Сэтгүүлчид цэц мэргэнээ сорьсон спорт уулзалт боллоо

1476684843_1-153400-1127740942Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Монгол-Солонгос анд нөхдийн спорт уулзалт”-ыг Тэрэлж байгалийн цогцолбор газрын “Хос Хад” жуулчны баазад энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн спорт уулзалтын гол зорилго нь Монгол үндэсний нум сум харвааны ёс жаяг, түүх уламжлалыг таниулж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон ЭСЯ-ны ажилтнуудын дунд халх сурын харвааны тэмцээн зохион байгуулах, хоёр ард түмний үндэсний хувцас, хоолны соёлыг харилцан сурталчлахад оршиж байв.

Монгол Улсад БНСУ-аас суугаа Элчин Сайдын Яамны нийт арван ажилтан, Монголын хэвлэл мэдээллийн бүхий л салбарын төлөөлөл болох 70 гаруй сэтгүүлч оролцсон. Өдөрлөгт Монгол сурын “Онч” холбооны харваачид уригдан оролцож, монгол сурын уламжлал дэг жаягтай танилцуулж, зөв мэргэн харвах арга техникт оролцогчдыг зааж сурган тэмцээнийг мэргэжлийн өндөр төвшинд явууллаа.

Тус холбооны харваач П.Цэрэнням “Анх нум сум барьж байгаа гэхэд Монголчууд маань маш эв дүйтэй байлаа. Солонгос анд нөхөд маань ч бас сайн харваж, идэвхтэй оролцлоо” гэж ярив.

Сурын харваанд хэвлэл мэдээллийн салбар бүрийн сэтгүүлчдээс бүрдсэн баг тутамд БНСУ-ын ЭСЯ-ны нэг ажилтан оролцсон дөрвөн гишүүнтэй, нийт найман баг цэц мэргэнээ сорьсныг хувийн болон багийн гэсэн хоёр төрлөөр байр эзлүүлэв.

Тэргүүн байрт шалгарсан багийг МСНЭ-ийн нэрэмжит цом, медаль, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр, хоёрдугаар байрт орсон багийг медаль, өргөмжлөл 600.000 төгрөг, гутгаар байр эзэлсэн багийг медаль, өргөмжлөл, 300000 төгрөгөөр тус тус шагнав.

Ганцаарчилсан төрлийн тэргүүн байрт МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний сэтгүүлч Д.Өлзийсайхан шалгарч алтан медаль, өргөмжлөл, 500.000 төгрөг, хоёрдугаар байрт МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх “МОНТА” студийн зураглаач Ч.Гэрэлт-Од шалгарч медаль, өргөмжлөл 300.000 төгрөгөөр шагнуулсан бол гутгаар байрт шалгарсан “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа медаль, өргөмжлөл, 150.000 төгрөгийн бай шагнал хүртлээ.

Анд нөхдийн спорт уулзалтын үеэр БНСУ-ын ЭСЯ-наас “Солонгос улсыг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн зохион байгуулахад “Засгийн газрын мэдээ” сонины ахлах дизайнер Д.Хулан шалгарч “Улаанбаатар-Пусан” чиглэлээр ирж очих онгоцны тийзээр шагнуулсан бол Breakingnews.mnсайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул дараагийн азтанаар шалгарч “Улаанбаатар-Инчон”-ы нислэгийн тийзээр шагнуулав.

Мөн дууны тэмцээнд МҮОНТелевизийн дуу оруулагч Т.Эрдэнэбаяр түрүүлж МСНЭ-ийн нэрэмжит шагналаар шагнууллаа.

Тус арга хэмжээнд оролцсон сэтгүүлчид сэтгэл нэн хангалуун байсан бөгөөд “МОНТА” студийн зураглаач Ч.Гэрэлт-Од “Монгол сурын харвааны гайхамшгийг мэдэрлээ. Энэхүү уламжлалт спортын төрлөөр аль болох олон хүн хичээллэх хэрэгтэй юм байна” гэсэн бол зарим сэтгүүлчид “Ийм хатуу чанд ёс жаягтай гэж бодож байсангүй. Сурын талбайд билэг дэмбэрэлтэй сайн сайхан үгсээр харилцдаг нь их сайхан санагдлаа” гэлээ хэмээн МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ-ээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих