Улс гэрээ “самрахад” хэмжээ хязгаар бий шүү, нөхдөө
Монголчууд бид бүхэн 2016 оны хамгийн чухал хоёр дахь сонголтыг хийхэд ерөнхийдөө бэлэн болоод байх шиг байна. Өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил гэж нэр дэвшигчид өөрсдийн тойргуудад ажиллаж, хийж бүтээх их үйлсээ ярьсаар сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгалаа.
Ингээд маргааш монголчууд нэн чухал сонголтыг хийх болно. Энэ сонголтоо хамаарч улс орны ирээдүй шийдэхээс гадна та бүхний сонгох сонголтоо хамаарч таны оршин байгаа аймаг, орон нутаг, сум дүүргийг хөгжил харагдах учиртай.
Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуулийг эрх баригчдын зүгээс чухал хэмээн онцолж засаглалын бүхий л эрх мэдлийг шат шатанд нь өөрсдөдөө өгөхийг иргэдээсээ хүссэн байх. Харин сөрөг хүчин нь өөрсдийгөө эрх мэдлийг хэсгээс “зуух” ёстой гэсээр энэ хэдэн өдрүүдэд иргэдийг төөрөлдүүлж орхилоо. Өөрөөр хэлбэл “толгой” нь МАН болсон цагт “хөл” нь АН байх ёстой гэх яриаг ч сошиал ертөнцөөр тархаж байв. Харин амьдралд дээр энэ нөхцөл байдал арай өөр байдаг гэдгийг нуух юун. Дээр нь олонх болгож эрх мэдлийг нэг намд өгчихөөд УИХ болон Засгийн газраас гаргасан бүхий бодлого шийдвэрүүдийг иргэдийн гарт хүргэх ёстой анхан шатны нэгжүүдэд өөр намын төлөөллийг сонгоно гэдэг яавч зөв сонголт биш. АН-ынхан ч гэсэн дөрвөн жилийн өмнө яг энэ үгийг хэлж тоть шиг давтсаар шат шатандаа олонх болж чадсан түүхтэй. Гэвч тэд энэ удаад дөрвөн жилийн АН биш юм шиг аашилж бүх зүйлийг өөрсдөөсөө түлхэж, ариун цагаан хүмүүс мэтээр аашилцгааж байх юм.
Энэ удаад сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа аж. Төрийн байгууллагын доод шат буюу гол хэрэгжүүлэгч төвшинд ажиллах хүмүүс хамгийн чухал байдаг. Тэр тусмаа иргэн таньтай хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс юм. Тиймээс энэ удаагийн сонгуульд ч гэсэн УИХ-д олонх болгосон намаа дэмжих зүйтэй хэмээн ард түмэн ярилцаж байгаа юм. Тэр ч нь зөв байх. Учир нь дээд шатны байгууллагуудаас гаргасан улс төрийн болон бодлогын шийдвэрүүдийг түргэн, шуурхай иргэдийн амьдралд нэвтрүүлэх ажлыг сум, дүүрэг, хорооны ажилтнууд л хийдэг. Дээд шатны бодлого тодорхойлогчдыг нэг намаас олонх болгочихоод доод шат буюу хэрэгжүүлэгч түвшиний ажилтнуудыг өөр намаас сонгох нь туйлын учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл нэгэнт итгэл хүлээлгэсэн намдаа дөрвөн жил итгээд, найдаад, хүлээгээд үзэх хэрэгтэй юм. Ер нь өнөөдрийн энэ хүнд хэцүү үеийг ямар нам, хэн хэн гэдэг бодлого тодорхойлогчид бидэнд авчирч өгсөн гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд энэ улсыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан буруутан нь яалтчгүй 2012-2016 онд эрх барьж байсан улс төрийн хүчин юм. АН-ынхан 2012-2014 онд “Чингис”, “Самурай” бондуудыг гаргаж нийт 2.1 тэрбум ам.долларын зээл авсан. Ирэх жилээс эхлээд бондын мөнгөний эргэн төлөлт эхэлнэ. Ингэхийн тулд төсөвтөө таналт хийж, бүсээ чангалахаас өөр ямарч гарц бидэнд үлдээсэнгүй.
Өр зээл тавьж олсон хэдэн төгрөгийг нь Н.Алтанхуяг тэргүүтэй, Н.Батбаяр, Н.Мөнхбат удаатай нөхдүүд гарын салаагаараа ургаж Монголын ард түмнийг доромжилж байна. Гоё дээл өмсөж сайдтай золгосон гэж татвар төлөгчдийн мөнгийг 3.5 саяар нь үрж байгаа нь тэгээд ариун явдал байсан уу. Түүгээр ч барахгүй намын даргаа сонгож чадахгүй, хурлаа хийж чадахгүй эрх мэдлийн төлөө “алалдан” тэмцэлдэж буй нөхдөд ямар эрүүл ухаантай хүн улс орныхоо хамгийн чухал орон зайг даатгах билээ дээ.
Ийм байхад бид ямар сонголт хийх вэ гэдэг сонин. Харин өнгөрсөн жилүүдээ мартаад, хамаг шаар шавхайг нь цэвэрлэх гэж нэр нүүрээ барьж яваа Засгийн газрыг өөрсдөө тэнгэрээс буугаад ирсэн мэтээр муулж гоочлох нь иргэдэд яг үнэндээ төдийлөг таалагдахгүй байгаа байх шүү. Монголын ард түмний сонголт мэргэн байг. Хүссэн хүсээгүй ард түмэн дөрвөн жилийн дараа хатуу дүн тавьдаг гэдгийг сайн ойлгосон биз ээ.
Г.Сүрэн
zaluu.com
URL: