Ерөнхийлөгч “Шилэн Цогоо”-д хэзээ жавтий хүртээх вэ?

4f38fe48a29419d2c4ad1eeac79af2c6original-810x540Өглөө бүхэн Шилэн дансны хууль байгааг надад сануулж бай гэж төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрийнхөө туслахт хэлэх хэрэгтэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн илтгэлдээ онцолж байсан цаг бий. Тэгвэл өглөө бүхэн сануулах хэрэгтэй Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд Ардын намын өнгөн дээр гууль болох цаг ч бас байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар өмнөх парламент Шилэн дансны тухай хуулийг батлаж 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэн мөрдөж эхэлсэн билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч шилэн данс хөтлөхөөр болсон.

Мөн төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллага 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа мөнгөн дүн бүхий мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулийн өмнө хүлээж буй. Шилэн дансны хуулийг хэлэлцэж батлах хугацаанд тухайн үед сөрөг хүчин байсан Ардын намынхан Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн төрийн байгууллагуудын мөнгө санхүү хэрхэн зарцуулагдаж байгааг татвар төлөгчид мэдэж байх ёстой гэсэн байр  суурьтай байсан билээ.

Олон нийтийн мэдэж байгаачлан тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаал хашиж байсан Б.Цогтгэрэл шилэн дансны асуудлаар идэвхийлэн ажиллаж, “Шилэн Цогоо” нэр хүртэл зүүгээд амжсан. Улмаар МАН өнгөрсөн сонгуулиар эрх барих болсноор Б.Цогтгэрэлийг шилэн дансны асуудлаар идэвхийлэн ажилласныг нь “үнэлж”, дэд сайдын суудал хүртээснийг түмэн олон мэднэ. Гэвч МАН засгийн эрхийг гартаа авсан хойноо шилэн дансны хуулийн хэрэгжилтэд төдийлөн анхаарал хандуулахаа больсон. Одоогоор “мэргэжлийн” гэх Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ хугацаанд шилэн дансны хөтлөлт нэр бүхий агентлаг, яамдад зогссон талаар мэдээлэл түгсэн ч Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл яам нь шилэн данс хөтөлж байгаа талаар хэвлэлүүдэд онцолсон байдаг. Түүнийхээр бол Шилэн дансыг мөрдөхгүй байгаадаа асуудлын гол учир  биш мөнгөгүй байгаад л оршиж байгаа хэмээн тайлбарлажээ.

Тэгвэл төрийн байгууллагуудын шилэн дансыг нэг дороос харах боломжтой http://www.shilendans.gov.mn/ сайтад өнгөрсөн есдүгээр сард санхүүгийн мэдээллээ байршуулсан байгууллага бараг алга. Яамдын тухайд өнгөрсөн долоо, наймдугаар сард товч байдлаар шилэн дансаа хөтөлж,  нийтлэг байдлаар есдүгээр сард хөтлөлтөө бүр сулруулсан нь харагдаж байна. Шилэн дансны хуулийг хэрэгжих хугацаанд бүлгийн дэд даргын хувиар Н.Номтойбаяр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шилэн дансны хуульд ширэн нүүрээ харуулж байна хэмээн цоллож, төрийн байгууллагуудыг мэдээллээ ил тод болгохыг чуулганы индэр дээрээс уриалж байсан удаатай. Тэгвэл эдүгээ Н.Номтойбаяр сайдын удирдаж буй Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам шилэн дансны мэдээллээ таг хаагаад байгаа юм.

Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд хийсэн гол ажлуудынх нь нэгд тооцогдож байгаа Шилэн дансны хуулийн ирээдүй ийм бүрхэг болсонд хууль санаачлагч маань өөрөө яагаад дуугүй байна вэ. Зарим нэгний гоочилж буйгаар бол Шилэн дансны хууль нь Ардчилсан намынханд зориулагдсан гэж үздэг гэнэ. Ардчилсан нам эрх барьж байх үед Шилэн дансны хуулийг мөрдөж, хөтлөхөд нь хэвлэлийн нүүр дүүрэн шүүмжлүүлж, баалуулагсад олноороо л байсан. Ардчилсан намын угшилтай төсвийн эрх захирагч нарын идээчин уугаачин, үрэлгэн, харалганыг хэвлэлүүд мөн ч их дуудсан даа. Манлайд нь явсан “Шилэн Цогоо”-д Ерөнхийлөгч ажлаа сайн хийж байгаад нь талархаж үзгээ хүртэл дурсгаж л явсан.

Гэтэл Ардын намын өнгөн дээр энэ байдал хуулийг дагаж мөрдөхтэйгөө хамт арилсан биш байлтай. Ийм өнцгөөс харвал нээрээ л Ардчилсан намынханд зориулагдсан хууль Ардын намынханд үйлчилдэггүй юмуу ч гэмээр. Тийм ч учраас улсын Ерөнхийлөгч маань санаачилсан хуулийг нь эрх баригчид улан дороо гишгэж байгааг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж сууна уу? Сөрөг хүчин ч үүнд нь олигтойхон үгээ хэлж чадахгүй л яваа. Дотроо будилаантай, бухимдалтай байгаа Ардчилсан намынхан ядахнаа өөрийн гэсэн “Шилэн Цогоо” ч үгүй. Уг нь ийм “Цогоо” тодорч гарч ирвэл магадгүй дараагийн засаг Ардчилсан намынх байвал дэд сайдаас доош бялуу хүртэхгүй дэгээ. Ядаж л Ерөнхийлөгч маань дээрх хардлагыг үгүйсгэж аль ч намд харгалзалгүй үйлчлэх ёстой Монгол Улсын хууль гэдгийг тодотгон, намынхнаа шүүмжилж “үндсэн ажлаа” хийхгүй байгааг нь сануулж “Шилэн Цогоо”-д жавтий хүртээх цаг болсон л баймаар.

politik.mn


URL:

Сэтгэгдэл бичих