Орон нутгийн сонгууль явагдаж, гишүүдийн ХОМ-ийг ил болгосон долоо хоног

1477104985580ad559e3b87Өнгөрсөн долоо хоногт онцлох хэд хэдэн үйл явдал боллоо. Орон нутгийн сонгууль болсон ч ихэнх аймаг, хороодын ирц хүрсэнгүй нэмэлт сонгууль явуулахаар болсон юм. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг онцолж байна.

Нийслэлийн долоон дүүргийн 79 хороонд энэ сарын 23-нд нэмэлт санал хураалт явуулна

Улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөсөн. Санал хураалт өглөөний 07:00 цагаас эхэлж бөгөөд оройн 22:00 цаг хүртэл үргэлжлэн явагдсан юм.

Гэвч Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 860.452 сонсогч саналаа өгөх ёстойгоос 413.212 сонгогч буюу нийт сонгогчийн 48.8 хувь нь саналаа өгчээ.

Тиймээс нийт 79 тойргийн 213 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд буюу ирэх ням гарагт зохион байгуулахаар болжээ.

Өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болголоо

Шинээр сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд дэлгэлээ. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэн нь хэчнээн төгрөгийн орлоготой, ямар компанид хувь эзэмшдэг, ямар машин хөлөглөдөг, хэдэн гишүүн өөрийн гэсэн эзэмшлийн машингүй байгаа талаарх тодорхой мэдээлэл нийтэд ил болсон юм.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон хүртээнэ

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай билээ.

Их эзэн хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг шагнадаг юм. Өнгөрсөн жилийн одонгоор зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёог шагнасан билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хаан одон хүртэх эрхмийг “Иргэний танхим”-д зарласан. Энэ удаагийн шагналын эзнээр Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатарт энэхүү шагналыг хүртээхээр болсон байна.

Цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажиллагаа эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын товчоодод 2579 албан тушаалтан томилогдон ажилласан юм. Цэргийн жинхэнэ албаны “Зарлан дуудах хуудас”  95 хувьтай тараагдаж,  эзэндээ хүрсэн өгөөд гэрээт цэргийн албанд нийслэлээс 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн элсээд байна.

Олон хүний амь нас аварсан чадварлаг машинистуудыг шагналаа

Энэ сарын 17-ны өдрийн 13.40 цагийн орчимд “Хоум Плаза”-ийн уулзвараас ЗЦГ-ын урд талын уулзвар хүртэл замд түгжрэл үүссэний улмаас автомашинууд төмөр замын гарам дээр гацсан тохиолдол гарсан. Энэ үеэр Багануур-Улаанбаатар чиглэлийн 3105 дугаар галт тэрэг ирж таарсан бөгөөд жолоодож явсан машинч Т.Золбоо, туслах машинч Э.Батсуурь нар чадварлаг ажиллаж, 4533 тонн жинтэй, 208 голтой галт тэргийг яаралтай тоормос хийн зогсоож, олон хүний амийг аварсан юм.

Хэрэв галт тэрэгний машинистууд чадварлаг ажиллаж, хөдөлгөөнийг зогсоогоогүй бол олон хүний амь нас эрсдэж улсад онц их хэмжээний хохирол учирч болзошгүй байдал үүсээд байсан юм. Тиймээс галт тэргээ амжилттай зогсоож, олон хүний амь насыг аварсан машинч нарт МТЗ-аас талархал дэвшүүлсэн юм. Тэгвэл хоёр машинчдыг шагнажээ.

Тодруулбал, УБ Татах хэсгийн машинч Т.Золбоо “Төмөр замчны алдар”, туслах машинч Э.Батсуурь “Тэргүүний төмөр замчин” цол тэмдэгээр шагнагдлаа.

Б.Анир

 


URL:

Сэтгэгдэл бичих