Хонины нэхий 100 төгрөг, нэхий дээл САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙДГИЙН УЧИР…

15Өнөөдөр Монголын арьс ширний холбооноос уламжлал болгон зохин байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн-2016” нээлтээ хийж байна. 10 жил тасралтгүй зохион байгуулагдсан энэ үзэсгэлэн жил ирэх тусам өргөжиж, нийслэлийнхний хүлээдэг цөөхөн хэдэн үзэсгэлэн худалдаануудын нэг болжээ.

Харин жил бүр иргэд бүтээгдэхүүний үнээ тийм ч их буулгаагүй байна хэмээн “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг компаниудад гомдол гаргадаг. Ямар сайндаа л саяхнаас “нэхий нь 100 төгрөгийн үнэтэй байхад, нэхий дээлээ сая төгрөгөөр зардаг” ямар сонин юм хэмээн нийтээрээ ундууцав. Ганц нэхий дээл хийхийн тулд хичнээн удаагийн үйлдвэрийн дамжлагад оруулж, боловсруулж байж хэрэглэгчийн гарт очдогийг мэдэхгүй учир ингэж ярих нь аргагүй.

-          ХОНИНЫ НЭХИЙ ЯАГААД 100 ТӨГРӨГТ ХҮРЭВ -

Хонины нэхий өлөнтэйгөө 100 төгрөг байгаа тухай энэ зунжингаа сошиалаар нэг цуурав. Худал үг ч биш л дээ. Зуны цагт хонины арьс, өлөн  нимгэн, чанарын шаардлага хангадаггүй учир үйлдвэрүүд төдийлөн худалдаж авдаггүй гэнэ.

Харин намраас мал таргалж, тарга тэвээрэг нь сайжрах тусам арьс, өлөн нь зузаарч үйлдвэрт ашиглагдах боломжтой болдог ажээ.

Тиймдээ ч эрт цагт төдийгүй одоо ч малчид зуны цагт нойтон мах идэлгүй, тараг цагаагаар зуны сарыг өнгөрүүлдэг шүү дээ. Энэ бол хонины нэхий яагаад 100 төгрөгт хүрсний учир юм. Түүнээс биш аль нэг нам ялсан, ялагдсантай огт хамаагүй.

Одоо бол үйлдвэрүүд хонины нэхийг өлөнтэй нь 3000 төгрөгт авч байгаа.

Бүр нарийн ширхэгтэй хонины нэхийг 6000 төгрөгт ч авах боломжтой гэдгийг Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан манайд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

-          ХОНИНЫ НЭХИЙ 100 ТӨГРӨГ ЮМ БОЛ НЭХИЙ ДЭЭЛ ЯАГААД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ  -

Өнгөрөгч хавар Дархан хотод болсон Эдийн засгийн форумын үеэр очсон сэтгүүлчдэд “Дархан нэхий”компани өөрийн үйлдвэртэй танилцах азтай завшааныг олгосон юм. Сүүлийн үед манай үндэсний үйлдвэрлэгчдийн савхи, ноолуур, нэхий дээлний чанар, загвар олон улсын зах зээлд гологдохооргүй болсон тухай ярьцгаах болсон. Мэдээж хүрээгээ тэлэх тусам улам сайжирдаг бизнесийн онолыг бид мартах учиргүй. “Дархан нэхий” компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ би нэг л зүйлийг их гайхсан юм.

Ганцхан нэхий дээлийг 12-13 шат дамжлагаар оруулж байж, хэрэглэгч таны гар дээр аваачдаг гэвэл итгэх үү???

13 шат дамжлага тус бүр дээр 1-2 ажилтан байна. Ингэхээр нэхий дээл хийх бэлэн материал болгох буюу гүн боловсруулалтыг 13 хүн хийдэг ажээ.

Дараагаар нь будганд оруулж, бэлэн болгосон 7-8 арьсаар зөвхөн нэг нэхий дээл хийдэг гэнэ.

Нэхий дээлээ хийсний дараа худалдаанд гаргана. Ингэхдээ бүх төрлийн татварыг тухайн нэхий дээлний үнэд шингээж өгч байж, үйлдвэрийн ажилчиддаа цалинг нь олгоно шүү дээ. Энэ бол их энгийн асуудал л даа.

Гол учир нь манай улсын татварт л байгаа юм.

Хятад, Орос улсууд манай зах зээл дээр яг ижил төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалахдаа импортын тавхан хувийн татвар төлдөг. Ганзагын наймаачдын тухай яриад ч хэрэггүй. Тэд хэзээ ч гаднаас оруулж ирж байгаа бараандаа татвар төлж үзээгүй.

Харин Монголын үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ Орос, Хятдад худалдаалахын тулд тухайн улсад импортын 40 хувийн татвар төлдөг.

Жилд арай гэж 20000 ширхэг нэхий дээл үйлдвэрлэчихээд, гадны зах зээл рүү гаргах гэхээр ийм хэмжээний татвар төлөхийг шаарддаг.  Ийм л татварын орчинд өнөөдөр Монголын үндэсний үйлдвэрлэгчид бор зүрхээрээ ажиллаж байна.

Наанадаж импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй шударга өрсөлдөх боломжийг нь олгож өгөх ёстой шүү дээ.

Яаж ч хичээсэн татваргүй бараатай татвар төлдөг бараа өрсөлдөх боломжгүй. Хэрэглэгчид хичнээн үндэсний үйлдвэрлэлээ бодсон ч арай хямдыг нь л авдаг. Байдал ийм л байна. Гэхдээ зөвхөн татвараас шалтгаалж нэхий дээл сая төгрөгөөр зарагддаг гэвэл бас худлаа.

-          МАЛЧИД ХЭЗЭЭ Ч ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ БОДДОГГҮЙ -

Хониний нэхий, ноосоо улсад тушаасны хариуд малчдад мөнгөн урамшуулал олгодог болсоор хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өмнө нь тэд хонины ноос, нэхийгээ Хятад ченжүүдэд ахиухан үнээр худалдаалчихдаг байсантай холбоотой юм.

Мэдээж зовж өсгөсөн малынхаа түүхий эдийг арай ахиухан үнэ хэлсэнд нь өгч байгаа нь малчдын буруу биш.

Харамсалтай нь тэд үндэсний үйлдвэрлэгчдээ асар их хохироож байна гэдгээ хэзээ ч ойлгодоггүй. Хятадууд малчдаас хямд худалдаж авсан хонины арьсаа хагас боловсруулж өөрийн улс руу гаргаад, бүтээгдэхүүн болгож, буцаагаад монгол руу худалдаалдаг гэвэл та итгэх үү. Яг ийм маягаар хятадууд манайд бизнес хийгээд нэлээд удлаа.

Үүнд хяналт тавьдаг, татвар тогтоодог ямар ч байгууллага монголд алга.

Мөн манай малын арьс, түүхий эд чанаргүй байгаа тухай олон улсын хөрөнгө оруулагчид удаа дараа хэлж, сануулсаар байгаа.

Цаашид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, түүхий эдээ чанаржуулахгүй бол 50 сая мал зүгээр л өвс иддэг, бэлчээр сүйтгэдэг хэрэгцээгүй мал болохоор байна.

Малчдаас худалдаж авдаг 100 арьсны 20 нь чанарын шаардлага хангадаг бол 80 нь нядалгааны үеийн гэмтэлтэй, янз бүрийн халдварт өвчний сорвитой, чанаргүй байдаг учир бранк болж гардаг гэнэ. Энэ нь малчдаас аль хэдийн худалдаж аваад, хагас боловсруулалтын үед л мэдэгддэг тухай тус үйлдвэрийн ажилтан тайлбарлаж байсан. Яагаад малчид цаг тухай бүрт нь малдаа вакциныг нь хийлгээд, малаа эргэлтэнд оруулаад байж болдоггүй юм бэ. Зөвхөн малчдын хувийн хариуцлагаас үүдэж бүх л бүтэн улсын түүхий эдийн үнэ, чанар нь дэлхийн зах зээлд унаж байна шүү дээ.

Энэ мэт асуудлууд үйлдвэрлэгчдэд маш их тулгардаг.

Гэтэл бид алга урвуулахын төдийд л нэг нэхий дээл хийчихээд, бидэнд үнэтэй зараад байна гэж гомдоллох нь зүйд нийцнэ гэж үү.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 November 2016

малчдын арьс шир яагаад үнэ хүрэхгүй байна.түүгээр хийсэн эд зүйл хямд баймаар байна

Сэтгэгдэл бичих