Г.Эрхэмбаяр: Бид аврагч овогтой нэг цул хамт олон
Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны дарга, үндэсний бөхийн улсын аварга, хурандаа Г. Эрхэмбаяртай уулзаж ярилцав. Тэрбээр спорт хорооны ажил байдал, тамирчдынхаа амжилтын талаар ингэж ярьж байна.
-“Аврагч” спорт хороо хэзээ байгуулагдсан билээ?
-Байгуулагдаад арваад жил болж байна. БХЯ-ны “Алдар” спорт хороог бодвол залуухан гэж болно. Гэхдээ манай хорооны үйл ажиллагааны цар хүрээ өдрөөс өдөрт өргөжиж тамирчдын маань амжилт өсч байна даа.
-Танай хорооны үйл ажиллагааны онцлог гэвэл та юу хэлэх вэ?
-Онцгой байдлын байгууллага нэрэндээ зохицсон онцгой газар. Тийм болохоор манай хороог байгуулсан зорилго нь гэвэл албан хаагчдынхаа бие бялдрыг чийрэгжүүлж, онцгой албандаа хүн бүрийг бэлэн байдлаа хадгалж байхыг чухалчилсан гэж болно. Эрүүл чийрэг бие бялдартай хүн мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхын хувьд сайн байдаг шүү дээ.
Үүний учир бид зөвхөн тамирчид гэлгүй онцгой байдлын бие бүрэлдэхүүнийхээ дунд нийтийн биеийн тамирын олон арга хэмжээ зохион байгуулдаг. Албан хаагчдынхаа бие бялдрын хөгжлийг зөв жолоодсоноор хурд хүчтэй болгож, тэсвэр хатуужил суулгаж байгаа юм.
Аврагчид бие султай дорой байвал үүргээ ямархуу гүйцэтгэх нь мэдээж шүү дээ. Энэ талаар ойлголт муутай хүмүүс мэр сэр байдгаас болж спорт хороодыг татан буулгаж клуб болгосон удаа ч бий.
-Танайхаас тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаж буй тамирчин олон уу?
-Олон. Манай тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жүдо, самбо бөхийн төрөлд алтан медаль 10, мөнгөн медаль найм, хүрэл медаль 15-ыг авсан бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 алттай, 20 гаруй медаль аваад байна.
Үүн дээр олон улсын тэмцээнээс 40 илүү медалийг нэмж авсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс авсан зөвхөн алтан медаль гэхэд 113 бий. Манайхны гол өрсөлддөг төрөл нь хүндийн өргөлт, байт харваа, талбайн теннис, самбо, жүдо, чөлөөт, кураш бөх байгаа.
-Энд дурдагдаагүй гал унтраах техникийн олон төрөлт тэмцээн бол танай тамирчдын амжилтад зайлшгүй жагсах төрөл биз дээ?
-Тийм ээ. БНСУ-ын Жинжү хотод болсон энэхүү олон төрөлтийн ДАШТ-д манайхан амжилттай оролцож довтолгооны шат болон байлдааны тархалтын торолд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчилж долоон тамирчин олон улсын Хэмжээний мастерын болзол хангаж багаараа долоодугаар байрт шалгарч байлаа.
-Спортын зэрэг цолтой тамирчин олон биз?
-“Аврагч” спорт хороо байгуулагдсанаас хойш тамирчдын маань амжилт өсч сүүлийн хоёр жилд гэхэд ОУХМ 27, спортын мастер 42, дэд мастер 76 төрөөд байна.
Энэ нь спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж аврагчдын бие бялдрын төвшин дээшилж байгааг харуулах үзүүлэлт юм даа. Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд бидний болон спорт холбооны эцсийн зорилго бол олимп хийгээд тив, дэлхийн хэмжээний тамирчин олныг бэлдэхэд чиглэж байдаг юм. Үндэсний бөхөөр улсын цолтой бөхчүүд бий. Энэ талаар уншигчид сайн мэдэх байх аа.
-Монголын бүх ард түмний спортын их наадамд хэрхэн оролцсон билээ. Танайхан?
-Сүүлийн хоёр их наадамд манайхан тун сайхан амжилт үзүүлсэн. Энэ онд болсон XIV их наадамд манай баг, тамирчид арван гурван төрөлд оролцож зуны спортын төрлөөр 17 алтан медаль авлаа. Мөн өвлийн спортоор гуравдугаар байрт орсон. Тэгээд нийт авсан медалийн тоогоор хоёрдугаар байрт шалгарсан.
Энэ бол онцгойнхон гэдэг тодотголтой тамирчдын маань сод амжилт юм. Манай эмэгтэй волейболын баг их наадмын алтан медаль авсан. Нийт 17 багаас тодорч шигшээ тоглолтод “Эрчим” багийг 3:0 -ээр хожиж аваргалсан нь бахархууштай амжилт болсон. Мөн сагсанбөмбөгөөр эмэгтэй баг аваргаар тодорсон. Түүнээс гадна манайхны олон алтан медаль авсан төрөл хөнгөн атлетик л даа.
Гүйлтийн төрлөөр А.Ариунаа, Б.Ачитбилэг, Б.Солонго, уртын харайлтад Б.Эрдэнэ-Очир нар тус бүр 2-3 алтан медаль хүртсэн юм.
-Тив, дэлхийн тэмцээнд байнга оролцдог тамирчид ч бий байх. Харин олимпод хэдэн тамирчин оролцуулсан бэ?
-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нар “Аврагч” спорт хороогоо төлөөлж “Рио-2016” олимпод оролцсон. 90 кг-д зодоглосон Л.Отгонбаатар анхныхаа олимпод амжилттай барилдаж шагналт тавдугаар байрт орсон. Мань хүн олимпийн медалийн оосроос атгаад л алдсан даа.
-Танай спорт хороо заал танхим болон материаллаг баазын хувьд хангалттай юу?
-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх болоод мэргэжлийн спортод хамрах хүрээг өргөтгөх боломжтой спортын ордонтой л доо. Энэ ордондоо чийрэгжилтийн танхим, 256 хүний суудалтай улс бүсийн болон олон улсын тэмцээн зохион байгуулахуйц томоохон заалтай. Тамирчид маань байнгын бэлтгэлтэй байх бүрэн боломж бий.
-Тамирчдынхаа залгамж халааг бэлтгэхэд хэр анхаардаг вэ?
-Анхааралгүй яахав. Г.Шийрэв багш бөхийн өсвөр үеийн секц ажиллуулдаг. Ер нь энэ хүний шавь нараас сайн тамирчин олон төрж байгаа, сайн дасгалжуулагч даа.
Д.НАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: