Хятадад орон сууцны үнэ хадаж байна
Хөбэй мужийн Гу-Ань хошууны орон нутгийн захиргааны үүдэн дэх урт дараалалд зогссоор Пэн Гуаншэн тавдугаар сарыг өнгөрөөжээ. Дорнод Хятадын Сужоу мужаас ирсэн, “Вайди Рен” буюу гаднын хүнд тооцогдох тэрбээр Гу-Ань хошуунд үл хөдлөх хөрөнгө худалдан авахын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой. Бээжин хотын захад ойр орших уг хошуунд гаднын хүнд худалдах үл хөдлөх хөрөнгийн тоог ганцаар хязгаарладаг.
Урт дараалалд зогссоны хэрэг ч гарсан. Худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө Пэн овогт хэдэн сарын дараа эргүүлээд үлэмж ашигтай зарж орхижээ. Учир нь тус хошуунд байгуулсан “Тогосны хот”, “Нэгдсэн Вант улсын өргөө”, “Прованс хүрээлэн” зэрэг хорооллын орон сууцны нэг ам метрийн үнэ зургаан сарын дотор хоёр дахин буюу 24 мянган юань (3600 ам.доллар) болтлоо суга өссөн. Цагийг нь олсон наймаа хийсэндээ тэрбээр олзуурхаж байлаа. “Гу-Анийн үнэ жинхэнэ тэнгэрт хадсан юм болсон” хэмээн Пэн овогт өгүүлэв.
Бээжинд үл хөдлөх хөрөнгөтэй тэрбээр үнэ унах тооцоонд үндэслэн цаашид орон сууц худалдаж авах наймаагаа түр завсарлажээ. “Эцэстээ тулсан үнэ эргээд хэсэгтээ л бууна. Үнэ унах хүртэл Бээжингээс дахин байр худалдаж авах хэрэг алга” гэж Пэн овогт тайлбарлав. Хятадын орон сууцны зах зээл “хөөсөрч” байна. Үл хөдлөх хөрөнгийн Savills China компанийн тооцоогоор Бээжин, Шанхай зэрэг том хотод зөвхөн өнгөрсөн жилд байрны үнэ 25-аас дээш хувиар өсчээ. Үнийн өсөлт энэ онд арай жижиг хотуудыг ч хамрах боллоо. Наймдугаар сарын байдлаар зүүн өмнөд эргийн хот Шяменьд байрны үнэ жилийн өмнөхөөс 40 хувиар ссөн байна.
Гэхдээ дээр өгүүлсэн Гу-Ань хошууны орон сууцны үнийн өсөлт онцгой. Бээжингийн хоёр дахь олон улсын нисэх буудлыг тус хошуунаас умардад 40-хөн километрийн зайд, шинэ Дашин дүүрэгт байгуулж байгаа нь үнэ өсөхөд түлхэц болжээ. Нийт 70 тэрбум юанийн өртгөөр байгуулж буй шинэ нисэх буудлыг 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарт орж буй асар их хөрөнгө оруулалтын ачаар БНХАУ-ын Засгийн газар энэ оны эдийн засгийн зорилтоо амжилттай биелүүлэх төлөвтэй байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөнийг лхагва гарагт Бээжин мэдэгдсэн.
Гэвч эдийн засгийн өсөлтийг энэ онд 6.5-7 хувь хүртэл өсгөх зорилт амжилттай биелэх нь тодорхой болсонтой уялдан үнийн хөөрөгдөлд иргэд дургүйцэх нь ихэслээ. Үүссэн шинэ нөхцөлд зохицуулах зорилгоор орон нутгийн захиргаад “хэт халсан” зах зээлийг “хөргөх” арга хэмжээ авч эхлэв. Аравдугаар сарын эхээр бүтэн долоо хоног үргэлжилдэг баярын амралтаар орон сууцны арилжаанд хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаагаа орон нутгийн 14 удирдлага мэдэгдсэн.
Уг арга хэмжээний хүрээнд орон сууцны зээлийн хэмжээг багасгах, илүү орон сууц худалдаж авахыг хориглохоор заажээ. Энэ удаад тус улсын 22 хотод орон сууцны арилжаанд тавих хяналтыг чангатгахаар төлөвлөж байна. Орон сууц худалдан авахын тулд мөнгө хадгалах хэрэгцээ ихэссэнээс шалтгаалан БНХАУ нь хадгаламжийн хүүгээр дэлхийд өндөр улсын нэгд тооцогддог боллоо. Пэн овогтын адилаар Бээжингийн банкны ажилтан, 27 настай Стефани Гуо ч тавдугаар сард байр авахаар төлөвлөж байв.
Гэвч төлөвлөгөө бүтсэнгүй. Тухайн үед нийслэл хотын тавдугаар тойрог дотор байр авахаар судлахад ам метр нь 50 мянган юань буюу хэт үнэтэй байлаа. Гэтэл эдүгээ ам метр нь 65 мянга буюу бүр ч үнэтэй болов. “Тавдугаар тойрог дотор байрны үнэ тэнгэрт хадчихсан юм бол бүр холын Тунжоу дүүргээс хайя гэж бодлоо. Тэгсэн Тунжоуд ч үнийг нь дийлэхгүй юм билээ” хэмээн Стефани өгүүлэв. БНХАУ-ын удирдлага орон сууцны арилжаа цэцэглэж буйтай уялдан өр зээл ихсэж байгаад түгших боллоо.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар орон сууцны зээлийн нийт хэмжээ жилийн өмнөх үеэс 30 хувиар өссөнийг БНХАУ-ын төв банкны судалгаа харуулж байна. Энэ онд банкуудаас олгох нийт зээлийн 70 хувь нь барилга угсралтын компани, орон сууц худалдан авагчдад ногдож байгааг Mizuho Securities Asia-гийн эдийн засагч Шень Жяньгуан тайлбарласан юм. Ноён Шень өнөөгийн Хятад орны орон сууцны “хөөсрөл”-ийг 1980-аад оны Японтой зүйрлэв.
Тухайн үед Японы барилгын компаниуд “Та хаанаас, хэрхэн зээл авах нь огт сонин биш. Гол нь үнэ өсөж л байвал болно” гэсэн бодолтой байсныг Шень овогт өгүүллээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн аварга өсөлт тус улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч болж хувирч байна. Энэ оны эхний хагасын байдлаар БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 20 хувь нь барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн салбарт ногдож байгааг China International Capital Corporation-ий эдийн засагч Лян Хун ярьсан юм.
Тиймээс үнэ өсөлтийн эсрэг Хятадын удирдлага шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй хэмээн зарим нь шүүмжлэв. “Засгийн газар улс орны эдийн засгийн өсөлтөд хор болох юм хийхгүй” хэмээн Gavekal Dragonomics-ийн орон сууцны шинжээч Розалиа Яо үзлээ. Дээрхийн зэрэгцээ Хятад улсын бүс нутгийн олон янз байдал нэгдмэл арга хэмжээ авахад саад учруулж байна. Тус улсад нэг, хоёрдугаар зэрэглэлийн том хотуудад үнэ өсөж, эрэлт нь нийлүүлэлтээсээ түрүүлж байхад, хөдөөгийн бүс нутгуудад байдал эсрэг байгаа юм.
Юань Ян, Том Митчелл
Засгийн газрын мэдээ
URL: