Алеппо хотыг “нядалгааны газар” гэж тодорхойлов
НҮБ. /Reuters/. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын цэргүүд Алеппо хотод Оросын дэмжлэгтэйгээр агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж байгааг эрс зэмлэн буруушаасан тогтоолыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл баталжээ.
Сирийн хойд нутгийн Алеппо хотод олон улсын хүний эрхийн хуулиудыг зөрчин энгийн номхон иргэдийн аминд хүрч байгааг уг тогтоолд зэмлэн буруушаасан байна.
47 гишүүн бүхий НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл баасан гарагт Женев хотноо НҮБ-ын Европ дахь салбарын төв байранд болсон тусгай хуралдааны үеэр уг тогтоолыг олонхын саналаар баталжээ. Сирийн засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхэн Алеппод байлдаж байгааг төлөөлөгчид авч хэлэлцжээ.
Алеппо хотыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад Аль-Хусейн “нядалгааны газар” гэж тодорхойлоод “тэнд хөл хүнд эмэгтэйчүүдийг ч санаатайгаар бөмбөгдөж байна” гэв. Алеппод хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь дайны гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцэж байна гэж тэрбээр хэллээ.
Нэгэн цагт Сирийн хамгийн том хот, худалдаа ба аж үйлдвэрийн хамгийн том төв байсан Алеппо хотод 2012 оноос хойш Ерөнхийлөгч Башар Аль Асадын засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхэн байлдаж эхэлсэн юм. Энэ хот хоёр хуваагдаад байна. Хотын баруун хэсгийг засгийн газрын цэргүүд, зүүн хэсгийг босогчид хяналтдаа аваад байгаа юм. Өнгөрсөн сард л гэхэд тус хотод 500 хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн шархаджээ.
Г.Доржханд
montsame.mn
URL: