Хотод АН, хөдөөд МАН ялчих шиг боллоо

527-1477020188olloo_mn_1461026202_72b0c205c737ba393ea09cf7d32c1c08

2016 оны сонгууль шувтрах тийшээ хандлаа. Уг нь өчигдөр эцэслээд бүтэн жилийн турш сонгуульдсан бүх шатны “улстөрчид” амьсгаа авах байлаа. Ирц бүрдээгүй учраас ирэх бүтэн сайн өдрийг хүртэл дахиад л сонгуульдах нь.

Явж явж өнөөх хар машины буянаар 1990-ээд оноос хойш сонгууль болохоор л үргэлжилдэг хэрүүл үндсэндээ алга болжээ. Одоо тулгараад байгаа зовлон нь сонгогчдын ирц хүрэхээ больсон байна.
Нийслэлийн 78, орон нутгийн 57 тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх тойргуудад сонгогчдын ирц бүрдээгүй гэсэн үг юм.
Харин ирц нь хүрсэн тойргуудад аль нам хэдэн суудал авсныг албан ёсоор хараахан зарлаагүй байна. Гэхдээ намууд өөрсдийн шугамаар мэдээллийг авчээ. Хамгийн гол нь намуудын авсан мэдээлэл хоорондоо яв цав таарч байгааг эх сурвалжууд нотолж байгаа юм.
Урьдчилсан мэдээгээр Сүхбаатар, Баянхонгор аймаг тэр чигээрээ “цэнхэртсэн” байна. Бусад аймагт ямар нэг байдлаар МАН илүү байгаа гэх мэдээлэл намуудад иржээ. Нийслэлийн хувьд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд МАН ялсан. Харин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт АН ялаад байгааг эх сурвалжуудын мэдээлэл нотолж байна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүргийн зарим хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүйгээс нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Гэхдээ энэ нь урьдчилсан мэдээний дүнг өөрчлөх боломж бага гэж байна.
Нэг зүйлийг хэлэхэд, Сум, дүүргийн сонгуулийн дүн гурван сар гаруйхны өмнө болсон УИХ-ын сонгуулийн дүнгээс хол зөрүүтэй гарсан нь анхаарал татаж байна. Уг нь сонгогчид УИХ-д ямар сонголт хийсэн, түүнийгээ Орон нутгийн сонгуулиар баталгаажуулсаар ирсэн байдаг. Хэрэв тэр “уламжлал”-аар явсан бол өнөөдөр МАН тэр чигээрээ үнэмлэхүй ялалт байгуулчих байв. Гэвч тэгсэнгүй.
МАН хэзээнээсээ сонгуулийн туршлагатай. Тэр утгаараа сонгуульд ялах нь тодорхой гээд итгэчихсэн МАН-ын зарим аймаг, сумын гишүүд албан тушаалаа аль эртнээс хувааж, зарим нэг нь Засаг даргын суудлын төлөө нармайгаа нээлцсэн нь бий.
УИХ-д илт давуу 76-суудлаас 65-ыг нь эзэлж суусан МАН энэ сонгуульд яагаад амжилтаа давтсангүй вэ. Үнэндээ гурван сар гэдэг тийм ч богино хугацаа биш ажээ. Хамгийн гол нь МАН энэ хугацаанд УИХ-ын сонгуульд дэмжиж, итгэл хүлээлгэсэн  сонгогчдоо АН-д алдталаа “ажилласан” байгаа юм. Хэрэвзээ энэ сонгууль дахиад нэг сарын дараа болсон бол өнөөдрийнх шиг зөвхөн дүүргүүдийг биш сумдаа алдчихаад сууж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих