З.Балдорж: Нэг л хором алдсан бол маш том осол гарах байлаа

Багануур-Улаанбаатар чиглэлийн 67 километр цагийн хурдтай ачааны галт тэрэг Амгалан өртөөний 406-р гарамд ослын тормос атгаж, галт тэрэгний замд авто машинтайгаа хөндлөн зогссон жолоочийн амь насыг аварсан билээ. Ажил үүргээ нэр төртэй биелүүлж, хүний алтан амь аварсан УБТЗ-ын “Улаанбаатар татах хэсэг”-ийн машинист Т.Золбоо, туслах машинист Э.Батсуурь нарыг албан байгууллагаас нь сайшааж, шагнахаар болжээ. Дээрх хоёр жолооч осол гарч болзошгүй байсан газарт ослын тормос атгаж нэг метр орчмын зайд галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаж, бүрэн зогсоожээ. Дээрх явдлын мөрөөр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Улаанбаатар татах хэсэг”-ийн зааварлагч машинист Т.Золбоо, Э.Батсуурь  нарын багш З.Балдоржтой уулзлаа.

4182

-Багануур-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг замд тохиолдсон саадыг осолгүй мэнд туулж, зам дээр нь зогссон автомашины жолоочийн амь насыг аварлаа. Цаг алдалгүй, зөв шийдвэр гаргасан учраас том ослоос эрдэнэт хүний амийг аварлаа шүү?

-Тийм ээ, нэг секунд л өнгөрсөн бол тэр хөөрхий жолооч амиа алдаж, тэр орчмын авто замд маш том осол гарах байсан. Өөрийн ур чадвар, авхаалж самбаагаараа хүний алтан амь аварсан хоёр залуугаараа манай хамт олон бахархаж байна. 2016 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 13:43 цагт Багануураас Улаанбаатар чиглэлд 3105 галт тэрэг 2ТЭ116УМ-010 илчит тэрэгтэй 4533 тонн ачаа, 208-р голтой аялах үедээ Амгалан-Улаанбаатар хоорондын 406-р гарам автомашинаар эзлэгдсэн байсныг машинистууд маань олж харан яаралтай тормоз хийж дайралгүй зогссон байдаг. 406-р гарамд ирэх үед галт тэрэг 67 километр цагийн хурдтай байсан. Тэгээд яаралтай тормос гишгэж хурдаа тэглэн зогсоход 479 метр замыг 44 секундэд туулж, замд тээглэсэн автомашинаас нэг метр орчмын зайд зогссон байдаг. Энэ бол машинистын ур чадвар.  Бидний гаргасан тооцооллоор нэг секунд л хоцорсон бол тухайн машинд болон зорчигчид хүнд, хөнгөн ямар ч бай гэмтэл учирч болзошгүй байсан. Миний хоёр шавь болзошгүй хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, иргэний амь насыг аварсан буянтай сайн хүүхдүүд.

-Ийм осол гарч болзошгүй нь гэдгийг машинистуудад өмнө нь мэдэгдэх боломж байдаг уу? Гарам дээр автомашин зогссон байгаа тул хурдаа хязгаарла гэдэг ч юм уу?

-800 метрийн цаанаас дуут дохио өгөхөд, замын гарцууд автоматаар дээшилж, авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байдаг юм.

-Олон нийтийн сүлжээгээр болсон явдлын талаарх бичлэгийг хэн нэгэн сошиал сүлжээнд тараасан нь олон нийтэд нэлээн сургамж боллоо?

-Яг болсон явдлыг бичлэг хийж, Фэйсбүүкээр тараасан тэр залууд бид үнэхээр баярлаж байгаа. Манайд ийм төрлийн ослоос хүний амь насыг аварсан тохиолдол олон байдаг. Есдүгээр сарын эхээр Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох 407-р гарамд нийтийн тээврийн автобус хурдтай явж байгаад ийм тохиолдлоор осолд өртөлгүй өнгөрч, олон хүний амь нас аврагдсан шүү. Бидний ажлыг ойлгож, олон нийтэд зөв мэдээлэл олгож, бичлэгийг цахим орчноор тараасан хүнд баярлаж байгаагаа илэрхийлье. Ер нь, бидэнд баримт, камерын бичлэг дутмаг байдаг учраас олон хүний амь нас аварсан баатарлаг үйлстнүүд танигдахгүй өнгөрч байна.

-Яаралтай тормос атгаад осол аваар гаргаагүй нь азтай юм. Гэхдээ тэнд саатаж зогсоно гэдэг цаг хугацаатай уралддаг төмөр замчдын хувьд алдагдал хохирлоор хэмжигдэнэ биз? Вагон хуваарьт цагаасаа нэг минут хоцроход түүнийг хэрхэн үнэлж тооцдог вэ?

-Галт тэрэгний хувьд ачааных уу, зорчигч тээврийнх үү гэдгээсээ хамаарч зогсолт нь өөр өөр байна. Нэг километр замыг 55 секундэд туулах ёстой байдаг. Харахад удаан явдаг мэт боловч ачир дээрээ тийм биш. Суудлын авто машин 55 км/цагийн хурдтай явахад хурдан л өнгөрдөг шүү дээ. Яг л тэр. Гэхдээ араасаа 50-100 вагон зүтгүүлж чирж яваа учраас хүмүүст удаан мэт харагддаг.

Бид тормос гишгээд зогсоход арынхаа ачаа, тээврийн вагоноос хамаарч 800-1000 метрийн зайд явж байж зогсдог. Цаг нар, өдөр хоногтой уралдан байж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцдог учраас удаан явах боломж байдаггүй. Тогтмол жигд хурдаар олон мянган бээрийн холыг туулдаг. Таван минут саатвал 36 мянган төгрөгөөр тооцно. Гэхдээ зүтгүүр болон ачааны вагоны гэмтэл саатлаас шалтгаалан тооцох үнийн дүн нь өөр байдаг.

-Он гарсаар төмөр замын гарам дээр хэчнээн осол аваар гарсан бэ?

-Он гарсаар зургаан осол гарснаас хоёрт нь харамсалтайгаар хүн амь насаа алдаж, дөрвийг нь аварсан. Сүүлд гарсан энэ тохиолдол бол зургаа дахь нь болж байна. Гэхдээ тэр зургаан осол төв замд биш салаа, уулзвар замуудад гарсан. Ослын шалтгаан нь манайхаас биш, автомашинууд өөрсдөө хурдтай явж байгаад ирж мөргөх, шүргэх тохиолдол нь их. Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүс олон бий.

-Санаатайгаар галт тэргэнд дайруулах тохиолдол бас байх уу?

-Тийм ээ, яг өөдөөс нь хурдтай галт тэрэг ирж байхад төмөр зам дээр хэвтчихдэг хүмүүс байдаг л юм. Мөн зураг хөргөө даруулах гэсэн, галт тэрэг ойртож ирэхийг хараад аз сорьж, санаатайгаар өмнүүр нь гүйж, өөрийгөө эрсдэлд оруулах гэсэн, чихэвч зүүж, хөгжим сонсож яваад анхааруулах дохио, дуут чимээг сонсолгүй золгүй байдлаар амиа алдсан зэрэг харамсалтай тохиолдол хааяа гарна. Энэ бүхнийг харж, үзэж туулна гэдэг бол хүнд даваа. Бид ийм л амь дүйсэн хүндхэн албанд ажиллаж амьдарч байна. Хотын зүүн хэсэгтээ Нарантуул, баруун хэсгээрээ Хархорин зах орчмоор амьдардаг, гэр оронгүй тэнэмэл иргэд архи ууж, согтохоороо төмөр зам дээр л унтаж, сууж найрлацгаадаг. Тэгээд л азгүй нэг нь дайруулж амь насаа алддаг юм.

-Галт тэрэгний аялалын үед гарч болзошгүй ийм төрлийн осол аваараас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Олон улсын жишиг нь ямар байдаг вэ. Орос, Монголын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас Оросын жишгийг хэрэгжүүлж байгаа байх?

-Энэ асуудлын шийдвэрлэх хамгийн боломжит хувилбар нь Хотын захиргаа, УБТЗ-ын удирдах газартай ярилцаад явган хүн болон авто машин зорчих нүхэн гарц юмуу, гүүрэн гарцыг барьж байгуулах хэрэгтэй байна. Мөн явган зорчигчдыг галт тэрэгний зогсоол, төмөр замын ойролцоо явахад нь сэрэмжлүүлсэн тусгай хана, өөр зам байгуулмаар байгаа юм. Орос чинь манайхыг бодвол энэ салбартаа хангалттай хөрөнгө хаясан учраас явган зорчигч амь насаа алдах нь тун ховор. Явган хүний зорчих хэсгийг тусгаарласан байдаг тул галт тэргэнд дайруулсан бол тэр иргэний хохь гэж үздэг. Тийм хатуу хуультай. Азиас гэвэл Япон улсын сайн жишээг дурдаж болно. Галт тэрэг, явган хүн, бусад тээврийн хэрэгсэл гэсэн гурван тусдаа давхар замтай. Одоо Японд ийм төрлийн нэг ч осол гараагүй. Төр засгаас энэ асуудлыг даруйхан шийдсэн нь дээр. Он гарсаар галт тэрэгний осолд хамааралтай 56 тохиолдлоос 6 хүний амь нас эрсдэж, 50 нь амь аврагдсан. Мөн хөдөө орон нутагт ч мөн явган хүн галт тэрэгний замд үрэгдсэн. Дархан, Зүүнхараа, Сайншандын галт тэрэгний замд баригдсан тэр сайхан өндөр гүүрэн гарцууд чинь яг үнэндээ хүний амиар л бүтсэн шүү гэдгийг төр засаг, хотын  удирдлагуудад хатуу сануулъя. Мөн жолооч нараа төмөр замын гармаар гарахдаа галт тэрэгний дуут дохиог сайн сонсож, гарам дээр битгий түгжирч, осол аваар зарлаач. Таны амь нас нүд ирмэхийн зуур галт тэрэгний дугуйнд өртөнө гэдгийг ухаараач.

Иргэдийн хувьд заавал төмөр замын гармаар битгий яв. Хэрэв явах бол маш анхаарал болгоомжтой, бай. Чихэвч зүүж, дуу битгий сонс. Таны анхааралгүй байдал амь насанд чинь эрсдэл учруулж байгааг мартаж болохгүй. Хурдтай яваа галт тэрэг, түүний замаас хэдий хэр хол байна та төдий чинээ азтай байж, эсэн мэнд явах болно гэж анхааруулж, гуйж хэлье. Цаг хугацаатай уралдаж, нэг зөрлөгөөс нөгөө зөрлөгт хүрдэг бидний ажлыг та ойлгохгүй бол өөр хэн ч ойлгохгүй шүү.

З.Батхуяг

Эх сурвалж: Newscom.mn

Линк: http://www.newscom.mn/10013968


URL:

Сэтгэгдэл бичих