Эрэн сурвалжлагдаж байсан гурав дахь этгээдийг олжээ

13Сүхбаатар дүүргийн I хороонд энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой дээрмийн хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэрэгт холбоотой гурван этгээдийг эрэн сурвалжилж байсныг сүүлчийнхийг өчигдөр цагдаа нар олж баривчилсан байна.

Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. 

Эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авсан байна. Хариналдагдсан мөнгөний хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоох юм байна.

Уг хэргийг эргэн сануулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нэгэн орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээд дайран орж, буу зэвсэгээр далайлган, их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлийг дээрэмдсэн. Хэргийг зохион байгуулсан гэх дөрвөн хүнийг баривчлан саатуулсан бол гурван этгээдийг орон даяар эрэн сурвалжлаад байсан юм.

Өмнө нь буюу энэ сарын 18-нд С.Галбадрахыг Булган аймгаас баривчилсан бол 19-ний өдөр Н.Билэгбаатарыг нийслэлээс баривчилсан байна.

Ийнхүү эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг баривчилснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих