Хямралаас гарах төлөвлөгөө
Уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ нь зогсонги байдалд орсон эдийн засгийг эрчимжүүлж, мөнгөний эрэлтийг хурдасгахад эерэг үр нөлөө үзүүлэх нь мэдээж. Ингэснээр өсөлтийн горимоо алдсан эдийн засаг дунд хугацаанд сэргэх, цаашдаа өсөлт бий болох суурь нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байрыг тогтвортой байлгах үүднээс Засгийн газар татвар, хураамжийг нэмэгдүүлэх гэж завдсангүй.
Татвар, хураамж нэмэгдэх хэрээр цаана нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагад ирэх дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь ажлын байраа цомхотгох, улмаар бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ өсөхөд шууд болон шууд бусаар нөлөөлөх талтай. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулж, халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, үр ашиг багатай зардлыг танахад Засгийн газар төсвийн бодлогоо хандуулж байна. Энэ нь мөнгөний бодлогын хүүг бууруулах орон зайг тэлж, улмаар зээлийн олдоц дунд хугацаанд нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх учиртай. Тоймлон хэлбэл, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо цаасан дээр нийцэх юм.
Засгийн газар уул уурхайн томоохон төсөл, хөтөлберийг эдийн засгийн эррэлтэд оруулахаар зорьж байна. Эвэ нь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-т тусгалаа олсон гэж Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр онцолсон билээ. Хөгжлийн “хөзөр” болсон мега төслүүд хэрэгжиж байж л эдийн засгийн өрнүүн өсөлт тогтвортой хадгалагдах боломжтой гэж эдийн засагч Ч.Хашчулуун дүгнэсэн юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулагчдын оролцоо хамгийн чухал. Гэвч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах бизнесийн итгэлцэл доройтож, хөрөнгө оруулагчид манай улсаас дайжсан гэж хэлж болно. Харин Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан нь шинэ түншлэлийн эхлэл болохыг Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн тодотгов.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн арван жилийн доод түвшиндээ ирээд буй. Тиймээс энэ байдлыг сэргээх нь Засгийн газрын гол ажлын нэг болоод байна. Гэхдээ зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ дорвитой өсөхгүй бол төлөвлөж буй төслүүд удаашрах эрсдэл бий.
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” төсөл хэлбэрээр олон нийтийн өмнө хараахан ил болоогүй байна. УИХ энэхүү хөтөлбөрийг хэлэлцэж байж албажуулах юм.
Хэдийгээр хөтөлбөрт гэрэл цохиогүй ч “Тавантолгой”, “Гацуурт”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны зүгээс манай улсын ирэх оны эдийн засгийн бодит өсөлтийг өөдрөгөөр зураглаж байгааг дуулгая. Тухайлбал, Азийн хөгжлийн банк энэ оны есдүгээр сард гаргасан “Азийн хөгжлийн төлөв” ээлжит тайландаа, ирэх оны эдийн засгийн өсөлтийг 1.4 хувь буюу энэ онтой харьцуулахад харьцангуй өндөр байх таамаглалыг дэвшүүлсэн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнгээс шалтгаалах нь лав. Харин Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогьгн дүнд манай улсын эдийн засгийн бодит өсөлт дээрх таамгаас хоёр дахин илүү байх төсөөлөл бий.
Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед өрхийн орлого тогтвортой, ажлын байр баталгаатай байх нь том дэмжлэг. Тиймээс эдийн засаг агших, улмаар хөдөлмөрийн зах зээл хумигдах эрсдэлийг сааруулах нь дээрх хөтөлбөрийн шийдэх асуудлын нэг. Бодлогын гажуудал болон гадаад зах зээлийн уналтаас нэгэнт бий болчихсон, хоёр жил дамнан үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд засна гэдэг өргөс авахаас өөр хэрэг.
Бизнес, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж буй Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгохоор төлөвлөж байна. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах бодлого баримталж байгаагаа зарласан. Ннгэснээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.
[ЗГМ]
URL: