Элэг нэгтнээ дээрэмдэх нь үндсэрхэг үзэл үү

1477270379580d5b6b807b1“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол” , “ Ногоон Хас” зэрэг бүлэглэлийн залуус иргэдийг айлган сүрдүүлж эд хөрөнгийг нь дээрэмдэх болжээ. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр “Хас Монгол” бүлгийн гишүүн нэгэн иргэнээс 200 сая төгрөг нэхэж улмаар биед байсан хоёр сая төгрөгийг авч маргааш нь буюу 15-ны өдөр 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаагийнханд баригджээ. Ямартай ч энэхүү үйлдэлд нь дээрх бүлгийн гишүүнд эрүүгийг хэрэг үүсгэж мөрдөн байцаах ажиллагааг явуулаад байгаа юм. Тиймээс хууль хяналтын байгууллагаас үндсэрхэг үзэлтэй гэх залууст дээрэмдүүлсэн бол цагдаагийн байгууллагад хандахыг мэдэгдсэн юм. Угтаа бол эх орон хэмээн цээжээ дэлдэж бид үндсэрхэг үзэлтэй залуус хэмээн өөрсдийгөө нэрийдэх болсон “Босоо хөх Монгол”, “Хөх Монгол”, “Хас Монгол”, “Ногоон хас” зэрэг ТББ-ын 16 хүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон юм.

Дээрх хөдөлгөөний залуус гадны хөрөнгө оруулагч хийгээд дотоодын бизнес эрхлэгчдийг дарамталж мөнгө төгрөг нэхдэг болжээ. Хэрвээ уншигчид сагаж буй бол өнгөрсөн 2014 онд “Даяар Монгол” хөдөлгөөний нэрийг барин удаа дараа дээрэм, тонуул хийсэн бүлэг хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газраас шапгаж байсан. Тус хөдөлгөөний нэрийг барин гаднын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө нэхэж, дарамталан хөдөө орон нутагг ашигт малтмапын олборлолт явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдийг айлган сүрдүүлж, дээрэм хийж байсан хэрэг ч гарч байсан.

Тэгвэл энэ удаад үндсэрхэг үзэлтэй залуус маань монгол иргэдээ дээрэмдэж амар хялбар аргаар мөнгө олохоор шийдсэн бололтой. Уг нь тэд өөрсдийгөө эх орноо хамгаалж гадныхнаас эмс охидоо хамгаалж байна хэмээн ярьдаг. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр “Босоо хөх монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг гадаадын иргэнийг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн сэжигтнээр татаж, цагдан хорьж байсан. Гэтэл тус байгууллагын удирдах зөвлөлийнхөн “ Дөрвөн гишүүнийг барьж хорьсон нь сонгуультай холбоотойгоор эх орончдыг дарж авах гэсэн арга” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн “Босоо хөх Монгол” бүлгийн удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдан бусад хүмүүсийн хамт өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийж, цагдаагийн байгууллагынхан гадныханд зодуулж, дарамтлуулсан Монгол иргэдээ хамгаалахгүй байгаа талаар ярьсан.

Тэрбээр “Сүүлийн үед БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй залуус хэдэн сар цалингаа авч чадахгүй байгаа үүнээсээ болоод цалингаа нэхсэн залуус тэдгээр эздэдээ хэл амаар доромжлуулах цаашлаад хүнд гэмтэл, бэртэл автлаа зодуулах тохиолдлууд ихээр гарах болсон ч энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад очоод шийдэгдэхгүй хаах тохиолдол гарах болсон байна. Энэ нь манай хуулийнхан мөнгөтэй хүмүүсийн талд нааштай шийдвэр гаргадаг, авлигад идэгдсэн гэдгийг харуулж буй хэрэг” гэж ярьсан. Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас тухай бүрт нь хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хамгийн сүүлд ГССҮТ-д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад зодуулж хүнд гэмтсэн нэгэн иргэн хүргэгдэн иржээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж, хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээд А-г илрүүлэн баривчилсан байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэж мэдэгдсэн. Ямартай ч бодит байдал ийм байна гэдгийг хууль хяналтынхан ч батлаад өглөө. Аргаа барсандаа цагдаагийнхан дээрх байгууллагын гишүүдэд дарамтлуулсан иргэд айж ичилгүй, санаа зоволтгүй цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байхыг сануулж байх вэ дээ. Тухайлбал, монголын үндсэрхэг үзэлтнүүдийг харагдах төрхөөр нь хоёр хуваан ангилдаг юм билээ. Нацист хэв маягтай үндсэрхэг үзэлтнүүд. Энэ нь голдуу хар өнгийн юмуу армийн хувцас, савхи, хагас түрийтэй гутал, хас тэмдэгээр гангарагсад. Нөгөө нэг хэсэг нь Монгол хэв маягтай үндсэрхэг үзэлтнүүд. Урт дээл, урт үс, хадаг яндар, монгол гутал, хүзүү гаранд нь эрх, тэргүүн дээр нь таваг шиг малгай залаатай хүмүүс. Эдгээр хүмүүсийн ярьдаг зүйл нь эх орныхоо газар шороо, уул усыг гадныхнаас аврах, барьцаалагдсан төрөө чөлөөлөх, хөрөнгө мөнгөтэй компаниудын захирлуудаас мөнгө нэхэж дарамтлах. Мөн ядарсан эмэгтэйн үсийг хусах. Эндээс харахад нэг үгээр бол хүний эрхэнд бүдүүлгээр халдагсад гэж бүрэн ойлгож болохоор байна.

Түүнчлэн тэд хөдөө орон нутгаар хэсүүчилж уул уурхайн компаниудаас их хэмжээний мөнгө нэхэж дарамталаад зогсохгүй элэг нэгтнээ дээрэмдэж байгаа нь үндсэрхэг үзэл үү гэж тэднээс асуувал зохилтой.

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих