“МААМУУ НААШ ИР” ДУУГ МАРГААШ УЛС ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ДУУЛНА

4Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг.

Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон энэхүү дууны 60 жилийн ойн хүрээнд дараах ажлууд хийгдэх ажээ.

Аравдугаар сарын 25-ны өдрийн 12 цагт Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх бол 13 цагт МХО-нд хүндэтгэлийн тоглолт болно. Мөн энэ өдрийн 14 цагт “Маамуу нааш ир” дууг бүх цэцэрлэг дээр гээд улс даяар нэгэн зэрэг дуулах юм байна.

Нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Энэ талаар СУИС-ийн багш, хүндэт профессор Л.Халиунсүрэн “60 жилийн өмнө 1956 оны зун би Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа зуны амралтаараа ирээд байсан үе. Тухайн үед хүүхдүүдтэй тоглож байхдаа том хүний дуу дуулсан шиг байгаа юм. Тэр үед аав хүүхдийн дуу цөөхөн байна. Зохиох хэрэгтэй юм байна гээд С.Лхамсүрэн гуайтай нийлээд нэлээд хэдэн хүүхдийн дуу тэр зундаа зохиосон байдаг. Хамгийн эхнийх нь “Маамуу нааш ир”. Өөрөө мандлин хөгжим дээр тоглоод надаар анх дуулуулж үзсэн байгаа юм. Би ч их амархан сурч, дуулсан санагддаг. Ингээд энэ дууг хамгийн анх би хашааныхаа хүүхдүүдтэй хамт дуулсан түүхтэй” хэмээн дурссан байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих