Хаанаас ирсэн харь гаригийнхан “Хамтын тэтгэвэр”-ийг үгүй хийв ээ
Хүмүүний амьдрал хугацаатай. Яст мэлхий энэ тэрийг бодвол хариугүй богино настай ч ялааг дагуулахааргүй урт удаан насалдаг нь үнэн. Гэхдээ хүн гээч энэ амьтны утга учиртай амьдралын нь хугацаа тун богино. 20 орчим л жил байх. Тэгээд л 60 хүрэв үү, үгүй юу хүний данснаас хорвоогийн жамаар хасагдаж эхэлдэг нь туйлын үнэн болой. Бяр чадал нь буурч, алхах гишгэх, идэж уух нь хүртэл хэмжээтэй болдог гэсэн үг л дээ
Нэг нөхрөөс найз нь ингэж асуусан байдаг юм. “Чи төр улсдаа ингэхэд юу өгсөн нөхөр вэ?” гэж. Нөгөөх нь,” Эхнэртэй болсон. Гурван хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн, сайхан хүмүүжилэй, сайн иргэн болгож өгсөн дөө” гэсэн тухай яриа байдаг.
Хүний утга учиртай амьдралын зурвас үе гэж магадгүй үүнийг хэлэх байх. Гэр бүлээ зохиож, хүүхэд төрүүлж, түүнийгээ өсгөж хүмүүжүүлэн, эх орондоо их зүйлийг бүтээх иргэн бэлтгэж өгнө гэдэг тийм ч муу, бас амархан ажил биш байх. Чухамхүү энэ үедээ л ажил амьдралын амт шимт, хийж бүтээхийн хүсэл мөрөөдөл, аав ээжийн ачлал буян, амраг ханийн хайр энхрийлэл, алаг үрийн инээд баясал гээд хүн болсныхоо аз жаргалыг бүрэн эдэлдэг биз. Давхар асар их хариуцлага ногддог гэсэн үг л дээ. Энэ үе бол хүний 40-60 нас. Хоёр биеэ нэг болгоод л амьдралынхаа төлөө ид зүтгэдэг нас. Гэтэл яг энэ үедээ нэг нь эндэх шиг хатуугаас хатуу зовлон хорвоо дэлхий дээр бий гэж үү.
МАН-ын данагарууд зөвхөн өөрсдийнхөө аав ээжээр бүхнийг хэмжсэндээ ээ хуулийг тоох ч үгүй нулимаад хогийнхоо сав руу шидчихлээ.
Хүмүүс янз бүрийн л шалтгаанаар бурхны орныг зорьдог. Ямартай ч манай Ерөнхий сайдын хэлснээр энэ нэг юм үхээд далдраасай, тэтгэврийг нь авах юмсан гэж бодоод сууж байдаг хөгшид бий юу. Байхгүй дээ. Хүн ам олонтой хятадууд л тэгж бодож суудаг байж магадгүй юм. Гэхдээ ийм зовлон тохиолоо гэхэд урвайж унжийгаад байдаг чанар монголчуудад үгүй. Үлдсэн нь амьдралынхаа төлөө өвдөг сөхрөлгүй өндийгөөд л зүтгэж харагддаг. Ингэхэд эрчүүд маань ихэвчлэн түрүүлээд “явчихдаг” учраас хөөрхий ээжүүд л шүдээ зууж, хормойгоо шуугаад босно шүү дээ.
Өнөөдөр Монголд 70-аас дээш настай 71 мянган хүн байна. Үүнээс 80 настай 50 мянга, 90-ээс дээш настай 2000 ахмад бий гэсэн тоо гаргасан байна билээ. Тэгвэл өөр бас нэг тоо баримт сонирхуулъя. Өнгөрсөн жил гаргасан судалгаагаар Монгол улсын хүн амын дундаж наслалт 69,57 ба үүнээс эмэгтэйчүүдийнх 75,49, эрчүүдийнх 65,91 гэсэн тоо гарсан байна билээ. Мөн насны бүтцээр нь авч үзвэл 15 хүртэлх насны хүүхэд 28,0, 15-64 насны хүмүүс 68.0 хувь, 65-аас дээш насны хүн 4.0 хувийг эзэлдэг гэжээ. Тэгвэл эндээс өнгөрсөн УИХ-ын гялайж гялтайх шийдвэрийн нэг болох “Хамтын тэтгэвэрийн тухай хууль” монголчуудынхаа хэдэн хувьд зориулагдах байсан нь хэнээр ч хэлүүлэлтгүй харагдахаар байгаа биз. Үүнийх нь төлөө ч үргэлж л хулигаан энэ тэрээрээ дуудуулдаг байсан С.Эрдэнийг манайхан бас дахин сонгосон юм шүү дээ. Тиймээс ардчиллын хүүхдүүд чинь харин ч нэг хүн зоныхоо төлөө ганц гайгүй хууль гаргалаа хэмээн хөгшин хөвөөгүй, тэтгэвэрт гарсан, гараагүй ялгаагүй бөөн баяр болж байв даа. Гэтэл одоо яав. Хаанаасаа ирсэн харь гаригийнхан бэ гэмээр хүмүүс нөгөө ганц гялайж, гялтайх хуулийг нь цуцлаад “Эрдэнийн хишиг” гэх шиг инээд хүрмээр юм гаргаж ирчихээд сууж байх юм
Монгол улсын хүн амын дундаж наслалт 69,57 ба үүнээс эмэгтэйчүүдийнх 75,49, эрчүүдийнх 65,91 гэсэн тоо гарсан.
Ингэхэд тэтгэврийн нас эмэгтэйчүүдийн хувьд 55, эрчүүд 60 хүрч байж эхэлдэг гэсэн нэг тоо бий нь бий. Гэтэл эд нараасаа хамаагүй эрт буюу 40 эргэм насандаа тэтгэвэртээ суух болдог хэсэг бүлэг хүмүүс байдгийг энэ төр засгийнхан мартчихдагюм шиг байна аа. Ялангуяа цэргийнхнийгээ. Хил дээр 20-иод жил үүр цайлгасан цэрэг эр нэмэгдэл сар жилтэйгээ нийлээд 40 хүрэхгүй насандаа тэтгэвэртээ суух тал бий. Уурхайчид байна. Ер нь хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдгээрээ тун эрт гавьяаныхаа амралтыг эдлэх болдог олон мэргэжил манайд бий шүү дээ. Чухамхүү тэд нарт эрсдэл гарсан үед өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох, үлдсэн нь ч, үлдээгээд явж байгаа нь ч сэтгэл бага зэрэг амрах юмны нэг ний нуугүй хэлэхэд энэ хууль байлаа. Даанч МАН-ын данагарууд зөвхөн өөрсдийнхөө аав ээжээр бүхнийг хэмжсэндээ ээ хуулийг тоох ч үгүй нулимаад хогийнхоо сав руу шидчихлээ. Тэд мөнгөтэй. Хөрөнгөтэй. Тэд нарын аав ээж хэнээс ч, юу ч гуйхааргүй байж болох ч улстөрч ухаантай л юм бол бөөр алаг хорвоогийн хар, цагаан амьдралыг ард түмнийхээ өмнөөс бодож үзсэн бол арай ч ийм шийдвэр гаргахгүй байсан болов уу. Нөгөө талаас энэ үйлдлийг хүнээ биш мөнгө хардаг, боддог, мөнгө төгрөгтэй орчинд өссөн, мөнгөний төлөө үхэн хатан тэмцэлдэж ирсэн, мөнгөний нийгэмд хар нялхаасаа амьдарч, суралцсан нэг ёсондоо нялхсын өвчнөөсөө салаагүй Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын амьдрал мэдэхгүйн харгайгаас ард түмэндээ хийж байгаа 10 хар нүглийн нь нэг гэж хэлэх байна.
Н.Асралт
24tsag.mn
URL: