөнхийлөгчтэй болсон цагт энэ бүх зүйл цэгцэндээ орж, улс орон хөгжинө.
-Төрд ажиллаж байгаа хүмүүсээс сэтгэл дутаад байна гэдэг зүйлийг иргэд ярих болж. Үнэхээр тэгж сэтгэл дутагдаад байгаа зүйл танд ажиглагдаг уу?
-Энэ бол үнэн шүү дээ. Сэтгэл бүү хэл сэтгэн бодох чадвар ч алга байна. Сая миний хэлсэн шиг дотоодынхоо нөөц бололцоог хүртэл яаж ашиглахаа мэдэхгүй байгаа нь үүний тод илрэл мөн.
Чи түрүүнд асуулаа хятадаас хүссэн дөрвөн тэрбум долларын тухай. Хэрвээ энэ мөнгө бүтвэл ихэнх нь бондуудын өрөнд явах нь тодорхой байна. Үүний дараа дахиад л мөнгөний эрэлд гарна. Хуримтлал гэдэг зүйл байхгүй юм чинь аргагүй шүү дээ.
Монголд төлөвлөгөө тооцоо, ямар нэгэн судалгаа, хэтийн болон дунд зайны төлөв гэсэн зүйлүүд ер алга байна. Бусад орнууд бодож төлөвлөж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу хөгжиж байхад манайд тийм юм алга.
Хуучин нийгмийн үед ирээдүйд хийгдэх бүх бүтээн байгуулалт, ажлуудыг төлөвлөдөг Улсын төлөвлөгөөний коммис гэдэг газар байлаа. Тэр нь төлөвлөсөн ажлаа Улстөрийн товчоо, Их хурлаар орж батлуудаг байлаа. Одоо бол төлөвлөгөө гэдэг зүйл төр засгийн түвшнээсээ эхлээд байхаа больчихсон байна.
Монголын эдийн засаг, нийгэм, цаашдын чиг хандлагыг төлөвлөдөг хүн, тэр бүү хэл байгууллага ч алга. Ийм байхад бид яаж хөгжих юм бэ. Харин эсэргээрээ Хөгжлийн банк гэх мэт мөнгө идэж уудаг солиотой газрууд л дүүрэн болсон байна. Хөгжлийн банкны тухайд гэвэл гаднаас энэ улс руу аль болох валютыг аль болох татах зориулалттай ийм л банк баймаар юм. Гэтэл бонд, зээл гаргаад тэрийгээ ямар ч үр ашиггүй байдлаар үрэн таран хийж, хувааж идээд дуусгалаа.
Мөнгө идсэн луйварчдыг энэ төр засаг, хуулийн байгууллагын аль нь ч шалгаж, тодруулж гаргаж ирэхгүй байна. Шалгаж байна гээд гар хөлийн үзүүрт нь гүйдэг хэдэн гүйцэтгэх захирлуудыг л 461-т аваачаад хийгээд байх шиг байна. Хамгийн гол нь жинхэнэ утгаар нь идэж уудаг, хор найруулж, дэглэдэг далд эздийг нь л олж шалгах хэрэгтэй.
-Сүүлийн үед зарим хүмүүс гадны оффшор бүсүүдэд монголын улстөрчид их хэмжээний хууль бус мөнгө байршуулсан байна. Үүнийг нь оруулж ирж эдийн засагт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар идэвхтэй ярих болж. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?
Манайд тийм зүйлийн араас явдаг хуулийн байгууллага, тогтолцоо алга. Орос, хятад хоёрыг хар л даа. Хамаг нуусан хөрөнгийг нь хамаад л оруулаад ирж байгаа биздээ. Хятадууд энэ тал дээр сүүлийн үед эрчимтэй ажиллагаа явуулсны үр дүнд тодорхой дэвшилд хүрч байна.
Хэрэв манайх тэмцдэг байсан бол танай улсаас ийм, ийм хүмүүс оффшорт данстай байна аа гээд зарлачихаад байгаа энэ тохиолдолд үүн шиг амархан зүйл байхгүй. Харин ч эсэргээрээ УИХ-д нэр дэвшээд гишүүн болоод суучих жишээтэй. Дотоод нөөц бололцоо гэж яриад байсны бас нэг хэсэг нь авлигачдын оффшорт нуусан хөрөнгийг оруулж ирэх явдал л даа. Даанч тэгж чадахгүй гэдэг нь тодорхой байна.
-Эрдэнэт үйлдвэрийн асуудал сүүлийн үед бас олон нийтийн анхаарлын төвд байна. Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэх мэт асуудал. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Оросууд хэлсэн амандаа хүрээд монголын талд 49 хувиа шилжүүлсэн байна гэж ойлгож байгаа. Энэ 49 хувь монголын талд ирдэг нь зөв. Харин ямар замаар яаж ирсэн гэдэг асуудал нь тодорхойгүй байгаа учир маргалдаад байх шиг байна. Энэ тал дээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос өөр шүүмжлэлтэй хандаж, дуугарч байгаа хүн харагдахгүй байна. Бусад 75 гишүүн нь ус балгасан мэт чимээгүй сууцгаагаад байдаг. Би үүнийг л гайхаад байгаа юм.
Уг нь бол Эрдэнэтийн 49 хувь монголынхоо талд ирээд,монгол хүн эзэмшээд явж байгаа нь нэг их буруу ч юм бас биш. Эцсийн дүндээ Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголын мэдэлд шилжинэ гэдэг улсад төлдөг байсан татварын хэмжээ л тэр хэрээрээ нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.
-ОХУ Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувийг манай талд шижүүлсэн нь монголтой харилцах геополиткийн томоохон ашиг сонирхлоосоо татгалзаж эхэлсний дохио боллоо хэмээн учир мэдэх хүмүүс ярьж бас бичих боллоо?
-Би бол үүнтэй санал нэгдэхгүй байна. В.Путин Ерөнхийлөгчийн хувьд сирийн дайнаас улбаалаад яаж америктай аятайхан учраа олох вэ гээд өчнөөн том асуудалтай байхад Эрдэнэт шиг зэсийн жижиг үйлдвэрийн 49 хувийг юунд л тоов гэж дээ гэж харж байгаа. Энэ бол миний бодол. Тэртэй тэргүй нөөц нь багасч байгаа үйлдвэр шүү дээ. Үүн дээр В.Путин нэг их ач холбогдол өгөөгүй болов уу. Аягүй бол Эрдэнэт үйлдвэр гэж мэдэх ч үгүй байх. Эрдэнэтийн тухай бол сонссон байж магадгүй юм. Геополитик ярьвал Эрдэнэтийн асуудал ОХУ шиг том гүрэнд жижигднэ.
-Эдийн засаг хямрахын хэрээр иргэд өрийн сүлжээнд орчихлоо хэмээн ярьж байна. Үүнтэй та санал нэг байна уу?
-Өндөр настнууд маань тэтгэврийн зээл гэдэг өрөнд баригдчихсан. Төрийн албан хаагчид нь цалингийн зээлд, малчид нь банкинд барьцаалагдчихсан байна. Үүн дээр нэмээд ипотекийн зээл гэдэг юмнаас болоод залуу гэр бүлүүд бүгдээрээ банкны хараатууд болж, хөгшин залуугүй банк гэдэг зүйлээс хамааралтай болсон байна.
Арилжааны банкуудын тухайд бүгд Монголбанкинд өртэй. Монгол улсын төр засаг, Төвбанк нь болохоор гадаадад баахан өрөнд орчихсон ийм л улс болж хувирсан байна. Доороосоо дээшээ хүртэл өрийн сүлжээнд орчихсон. Энэ маягаараа цаашаа явна гэдэгт итгэл төрөхгүй байгаа. Байдал улам л хэцүү болж байна.
Нарантуул зах дээр жишээ аваад ярихад тэнд худалдаа наймааны борлуулалт тийм ч сайн биш байгаа нь нууц биш. Хамгийн гол нь Нарантуул дээр ирж үйлчлүүлж байгаа мөнгөтэй хүн алга. Энэ утгаараа Нарантуулын бараа таваарын гүйлгээ зогсонги байдалд орсон гэж хэлж болно.
Монголын амьдрал ер нь муу байна уу, сайн байна уу гэдэг Нарантуул дээрээс харагддаг л даа. Одоо бол хүн байхгүй тул зах цугларахаа ч больсон. Мөнгөгүй юм чинь тийшээ очоод яахав дээ. Манай 21 аймаг, 330 гаруй сум бүгдээрээ Нарантуул дээрээс бараа таваараа татдаг. Тэр сүлжээ сүүлийн жилүүдэд маш муу явагдаж байна. Ингээд харахаар монголын амьдрал нийтээрээ хүнд байдалд орсон болох нь ойлгогдож байгаа биз.
Манайхан чинь байгаа жаахан валютаа бензин гээд хойш нь нэг хэсгийг өгөөд, өргөн хэрэглээний бараа авахын тулд хятад руу өөр нэг хэсгийг нь явуулчихдаг. Үлдсэн хэсгийг нь Мобиком мэтийн үүрэн телефоны компаниудад утсаар хэрүүл ярьсаны төлбөр гээд өгчихөж байгаа юм. Бид бол утсаар ажил яриад сүйд болоод байгаа юм алга. Нэг бол хэрүүл эсхүл өр л ярьж байна. Мобиком бол Япон руу маш их доллар гаргаж байгаа. Энэ нөхцөлд үндсэндээ гурван газар луу байгаа жаахан доллар маань гараад явчихаж байна л даа.
-Улс төрийн гурав дахь хүчний талаар Та өөрийн бодлоо хуваалцахгүй юу. Учир нь улстөрд гурав дахь хүчин гарч ирэх бүхий л бололцоог МАН, АН гэдэг хоёр нам таслан сэргийлж, нухчин дарж байна гэдэг шүүмжлэл сонсогддог шүү дээ?
-Гурав дахь хүчин, улстөрийн шинэ нам гэж яриад байна. Үнэн хэрэгтээ тэрийг энэ хоёр нам нэг их нухчин дараад байгаа зүйл бол харагдахгүй байгаа. Ингэх шаардлага ч байхгүй. МАН, АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулж, дорвитойхон дуугарчих хэмжээний нам эвсэл, холбоод ч алга байна.
Хөдөлмөрийн үндэсний нам гээд нэг хэсэг яригдлаа л даа. Энэ намд анхнаасаа ашиг сонирхлын үндсэн дээр нийлсэн үл бүтэх хүмүүс цугларсан учраас маш хурдан гарч ирээд маш хурдан алга болчих шиг боллоо. Өөр зүйл байхгүй. ХҮНамыг АН, МАН гэдэг хоёр нам нийлж байгаад тараасан гэдэг бол хамгийн худлаа зүйл.
Цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн хэдэн залуучууд гадаад явж англи хэлний хоёр жилийн курст сууж ирчихээд нам байгуулж монголыг аварна гэдэг бол үлгэр. Үүний маш тодорхой жишээ нь тэр ХҮНамын залуучууд. 20 гаруй намууд байна. Ерөөсөө үйл ажиллагаа явуулж байгаа юм алга. Сонгууль болохоор л ханцуйгаа шамлаж гарч ирэн мундаг, мундаг юм ярьчихаад дараагийн дөрвөн жилд нь алга болчихдог. Улстөрийн нам бол яг сонгуульд оролцож байгаа юм шиг ажиллах хэрэгтэй. Наад зах нь дөрвөн жил шүү. Тэгж байж иргэд ард түмэндээ танигдаж, хүлээн зөвшөөрөгдөнө. Шинэ улстөрийн хүчин гарч ирэх цаг нь болоогүй. Үүний тулд асар их хугацаа орно, дагаад маш их ажил хийх хэрэг гарна.
Ярилцсан сэтгүүлч Г.Долгорсүрэн
URL: