Винтовын Алтансүх: Залуус бид аливаа зүйлийг шүүмжлэхээс илүү бодит ажил хийх хэрэгтэй
Дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргийн гуравдугаар хороонд МАН-аас нэр дэвшиж байгаа Винтовын Алтансүхтэй ярилцлаа.
Та гэр бүлээ танилцуулаач?
Аавыг минь Бөөхүүгийн Винтов гэдэг. Ээжийг минь Сурмаажавын Байгальмаа гэдэг. Хоёулаа Говь-Алтай аймгийн уугуул. Аав маань Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүнээр мөн МАСЗХ-г үүсгэн байгуулж тэргүүнээр нь сонгогдож ажиллаж байсан. Орхон аймгийн Гаалийн газрын даргаар 12 жил ажилласан. Аав ээжээс хоёулаа. Гэр бүлийн хүнийг маань Л.Энхцэцэг гэдэг. Япон хэл аялал, жуулчлалын мэргэжилтэй. Бид хүү охин хоёртой болж дөрвүүлээ болсон байгаа
Та бусдад юугаараа үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг вэ?
Ямарч ажлыг үнэн сэтгэлээсээ, хариуцлагатай гүйцэтгэх заавал амжилттай дуусгахыг хичээдэг. “Thanks MAN” ТББ-ын дэд тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа ЕБС-ын сурагчдын дунд түүхийн мэдлэгийг зузаатгах зорилгоор “Д.Сүхбаатарын нэрэмжит түүхийн олимпиад”-ыг зохион байгуулж ирлээ. “Дархан-Уул аймгийн нутгийн зөвлөл” ТББ аймагтаа математикийн олимпиадыг уламжллал болгон зохион байгуулдаг. Нам төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны номын сан, хэрэглэж байсан эд зүйлсийг МУИС-ийн номын санд хүлээлгэн өгч тохижуулахад гар бие оролцсон нь зохих ёсны үр дүнд хүрсэн. Энэ нь бусдад бага ч гэсэн үлгэр дууриалал болсон байх гэж бодож байна.
Яагаад Эдийн засагч, санхүүгийн мэргэжлийг сонгох болсон бэ?
Би арван жилийн сургуулиа Дархан-Уул аймгийн ШУТИС-ын лицей сургуулийг төгссөн. Ангийн дарга хийдэг идэвхитэй, хичээлдээ сайн сурагч байлаа. Ялангуяа математикийн хичээлдээ их сонирхолтой байсан. Тэгээд л энэ чиглэлээр мэргэжил эзэмшье гэж бодоод МУИС-ын ЭЗС-ийг Банк санхүүгийн мэргэжилээр төгссөн. Оюутан байхдаа Анод банкнаас ажлын гараагаа эхэлж байлаа.
Та улс төрийн сонголтоо хэзээ хийв? Яагаад МАН-ыг сонгох болов?
МАН бол 90 гаруй жилийн түүхтэй, Монгол орныг өдий зэрэгт хүргэсэн улс төрийн ууган хүчин юм. Миний хувьд 2004 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшсэн А.Цанжид гуай, 2008 оны сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшиж байсан Ц.Дашдорж, 2012 онд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Д.Очирбат гуайн сонгуулийн штабд ажиллаж байлаа. 2012 оны сонгуулиар МАН сөрөг хүчин болсон үеэс эхэлж МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд ажиллах болсон . Бодлого, үзэл баримтлал нь цэгцтэй, тодорхой, олон нийтийн итгэлийг хүлээж чадсан нам учир би энэ сонголтыг хийсэн. Мөн БГД-ийн МАН-ын тэргүүлэгчээр ажиллаж байна.
Та Баянгол дүүргийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Эрх баригч нам, Засгийн газраас авч хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг дүүргийнхээ үйл ажиллагаанд тусгаж, ажил хариуцсан нэгжүүд идэвхитэй ажиллавал Баянгол дүүрэг хөгжих боломжтой. Нөгөө талаас иргэд идэвх, санаачлагатай оролцож амьдралаа сайн сайхан болгохыг хичээвэл дүүргийн иргэдийн амьдрал дээшилж сайхан болно гэдэгт итгэж байна.
Сонгогчдодоо хандаж хэлэх таны үгээр энэхүү ярилцлагаа өндөрлүүлье?
Баярлалаа. Та бүгдэд амжилт хүсье. Баянгол дүүргийн иргэд үүнээс сайхан амьдрах боломж бий. Энэ аз жаргалтай амьдарлыг бий болгохын төлөө “Шинэ багийг сонгоё- Шударга ёсыг дээдлэе” гэсэн уриагаар зүтгэх болно. Баянгол дүүргийн иргэддээ ажилд нь амжилт, амьдралд нь сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
URL: