Улстөржилтөө зогсоож, улсын ажлыг бодоцгооё

4110

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөлөө. Маргааш сонгогчид саналаа өгснөөр энэ жилийн сонгуулийн буухиа дуусгавар болж байна. Нэгэнтээ энэ жилийн сонгуулийн цикль дуусгавар болсноор намуудын улстөржилт намжина. Улс төрийн хөөсрөл, хөөрөгдөл бидэнд эерэг үр дүн авчрахгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Одоо улс төржилтээ хойш тавьж, нийгэм, эдийн засгаа бодитой дүгнэж, цэгнэж, сэргээн тогтворжуулах цаг ирлээ. Тиймээс  төр, засгаас эхлээд энгийн иргэд хүртэл энэ жилийн орлого зарлагаа тооцож, ирэх жилийн төсвөө хэрхэн бүрдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх вэ гэдгээ төлөвлөх үе.

Сум, дүүргийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан дөнгөж нээлтээ хийгээд байсан намрын чуулганыг түр завсарлуулсан. Түр завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 2017 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар орж байгаа. Үргэлжлээд 2017 оны мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл өргөн баригдсан, ээлжээ хүлээгээд гишүүдийн ширээн дээр байгаа байх.

 

Эдийн засаг өнгөрсөн жилүүдэд хумигдан, агшсаар ирснийг хэн хүнгүй мэднэ, басхүү өнөөгийн үнэмлэхүй олонхи ч “эдийн засаг муугийн муу байна” гэж төр, засгийн эрхийг барьсан өдрөөсөө өглөө бүр улиглан сануулж байгаа. Харин одоо эрх баригчид өнгөрсөн парламент руу бурууг чихэж, толгойгоо сэгсрэн, гараа хумин суух эрх байхгүй. Нэгэнтээ “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гээд сонгогчдын итгэлийг өвөрлөн парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-ынхан хоногийн 24 цагтай уралдан, амралтгүй ажиллаад ч хамаагүй эдийн засгаа хурдан хугацаанд тогтворжуулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үүрэгтэй. Үүнийг төлөө л сонгогчид тэдэнд төр, засгийн эрхийг дангаар барих эрх олгосон.

 

Энэ өдрөөс хойш “Эдийн засаг муудаж, өр зээлэндээ баригдсан нь өнгөрсөн парламентын алдаа” гэх үгээ тоть шиг давтахыг төр, засгийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд зогсоочих хэрэгтэй. Харин үүний оронд хийж байгаа, цаашид хийх ажил, арга хэмжээгээ сурталчлан тайлбарлах нь олон нийтэд өег тусна биз.

 

Төр, засгийн гэхээсээ хотын парламентын ажил нэг бодлого, нэгдсэн зарчмаар явагдаад байгаа тал ажиглагдана лээ. Нийслэлийн өмнөх удирдлагууд ч хотод бүтээн байгуулалтыг өртөг өндөртэй хэдий ч өрнүүлж чадсан. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан юм билээ. “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгчээ. Иймд нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий тус барилгын зоорийн давхар болон 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламжийг бүртгэн авсан байна. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн хэдий ч орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй байгаа болон одоог хүртэл орох оронгүй байгаа 366 айлаас эхний ээлжинд нийслэлийн удирдлагууд 140 гаруй айлыг түр суурьшуулах орон сууцанд оруулахаар шийдвэрлэжээ. НИТХ-ын шийдвэрийн дагуу “Баярс констракшн” компанийн 132 айлын орон сууцанд түр амьдрах айлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд түлхүүрийг нь гардуулсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өмнөх удирдлагуудын хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэсэн үгэндээ хүрч, ажлаараа харуулж байна. Гэр хорооллыг орчин үеийн орон сууцны хорооллоор солих дахин төлөвлөлтийн ажилд олон компани оролцож байгаа аж. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг шинэ зарчмаар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Цаашид ажлаа үр бүтээлтэй явуулж байгаа компаниудтай гэрээг үргэлжлүүлж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг эрчимтэй барилгажуулах юм билээ.

 

Хотын удирдлагууд ийнхүү ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдрүүлээд эхэллээ. Харин төр, засгаас ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын таатай орчин бүрдүүлэх, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зэрэг ар араасаа ундарсан олон асуудлын шийдвэр төдийгүй хэрэгжилтийг хүлээж байгаа.

 

Н.Энхлэн

Эх сурвалж:Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/474753.htm

 


URL:

Сэтгэгдэл бичих