Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар амжилттай үргэлжилж байна

14768413795806cfa3075f9Сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох сонгууль өнөөдөр өглөө 07.00 цагаас  орон даяар эхэллээ. Орон нутагт төрийн үйлчилгээг хүргэх нутгийнэ өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох энэ сонгуулиар сум дүүргийн  иргэдийн хурлын 7282 төлөөлөгчийг сонгоно. Энэ сонгуульд улстөрийн 10 намаас нэр нэвшсэн 14489, бие даагч 723,  нийт 15212 нэр дэвшигч өрсөлдөж байна.  Бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан энэ өдөр иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулж их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байгаа аж.

Хоёр буюу түүнээс дээш мандаттай тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдэд саналаа өгөхдөө заавал нэг намын нэр дэвшигчдийг дугуйлах албагүй. Тухайн сонгогч өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгнө

Иргэд саналаа өгөхдөө санал авах байранд ажиллаж буй улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулж, тухайн ажилтан нь иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, түүнчлэн тухайн хэсэг дэх сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэх юм байна. Ингээд зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгох юм байна.

Хэрэв гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон бол таны иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчийн нэрийн жагсаалттай тулгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож болох юм байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй сонгогч хурууны хээгээ автомат төхөөрөмжид уншуулахгүйгээр нэрсийн жагсаалтад нэр нь байвал саналаа өгөх боломжтой аж.

Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох нь иргэн та өдөр тутамд тохиолддог асуудлаа шийдэхэд туслах хамгийн ойрын чухал хүнээ сонгож байна гэсэн үг юм.

Тиймээс нийт иргэддээ өөрсдийхөө ирээдүйн төлөө сонгуульдаа  идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сонгуулийн санал хураах ажил оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих