ШИНЭ ТӨРСӨН ХҮҮХДҮҮД 502, 567 БОСГО ОНООНЫ ДАГУУ ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВНА

1Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас хуухдийн мөнгөний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг хоёр хувааж олгоно гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор “Хүний хөгжил сан”- гаас хүүхдийн мөнгийг олгох тухай баталсан. Харин улс орны эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан энэ жил УИХ-аас 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолын дагуу 0-18 насны хүүхдүүдэд амьжиргааны төвшнөөс хамааран хоёр өөр зохицуулалтаар мөнгийг нь олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны төвшний 502, 567 гэсэн босго онооноос доогуур оноотой 660 мянган хүүхдэд мөнгийг нь хуучин жишгийн дагуу бэлнээр олгоно. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдийн мөнгийг 2019 онд олгохоор болсон. Хэрвээ босго оноо нь 502, 566-оос дээш бол 2019 онд хүүхдийн мөнгөө авна гэсэн үг.

-Амьжиргааны төвшний 502, 567 босго онооны талаар тайлбарлахгүй юу. Хөргөгч, угаалгын машинтай байх эсэх босго оноонд нөлөөлсөн үү?

-Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа Монгол Улсын хэмжээн дэх зорилтод бүлгийн тоог гаргах зорилготой. Уг судалгаанд үндэслэн зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээ, тусламж үзүүлдэг. Ер нь Өрхийн нэгдсэн сан байгуулах Засгийн газрын зорилтот үйл ажиллагаа гэж ойлгож болно. Энэхүү ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2008 оны Засгийн газрын үеэс хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар бид гурав дахь удаагийн мэдээлэл цуглуулалтаар өрхийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэхээр ажиллаж байна.

Иргэдийн дунд хөргөгчтэй, телевизтэй учраас босго оноонд тэнцсэнгүй гэсэн ойлголт бий. Ер нь өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны мэдээллийг цуглуулж, өрхийн амьжиргааг тодорхойлохдоо Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан        аргачлалаар, тодорхой батлагдсан асуумжийн дагуу судалгааг авч өрхийн амьжиргааны түвшинг үнэлдэг. Эдгээр асуумжуудыг тухайн өрхийн амьжиргаанд       хамгийн их нөлөө үзүүлж байгаа хэрэглээний үзүүлэлтүүдээс сонгон авч боловсруулдаг юм. Нийт 59 асуулт байдаг. Асуумж дотор байгаа асуултууд нь амьдарч байгаа байршлаас хамаараад гурван өөр загвартай.

Тухайлбал, Улаанбаатар хотод амьдардаг иргэн болон хөдөө амьдардаг хүний хэрэглээ харилцан адилгүй. Тэгэхээр байршлаас шалтгаалаад амьжиргааны төвшинг тодорхойлж, улмаар хүүхдийн мөнгөнөөс хасагдах эсэх нь шийдэгдэж байгаа гэж ойлгож болно. Түүнээс биш зурагттай, хөргөгчтэй эсэх хамааралгүй.

-Хүүхдийн мөнгө авах босго оноонд тэнцсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Иргэд босго оноотой холбоотой санал, хүсэлтийг харьяа газрынхаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын ажилтанд гаргаж болно. Хэрвээ хүүхдийн мөнгө авах эсэхээ мэдэхгүй байвал нийгмийн ажилтандаа хандаад мэдэх боломжтой.

-Шинэ төрсөн хүүхдүүд мөнгөө 2019 онд авах уу?

-Шинээр төрсөн хүүхдүүд ч ялгаагүй 502, 567 босго оноогоор мөнгөө авна.

-Хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй байгаа эцэг, эхчүүд “Манай хүүхэд хүүхдийн мөнгөнөөс хасагдчихлаа” гэх ойлголтгой байна. Зарим хүүхдэд яагаад 2019 онд хүүхдийн мөнгийг нь олгохоор зохицуулсан юм бэ?

-7,8,9 дүгээр сарын хүүхдийн мөнгө хэвийн олгогдож байна. Иргэд ийй дунд “Манай хүүхэд хүүхдийн мөнгөнөөс хасагдчихлаа”, “Хүүхэд маань авахгүй үлдчих вий” гэж санаа зовох шаардлагагүй. “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох” журмын дагуу бүх хүүхэд мөнгөө авна. Харин мөнгөө гар дээрээ авах цаг хугацааны хувьд зохицуулалт хийгдсэн гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дансанд тань хадгаламж хэлбэрээр байрших юм. Ингээд 2019 оноос бэлнээр авах боломж бүрдэнэ.

Монголын мэдээ
Н.Батзаяа


URL:

Сэтгэгдэл бичих