Монголын засгийн газар “РИО ТИНТО”-той таагүй харилцаатай байна
-МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР “РИО ТИНТО”-ТОЙ ТААГҮЙ ХАРИЛЦААТАЙ БАЙНА-
“Mongolia Frontier Fund” хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч, Сингапурт төвтэй портфелийн стратегич Райнер Майкл Прейсе “Nikkei Review”-д Монголын тухай нийтлэл бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийн агуулга Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсч, тус сангийн төлөөлөгчид Улаанбаатарт дахин ирж буй асуудалд чиглэгдсэн байна.
Тэрээр нийтлэлийнхээ эхэнд “Монгол Улс Олон улсын валютын сан (ОУВС)-гаас тусламж хүссэн нь геополитикийн үлгэр, шунал, буруу менежмент хийгээд Хятад болон барууны хөрөнгө оруулагчидтай таагүй харилцсаны уршиг юм. ОУВС Улаанбаатарт дахин ирж буй нь монголчууд болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь хувьд хатуу дохио” хэмээн бичжээ.
Тэрээр “Энэ онд Монголын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй. Ирэх онд төр, хувийн хэвшлийн нийлсэн 2 тэрбум долларын өр төлөх ёстой. Монголын эдийн засаг өвдөг сөхрөөд буй энэ үед Хятадын зээлдүүлэгчид хөрөнгө оруулалтыг хөнгөлөх нөхцөл санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа зэс болон алтны “Оюутолгой” ордод хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” групптэй таагүй харилцаатай байгаа юм. Барууны хөрөнгө оруулагчид Монголыг орхин явснаар Хятадын хөрөнгө оруулагчид хоосон орон зайг нөхөж байна.
ОУВС-гийн шинээр олгох тусламж нь Монголыг санхүүгийн хямралаас гарахад нь тус нэмэр болох ч тус улсын иргэд болон бизнес эрхлэгчид 22 хувийн өндөр хүүтэй зээлээ төлөхөөр тэмцсээр байх болно. Монголын банкууд жилийн 22-28 хувийн хүүтэй зээл олгодог бол “сүүдрийн зээлдүүлэгчид” жилийн 36 хувийн хүүтэй зээл олгодог.
Хятадын банкуудыг Монголынхтой харьцуулахад дунджаар жилийн 5.6 хувийн хүүтэй зээл олгодог бол Хятадын сүүдрийн банкны зах зээл дээр 10-20 хувийн хүүтэй зээл олгож байна.
Хятадын банк /BOC/ Улаанбаатарт салбараа нээх хүсэлтэй байна. Гэвч өрсөлдөөний явцад Монголын Худалдаа, хөгжлийн банк, Голомт, ХААН банк Хятадын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өгүүлэхгүй байх, энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахын тулд Засгийн газраа лоббидсоор байна” гэжээ.
-МОНГОЛД АВЛИГА ГАЗАР АВСАН УЧИР ОУВС-ГИЙН ТУСЛАМЖ
АМЖИЛТ АВЧРАХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ-
Тусламж хүссэн хоёр дахь шалтгаан. 2009 онд дэгдсэн дэлхийн санхүүгийн их хямралын үеэр ОУВС Монголд тусламж болгон 232 сая ам.доллар зээлсэн. Хятад улс экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс худалдан авах нь эрс нэмэгдсэний ачаар Монгол энэ зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан юм.
Монголын экспортын хамгийн том зах зээл, гол зээлдүүлэгч болох Хятадаас хамааралтай байдлаас гарахын тулд энэ оны долдугаар сард ажлаа хүлээн авсан МАН-ын Засгийн газар өрийг дарж, эдийн засгаа хөл дээр нь босгохоор ОУВС-гаас дахин тусламж хүслээ.
Монгол Улс өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ОУВС-гаас албан ёсоор санхүүгийн тусламж хүссэн. Тус улсын гадаад өр 23.5 тэрбум долларт хүрсэн нь 12 тэрбум доллароор хэмжигддэг ДНБ-ийг бараг хоёр дахин нугалсантай тэнцэж байна. Гадаад өрийн 8.4 тэрбум орчим доллар нь Засгийн газрын тавьсан өр юм.
Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг ирэх оны гуравдугаар сар гэхэд эргүүлэн төлөх ёстой. Шинжээчдийн хэлснээр, тус улсын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд нийтдээ 1.7-1.8 тэрбум долларын өр төлөх ёстой болжээ.
2016 он гарснаас хойш Монголын төгрөгийн доллартай харьцах ханш 12 хувиар суларч, одоо 2278 төгрөг болоод байна. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд тус улсын Төвбанк болох Монголбанк наймдугаар сарын 18-нд бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөн 15 хувьд хүргэв.
Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Монголын Хөрөнгийн биржийн нэгж хувьцааны дансны үнэ 0.13 байгаа нь дэлхийн хамгийн хямдхан зээлүүдийн нэг юм. Монголын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг буурсаар байна. Монголын ДНБ энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.4 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг Азийн Хөгжлийн банк саяхан дэвшүүлсэн. Харин Дэлхийн банкны таамаглаж байгаагаар, тус улсын ДНБ 2016 онд 0.7 хувь, 2017 онд 2.7 хувь, 2018 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна.
Монголын Засгийн газар хэд хэдэн төслийг урагшлуулснаар ДНБ 2017 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байна. Төслүүдийн жагсаалтад 5.3 тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой” ордын өргөтгөлийн ажил; “Тавантолгой” нүүрсний ордыг хөгжүүлэх, төмөр зам тавих, цахилгаан станц барих төсөл; Гацууртын алтны ил уурхайгаас алт олборлож эхлэх; Улаанбаатарт 250 МВт-ын хүчин чадал бүхий ДЦС-ын өргөтгөл барих зэрэг төслүүд багтжээ.
ОУВС-гийн дахин олгож буй тусламж нь 1997 онд Өмнөд Солонгосын авсан тусламжийн хөтөлбөртэй адил байх уу гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын толгойд эргэлдэж байна. Өмнөд Солонгос тус сангаас тусламж авсан нь эхэндээ ихэд маргаан шүүмжлэл дагуулж байсан боловч хожим нь ихээхэн амжилтад хүргэсэн юм.
Гэхдээ Монголд анх удаа тусламж олгосноос хойш 7 жил хүрэхгүй хугацааны дараа олгох гэж буй ОУВС-гийн хоёр дахь санхүүгийн тусламж нь амжилт авчрах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Монголд авлига газар авсан бөгөөд эдийн засаг нь ашигт малтмалаас ихээхэн хамааралтай. Ашигт малтмалынх нь арвин их баялагт “шунасан” олон улсын стратегийн ашиг сонирхлын улмаас Монгол төөрөгдөлд орж магадгүй.
-НААД ЗАХ НЬ МОНГОЛЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ-
Албаны хүмүүсийн найдаж байгаа шиг “Оюу толгой” тийм ч богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй байж магад. “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Монгол Улс ойрын 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэж хэлжээ. Гэхдээ энэ уурхай 75 жил үйл ажиллагаа явуулах хэмжээний нөөцтэй гэсэн тооцоо бий. Тиймээс тэрбээр зүгээр л урт хугацааны үр өгөөжийг онцлохыг хүссэн байж болох юм.
Залуу орны хувьд Монголын засгийн газар, бизнес эрхлэгчид, тэр ч байтугай жирийн иргэд нь байгалийн баялагтай илүү зөв зохистой харьцаж, авлигатай тэмцэж, хэрүүл тэмцлээ багасгах замаар өгсөж-уруудахын мөчлөгийг даван туулах хэрэгтэй. Тухайлбал, “Рио Тинто” групптэй “Оюу толгой”-н асуудлаар удаан хугацааны турш маргалдахаас зайлсхийх хэрэгтэй.
Монголчууд наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хүндэтгэх хэрэгтэйг сайтар ухамсарлаж, тус улсын Засгийн газар илүү ил тод байдлыг бий болгож, өөрт байгаа боломж бололцоогоо алдахгүйн тулд “талбайд гарч тоглох” хэрэгтэй” гэжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: asia.nikkei.com
URL: