Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эх хүний нинжин сэтгэл үгүйлэгдэж байна эмэгтэй гишүүд ээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмээс гадуурхагдан үзэж харах зүйл хомс гэртээ өдөр хоногийг өнгөрөөдөг. Манай улсад тэдэнд зориулсан үзвэр үйлчилгээний газар бүү хэл, сурч боловсрох сургууль ч хуруу дарам цөөн. Цэцэрлэгийн хувьд бүр ч ярилтгүй. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хоёр гуравхан цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг сая хүн амтай метрополис хот бяцхан багачуудынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгааг эндээс харж болохоор.
Монголдоо ганц байдаг тархины саажилт/дауны хам шинж/-тай хүүхдүүдийг хүлээн авдаг сувиллын 10 дугаар цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа барьжээ. Тодруулбал тус цэцэрлэгийн байрыг стандарт хангахгүй, нураах шаардлагатай гэсэн холбогдох байгууллагын дүгнэлт гарч, үүд хаалгийг нь бариад дөрвөн жилийн нүүрийг үзээд байна. Одоогоор аравдугаар цэцэрлэгийнхэн “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын дөрвөн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Энэхүү цэцэрлэг нь анх 1964 онд ЭМЯ-ны шийдвэрээр 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асардаг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж 1991 оноос эхлэн суурь өвтэй хүүхдүүдийн сувиллын ясли болжээ. Улмаар 1997 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд ЭМЯ-ны шийдвэрээр боловсролын салбарт шилжин сувиллын цэцэрлэг-яслийн 10 дугаар цогцолбор болон өргөжжээ. Харин 40 гаруй жилийн настай улсдаа ганцхан байдаг энэхүү цэцэрлэгт үе үеийн төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн , УИХ-ын гишүүд гээд хэн нь ч ирж тусалж дэмжиж үйл ажиллагаатай нь танилцаж байгаагүй аж. Өөрсдийн бор зүрхээрээ ардын хүүхдүүдийг зүгээр ч нэг хүүхэд бус тархины саажилт/дауны хам шинж/-тай хүүхдүүдийг хүлээн авч эмчилгээ сувилгаа хийн, асарч эцэг эхчүүдийн хүнд ачаанаас үүрэлцэж иржээ.
Гэвч бэрхшээлийн өмнө аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөж тус цэцэрлэгт хүмүүжин, сувилуулж байсан 120 гаруй хүүхэд өнөөдөр арай л гудамжинд гарчихаагүй “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын дөрвөн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдний хувьд ердөө дөрөвхөн өрөөнд бахдалцаж ядан сувилуулж, хүмүүжиж байгаа нь даанч эмгэнэлтэй. Тусгай асаргаа, сувилгаа, эмчилгээ шаардагддаг эдгээр хүүхдүүдийн эрх өнөөдөр маш ихээр зөрчигдөж байхад үүнд анхаарлаа хандуулах албаны хүн алга.
Эрх баригчид эрх мэдлийн төлөө улайран зүтгэдэг шигээ хөөрхий бяцхан үрсийнхээ төлөө тус цэцэрлэгийн байрны асуудалд анхаарлаа хандуулбал олон мянган хүүхэд баярлах болно.Сонгуулийн сурталчилгаа, гадаад дотоодод явах зардлын мөнгөө бага зэргийн хасахад улсын хэмжээнд ганц байх энэхүү цэцэрлэгийн байрыг хангалттай шинэчлэх боломжтой. Тус цэцэрлэг багтаамж муутайгаас болоод харьцангуй биеэ даасан хүүхдүүдийг гэрт нь гаргадаг байсан байна. Харин өнөөдөр хүнд хөнгөн хамаарахгүй ихэнх нь гэртээ гарчээ. Харин гэртээ гарах боломжгүй хүүхдүүд нь ойролцоох цэцэрлэгийн нэг өрөөнд хүмүүжиж байна.
Нийслэлийн хэмжээнд тархины саажилттай 1000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тэдний ердөө 120 гаруй нь тус цэцэрлэгт сувилуулан хүмүүжиж байна. Гэртээ байсан тэдгээр хүүхэд ч бусдын адил улс эх орныхоо хайр ивээлд багтан үеийн хүүхдүүдтэйгээ мөр зэрэгцэн сурч хүмүүжин, тусгай халамж анхаарал хүртэх эрхтэй шүү дээ. Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн ч хүн болон хүмүүний алтан дэлхийд ирсэн хөөрхий бяцхан үрсээ эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд , эрхэм түшээд минь эргэж нэг хараач. Монголын төрд эх хүний нинжин сэтгэл үгүйлэгдэж байна бид хатан ухаанаар төрийн жолоог атгалцана хэмээж байсан эмэгтэй гишүүд минь та бүхний өр нинжин сэтгэл хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүүхдүүдэд өнөөдөр илүү их үгүйлэгдэж байна.
URL: