Үл үзэгдэгч “Цаст констракшн”-ын эрх мэдэлд хотын удирдлагууд мэхийж эхлэв үү?

527-147727047910-24-1_700x700

Техникийн хүч,  уйгагүй хөдөлмөрийн ачаар чамин тансаг барилгууд цаг нартай уралдан сүндэрлэж байна. Үүнийг улс орны хөгжил дэвшилтэй холбох нь зүйн хэрэг.

Гэвч юугаар ч орлуулж, үнэлж болдоггүй  зүйл бий.  Тиймээс барилга барина гэдэг хазгай гишгэвэл хариуг нь эрдэнэт хүний алтан амиар “төлдөг” учраас хариуцлагыг бас давхар ярих учиртай. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргагчид, хотын удирдлагууд зөвхөн хариуцлагаар бамбай хийх ёстой юм.
Харамсалтай нь үе үеийн эрх баригч, эрх мэдэлтнүүд мөнгөтэй нэгний өмнө мэхийсээр ирсэн нь нууц биш. Бүр тодорхой хэлбэл, салбарынхныхаа нэр хүндийг уландаа гишгэж, урдуураа улаан шугам татуулж  баалуулсаар ирсэн “Цаст констракшн”  компани  гэх нэрийг  сонсч дуулаагүй эрх бүхий хүмүүсээс илүү иргэд цөөн гэхэд дэгсдэхгүй болов уу. Байсхийгээд л нар үзүүлэхгүй байна, хувийн эзэмшлийн газар дээр барилга барилаа, хөгшид хүүхэд нарлах газаргүй боллоо гэсэн иргэдийн гомдол хэдэн арваараа энэ компанийн нэр дээр хаяглагдан хэвлэлийн хуудаснаа гардаг. Өдгөө ч үргэлжилж байна. Харамсалтай нь “Цаст констракшн” компанийн хууль бус үйлдэлд хариуцлага тооцож, хааж зогсоодог эрх мэдэлтэн, хууль тогтоомж энэ улсад лав одоогоор алга.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд наашаа харахдаа  үйл ажиллагааг нь зогсоолоо  гэсэн хэдэн цаас үзүүлчихээд  цаашаа харангуутаа зангаа хувиргасаар өдий хүрлээ. “Цаст констракшн” компани хууль дүрэм зөрчих нь наад захын асуудал. Чанаргүй, зөвшөөрөлгүй барилгынх нь “ач”-аар хүний амь хэд хэдээрээ хохирч, хариуцлага ярих болохоор үл үзэгдэгч болж гаршжээ. Тэр хэрээрээ зөвшөөрөлгүй барилгын жагсаалтыг жил алгасахгүй тэргүүлж байна.
Даанч “Цаст констракшн” компанийнхны зиндаанд хүрч олигтойхон хууль дүрэм ярьчих шат шатны шийдвэр гаргагчид  байтугай эрх мэдэлтэй дарга нар ч алга. Болгоомжгүй үйлдлээсээ болж хүний амь хохироолоо гэхэд ганцхан утас цохиод асуудлыг зохицуулчихдаг гэлцдэг юм билээ.
“Цаст констракшн” компанийн хэдэн хүний амиар тоглож, хэдэн зуун хууль дүрэм зөрчив гэдгийг тоочвол  цаг хугацаа,  цаасны гарз биз. Хэдхэн баримт хэлэхэд, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас зарласан 150 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй тендерт 640 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгыг зөвшөөрөлгүй компаниар гүйцэтгүүлж тарамдсан, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Гааль цагдаагийнхны барилгыг барихдаа ямар ч орц гарцгүй хууль дүрэм, стандарт зөрчсөн, ажлын зураг төсөл батлагдаагүй барилга барьсан, Оросын  банкнаас гурван сая ам.доллар зээлээд төлөхгүй зугтаасан гэх зэргээр тоочоод баршгүй. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд л энэ компанийн удирдлагуудын үнэн царай тодроод ирнэ.
“Цаст констракшн”  компанийн хариуцлагагүй үйлдлээс болж хэд хэдэн хүн хорвоог орхих дөхсөн хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Энэ бол төрөх эмнэлгийн онцгой бүсэд яаралтай хагалгаанд орж байсан хүмүүсийг аюулд оруулж олныг цочирдуулсан хэрэг. Тус компанийн барьсан “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр хагалгаа хийх явцад нурсан юм. Ердөө хоёр жилийн өмнө эмнэлгийн барилгыг Улсын комисс хүлээж авсан байдаг.
Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Цаст констракшн” компанийн барилгын чанар, улс орондоо зориулдаг сэтгэл зүтгэлийг дээрх үйлдлээс харж болно. Өдөрт 5-10 хүнд хагалгаа хийдэг эмнэлгийн онцгой бүс нурснаар хагалгаагаа хүлээж, амь аргацааж байгаа хэдэн хүн хохирч байгааг таашгүй. Эмнэлгийн удирдлагууд хагалгаа хийдэг бусад өрөөнүүд ч нурахгүй гэх баталгаа байхгүйг мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар тоног төхөөрөмжийн үнийг тооцоод 70-аад сая төгрөгийн хохирол учирсан гэнэ.
Техник төхөөрөмж яахав мөнгөтэй компани төлчихнө. Цаана нь яаралтай хагалгаагаа хүлээж байгаа хүмүүсийн амь эрсдэлд орвол хэн хариуцах вэ. Чанаргүй барилга хүлээж авсан Улсын комисс уу, эсвэл бүхнийг мөнгөөр шийдвэрлэдэг “Цаст констракшн” компанийнхан хариуцах уу. Гэтэл хэргийн гол эзэд тус  компанийнхан эмнэлгийн дээвэр нурсан асуудалд харамсаж буйгаа илэрхийлснээс өөр үйлдэл хийсэнгүй. Урьдын адил асуудал нь шийдэгдээд, үл үзэгдэгч болоод явах биз.
Тэгж ч байгаа. Харамсалтай нь хэрэг явдлаас хойш Хотын удирдлага хийгээд шийдвэр гаргах түвшний хүмүүсийн нэг нь ч өвдсөн зовсон ядарсан иргэдээ өмгөөлж ам нээсэнгүй. Бодвол асуудлыг ар хударгаараа, сурсан зангаараа шийдвэрлэж байгаа биз гэж ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн  хардаж байна. Хардах ч эрхтэй. Энэ асуудалд болоод иргэдийг хохироож газрыг нь булааж зөвшөөрөлгүй барилга барьж буй “Цаст констракшн” компанийн булхайг хэрхэн илчилж, шударгаар хандах нь удахгүй тодорхой болох биз.
Тиймээс 2016 оны сонгуулийн үр дүнд Хотын дарга болж нийслэлийнхнийг   удирдан чиглүүлэх үүрэг хүлээсэн С.Батболд даргад хэдэн үг хаяглая.  Хотын дарга та нэн түрүүнд хууль бус газар олголт, барилгын асуудлыг цэгцлээч. Хүссэн газраа очоод барилга барьчихдаг. Дээр нь барилга барих нэрийдлээр иргэдийн алтан амиар “наадаж” байгаа “Цаст констракшн” мэтийн даварсан компаниудын хандыг нь хага дарж, хууль дүрэмд захирагддаг болгож өгөөч.
Арын хаалга, эрх мэдлээрээ далайлгасан том компаниудын өмнө ард түмэн чинь хүчин мөхөстөж гүйцлээ. Нар үзэж, тавтай амьдрах эрх, алгын чинээ газраа  “Цаст констракшн” компанид булаалгасан хэдэн иргэн хотын түшмэдүүдийг царайчилж, хууль шүүхийн хаалга сахиж суугаа бол. Хотын дарга энэ мэдээллийг зав гарган нягталж үзээсэй.  Өмнөх дарга нар шиг мөнгөний өмнө утсан хүүхэлдэй болохгүй гэдгээ батлан харуулах цаг иржээ.
Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа хуулийг гууль болгодог барилгын компаниудтай “байлдсан” ч сүүлдээ бууж өгсөн. Эхэндээ иргэдийг хохироож, зөвшөөрөлгүй сүндэрлэсэн барилгуудыг хэд хэдийг нураах шийдвэрээ зарлаж байв. Тухайн үед хотын дарга “Цаст констракшн”-ын хуудууг дэлгэж, өөр хэдэн барилгыг нурааж сүрийг үзүүлж байлаа. Гэвч сүүлдээ замхарсан.
Тиймээс өнөөгийн Хотын дарга С.Батболдыг эрх мэдэлтэй эзэд, хөрөнгө чинээтэй барилгын компаниудад “базуулчихгүй” байх гэж найдая. Гэмт хэрэг хийчихээд үл үзэгдэгч болчихдог тэдний өмнө мэхийхгүй байх. Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нь Хотын дарга таны үүрэгт ажил юм шүү. Хариуцлага ярьж  шударгаар ажиллах алтан зарчимтай дөрвөн жил байх эсэхийг  харах л үлдлээ.Дөрвөн жилийн дараа аяндаа таныг ард түмэн “шүүнэ”. Тиймээс эндээс л ажлаа эхэлье. “Цаст констракшн” шиг олон компанийн хариуцлага ярих болохоор үл үзэгдэгчийн “гар”-ыг хууль дүрмээр тас цохих юмсан.
С.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих