ХЭН ЮУ ХЭЛЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өнгөрсөн долоо хоногт Япон, БНХАУ-д айлчилсан бол амралтын өдрүүдэд Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Тэгэхдээ энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйгээс ирэх амралтын өдөр нэмэлт сонгууль явуулахаар боллоо. Мөн тун удахгүй болох гэж буй Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлууд болоод олон нийтийн цахим сүлжээнд ч асуудал үүсгээд амжсан “зоог”, бусад асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлсэн талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.
Д.Эрдэнэбат: Хяналтгүй явж буй МАН-ыг бид ард түмэнтэйгээ хамт заавал зогсоох ёстой
/УИХ-ын гишүүн/
Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуулийн өмнө байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа. Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашнаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээтэй.
Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын хийсэн ажил, зүтгэсэн зүтгэл, гэрэлтэй гэгээтэй байсан бүхнийг 100-хан хоногийн дотор харанхуй болгож чаддаг юм байна гэдгээ харуулсан. МАН төр байгуулах тухай амлалтнаасаа ухарч, худлаа амалж болдог юм байна гэдгийг түмэнд харуулсан.
Мөн эдийн засгийг шоконд оруулж, мөнгөгүй гэдэг нэрийдлээр ард түмний халаас руу увайгүйгээр маш хурдан орох чадвартай юм байна гэдгийг илтгэсэн. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй. Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй. Тэд ардаа гэсэн сэтгэлийг гээж зөвхөн эрх мэддийг авахын тулд хоосон амлалт, өнгө, мөнгөөр иргэдийг хуурч байгаа нь дэндүү басамжилсан гутамшигт үйлдэл юм” хэмээжээ.
А.Цогцэцэг: Диализд ордог хүмүүс ямар ч эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой боллоо
/Эрүүл мэндийн сайд/
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийж, тус дүүрэгт ажилласан билээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол диализтай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газар бүрэн шийдвэрлэсэн. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс диализд ордог хүмүүс төр хувийн хэвшлийн ямар ч эмнэлэгт очсон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо. Азийн хөгжлийн банкны Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн зургаа дахь төсөл хэрэгжих гэж байна. Энэ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор төлөвлөсөн. 2017 ондАзийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Бусад бүх эмнэлгүүд, тэр дундаа алслагдсан өрхийн эмнэлгийг сайжруулах талаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэн үйлчилгээ авсан тэр цэгээсээ эмнэлгийн бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой байх. Халдварт, нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөхгүйгээр сорьцыг нь тээвэрлээд тэр лабораторийн шинжилгээг халдвар, хавдар дээр эрүүл мэндийн даатгалаар хийх боломжтой болж байгаа.
Жишээлбэл, С вирусийн шинжилгээг аль ч эмнэлэгт өгөөд, хариугаа цахим хэлбэрээр авчих боломжтой болж байгаа юм. Иргэн өөрөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Ингээд 3 сарын даатгалын мөнгөөр С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой. Ганцхан С вирусийн биш, бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Чингэлтэй дүүргийн хувьд диализын аппарат байхгүй байгаа. Богино хугацаанд энэ төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна” хэмээсэн юм.
Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээс, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй
/Монголбанкны ерөнхийлөгч/
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийгхэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.
Энэ үеэр Монголбанкны еренхийлөгч Н.Баяртсайханаас цөөн асуултад хариулт авсан юм. “Валютын ханшийг хэн тогтоож байна вэ. Өнөөдөр нэг ам.доллар 2335 төгрөгтэй тэнцлээ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох ёстой. Төв банкны тухай хуульд макро эдийн засаг дээр үндэслэсэн уян хатан ханшийн тогтолцоог баримтална гэж заасан. 2017 оны үндсэн чиглэл дээр валютын захын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх заалт оруулсан. Өнөөдрийн байдлаар Монголбанк дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт том экспортлогчид валют орж ирэх бүрт цөөн банкуудын хүрээнд зохион байгуулдаг. Энэ нь банкуудын захын үр ашигтай байдлыг хангахад сөрөг үр дагавартай байдаг учраас ирэх жилээс валютын захын оролцогчдын тоог нэмэгдүүлье, валютын захаа хөгжүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн хариулсан юм.
Харин “Ипотекийн зээлийн эх үүсвэр дууссан гэсэн мэдээлэл гараад байгаа. Ипотектийн зээлийг хэзээнээс хэвийн олгож эхлэх вэ” гэх асуултад “Өнгөрсөн сард ипотекийн таван хувийн хүүтэй холбоотой асуудлыг цэгцэллээ. Энэ сард найман хувийн хүүтэй холбоотой асуудаыг шийдвэрлэхийн төлөө байгаа. Гэхдээ 2016 оны есдүгээр сарын 12-нд УИХ-ын 40 дүгээр тогтоол гэж гаргасан. Энэ тогтоолоор ипотекийн найман хувийн хүүтэй ззэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн чиглэлийг нь гаргаж өгөөгүй. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас аваад Монголбанкинд шилжүүлсүгэй гэсэн тогтоол л гарсан. Гэтэл Ирээдүйн тэтгэврийн нөөц санд хөрөнгө, мөнгөний эх үүсвэр байхгүй. Цаашид ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээс, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Мөн өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн Барилгын салбарын үнийг тогтворжуулах гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж ирсэн байна.
Энэ хөтөлбөрийн хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан байна. Одоо бидэнд бариад ажиллах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Өмнө нь ипотекийн зээлд Монголбанк 3.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Ингэхдээ мөнгө хэвлэж хийж байсан байгаа юм. Тэгээд цаашдаа үргэлжлүүлээд хэвлэх юм уу. Одоо бидэнд барьж ажиллах юу ч алга Яг одоо Монголбанкин дээр Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам оролцсон ипотекийн зээлийн асуудлаар зөвлөгөөн хийж байгаа. Дараа нь захирлуудын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.
М.Зоригт: Аль ч өнцгөөс харсан дэмий зүйл байна билээ
/Зам тээврийн сайд асан/
Зам тээврийн сайд асан М.Зоригт “Шүүдэр дундуур” хэмээх дэлгэцийн бүтээлийн продюссерээр ажилласан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл киноныхоо нээлтийн дараа хийсэн нэг ёслолын ажиллагааны зоог нь олон нийтийн сүлжээнд тархаж, ихээхэн шуугиан тариад байсан юм.
Энэ талаар тэрбээр “Үхрийг бүхлээр нь шарах ер нь дэмий юм байна гэж би бодсон. Бусад хүмүүс ч гэсэн битгий шараарай. Анх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулалтын зүгээс хамаг байдаг дээдээ барья гэж хичээгээд зарим нь үүх түүхээ уншаад хүндтэй зочиндоо үхэр шарж барьдаг байсан юм байна гээд тэр зоогийг бэлдсэн юм билээ. Би төрсөн өдрөөрөө твиттерт 100 мянган дагагчтай болж байлаа. Тэгээд жиргээчиддээ үхэр шарж өгнө гэж амлачихаад яваад байсан юм. Анх үхрийн тэр шарсан махны зураг тарах үед энэ зүйл болно, болохгүй гэх олон янзын өнцөг явж байсан ч тэр бүгдийн цаана нэг амсаад үзчих юмсан гэх хүний дотоод хүсэл хүн болгонд байгаад байсан байхгүй юу. Яагаад тэр дээдсүүд, дэлхий амсчихаад байхад монголчууд бид, жирийн ард иргэд амсч болохгүй гэж.
Ер нь болно, болохгүй гэж мянга ярихаас нэг үзсэн нь дээр гэж бодоод олон нийтэд хүртээлтэйгээр, хэн ч ирж амсч болох бололцоотойгоор тэр үхрийг шарсан. Дахиад л нөгөө байр суурь. Дахиад үхрийг шарах зоригтон мөд гарахгүй байх гэж би бодож байна. Зоригтоор л дуусаг. Ер нь бол аль ч өнцгөөс харсан дэмий зүйл байна билээ. Эрт дээр үед бол зохимжтой байсан байх. Одоо цагийн монголчуудад зохимжгүй юм байна гэдгийг бүх хүнд ойлгуулчихлаа даа” гэж байр сууриа илэрхийлжээ.
Монголын мэдээ
Э.Туул
URL: