Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийг үргэлжлүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2017 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ипотекийн зээлийг ирэх оны мөнгөний бодлогод хэрхэн оруулсан бэ? Монголбанкнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэх байр суур хэвээр үү. Мөнгөний эх үүсвэр нь хаана байна вэ? Оюутолгойн борлуулалтыг бид хянадаггүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа аж ахуйн нэгж Монголын банкаар дамжуулдаг. “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд мөнгө өгснөө эргүүлээд татчихвал яах вэ? Хятадаас ирж байгаа мөнгийг авах нь зөв үү?
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа. Залуус, бага дунд орлоготой иргэдийг дэмжих зөв зүйтэй бодлого. Ипотек дотроо 5 хувийн болон 8 хувийн хөтөлбөр гэж хоёр ангилалтай явж ирсэн юм билээ. Гэхдээ бид 5 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан байсан 1900 иргэд байсан. Бид энэ иргэдийн хүсэлтийг хангасан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл энэ санд нөөц байхгүй. Бид ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр санхүүгийн эх үүсвэр шийдэх уулзалт зохион байгуулсан. Ипотекийн зээл бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт дотор барилгын салбарын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт багтсан байна. Барилгын салбарт 3.8 их наяд төгрөг орсон байна. Энэ мөнгөний эргэн төлөлт сар бүр 25 тэрбум төгрөг орж ирж байгаа. Монгол банк зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлж явах байр суурьтай байгаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Засгийн газрын зүгээс он дуустал 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаач ээ гэсэн яриа хэлэлцээр хийж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт хайж байна. Ямартай ч 8 хувийн ипотектийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах байрны хэмжээг нэмэгдүүлэхээр болсон.
2008 онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ сайн болж чадаагүйг олон нийт ярьдаг. Ганцхан Оюутолгой гэлтгүй бусад экспортын 54 хувь нь л Монгол Улсад орж ирдэг юм билээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Валютын ханш мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч чуулган дээр мэдээлснээс ханш хэлбэлзсэн үү? Монголбанкинд хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэхгүй юу? Сайн хөтөлбөрүүдийг зогсоолоо гэж сөрөг хүчин хэлж байгаа. Хариуцлагыг хэнтэй тооцох юм бэ?
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Би Монголбанкны валютын цэвэр нөөцийн хэмжээг УИХ-ын чуулганаар төв банкны дэд Ерөнхийлөгчийг томилох үед мэдээлсэн. Хууль тогтоох дээд байгууллагад мэдээлсэн. Хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Олон улсын зээлжих зэрэглэл, бусад мэдээллүүдэд байдаг тоо. Одоогоор энэ талаар мэдээлэл өөрчлөгдсөн. Дарсан, нуусан тоо ил гарч байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
http://www.shuud.mn/content/read/474848.htm
URL: