Хуулийг гууль болгосон Хөгжлийн банкны ТУЗ-д ямар хариуцлага тооцох вэ

1525d9a05e5936c04a6b040ff996b924536b77fcБаримт 1.

“Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажилд анх 440 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэвч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байна.

Баримт 2.
III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэхээр зураг төсөл нь гараагүй байхад гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр гүйцэтгэгч компанитай 300 сая төгрөгийн гэрээ хийжээ. Эцэст нь, 300 саяыг бус 1.3 тэрбумыг шилжүүлсэн байна.

Баримт 3.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай. Гэтэл энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байв.
Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байна.

Баримт 4.
Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын 2011 оны 151 дүгээр  тогтоолоор үндсэн дөрөв, туслах 10 дэд нэгжтэй байхаар баталжээ. Гэтэл бараг жил бүр бүтэц, орон тоогоо өргөжүүлсэн байна. Тухайлбал дэд нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн 15 болгох, “Барилга захиалагчийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулах замаар нийт орон тоогоо 168 болгон нэмэгдүүлжээ.

Баримт 5.
“Чингис” бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон байна. Мөн “Самурай” бондын иенийн ханшийн алдагдал гэхэд 130 тэрбумаар хэмжигдэхээр болсон байна.

Баримт 6.
“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд гурав, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, “Хаан” банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

Баримт 7.
Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

 

Баримт 8.

Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар дөрвөн тэрбум 700 сая төгрөг болж өссөн.
Энэ бүх баримт бол Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт явуулсан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийн нэгээхэн хэсэг. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярын олон нийтэд мэдээлснээс үзвэл Хөгжлийн банк “Чингис” бондын талтай дүйх буюу ойролцоогоор 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчилтэй байжээ. Харин энэ зөрчлийн хариуцлагыг Н.Мөнхбат гэж ганцхан хүн хүлээх ёстой юу. Ажил хариуцсан, албан тушаал хашиж байсан хүн нь тэр боловч цаад талд нь үүрэг өгч, чиглүүлж байсан хүмүүс ч бий. Тухайлбал, Хөгжлийн банкийг хариуцаж байсан яам, сайд, мөн энэ хэмжээний зөрчил гарч байхад хяналт тавиагүй ТУЗ-ийн бүрэлдэхүүн ч бас хариуцлага хүлээх ёстой. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Хөгжлийн банкны ТУЗ бүтэц орон тоогоо тогтмол дураараа нэмэгдүүлж байжээ. Уг нь Хөгжлийн банкны ТУЗ-д Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй. Энэ бол цэвэр хууль зөрчсөн шийдвэр. Хуулиар олгогдоогүй эрх эдэлдэг, хуулиас гадуур хөрөнгө зарцуулдаг, тендерийн хууль бидэнд хамаагүй гэдгээр хуулийг буруу тайлбарлаж дураар авирлаж тансагладаг өвчинд Хөгжлийн банк автсан байжээ. Уг нь ТУЗ юу хийх ёстойг Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д маш тодорхой заагаад өгчихсөн. Үүнд, ТУЗ нь “Хөгжлийн банкны стратегийг тодорхойлох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах” гэж заасан. Гэвч тус банкны бизнес төлөвлөгөө оны дунд үед батлагдан гардаг, 2014 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг огт батлаагүй байх жишээтэй. Дээр нь Хөгжлийн банкны тухай хуулийн 18.1.2-д “Хөгжлийн банкны зээлийн бодлогыг зээлийн найдвартай эргэн төлөгдөх зарчимд тулгуурлан жил бүр тодорхойлж батлах” гэсэн хэдий ч Зээлийн бодлогыг 2011 оны наймдугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн 13 дугаар тогтоолоор анх баталснаас хойш огт батлаагүй өнөөг хүрсэн. ТУЗ-ын удирдлага дор гүйцэтгэх удирдлагаас хараат бус ажиллах дотоод хяналтын нэгж байх ёстой ч огт ажиллуулаагүй байгаа юм. Хөгжлийн банк улс дотор хуульгүй улс байгуулчихсан мэт байж. Өөрөөр хэлбэл, хяналтгүйгээр дураар авирлах үүд хаалгыг бүх төвшинд цэлийтэл нээж байгаад ажилласан дүр зурагтай байсан” гэжээ.
Энэ мэтээр хяналтгүй зарцуулалт өрнөж байсны гороор Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил гарсан байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд уг банкны ТУЗ-д багагүй өөрчлөлт орсон байх юм. Нүүдлийн шувуу шиг ирж буцаж байсан хүмүүс Хөгжлийн банкинд “буудаллах”-даа 1.3 их наяд төгрөгийн зөрчил гаргажээ. Энэ бол Монгол Улсын жилийн төсвийн тавны нэг. Ийм хэмжээний мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар шууд л худалдаад авчихаж болох байсан. Мөн 40 мянган иргэнд ипотекийн зээл олгоход хангалттай хүрэлцэхүйц мөнгө. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ч нэмж, хүүхэд бүрт 20 мянган төгрөг тасралтгүй 10 жил олгоход хангалттай хүрэлцэнэ. Гадаадаас авсан зээлийн хүүгийн нэг жилийн төлбөрийг төлөх, 1000 цэцэрлэг, 300 сургууль барьж болно. Эсвэл хэдэн зуун км авто зам тавихад ч энэ хэмжээний мөнгө хүрэлцэнэ.
Гэтэл ийм хэмжээний санхүүгийн зөрчил гарч байхад, гарсаар байгааг мэдсээр байсан ТУЗ-ийн гишүүд ямар хариуцлага хүлээх ёстой вэ. Тэд бол энэ банкны үйл ажиллагаа хэвийн явж байгаа эсэхэд хяналт тавих гэж улсаас томилогдсон албан тушаалтнууд. Гэтэл өөрсдөө хуулийг гууль болгож, хүссэн болгоноо хийх бололцоог гүйцэтгэх удирдлагад олгосоор байсныг дээрх бүх баримтууд нотолж байна шүү дээ.

 


URL:

Нэр: Bukhimdal Огноо: 18 October 2016

Bugdiig ni tsaazaar av! Daraagiin khumuust surgamj bolno. Khariutslaga kheleelgekh kheregtei!!!

Сэтгэгдэл бичих