Хятадын түүхэн дэх цэцэрлэг байгуулах урлаг

Эртний нэгэн домог Хятадын цэцэрлэгийн урлагт асар их хувь нэмэр оруулсан гэдэг. Домогт өгүүлснээр Хятад, Солонгосын хилийн зааг дахь Бөхай тэнгисийн гурван арлын хамгийн өндөр цэгт 8 хүн үхэшгүй мөнх амьдардаг гэнэ. Пенглай нэрт тэрхүү арал алт, цагаан алт, үнэт чулуу ихтэй. Өвчингүй, өвөлгүй бөгөөд дарсны шил, будааны аяга нь цаг ямагт дүүрэн байдаг ажээ.

Нийтийн тооллын өмнөх 221 онд эзэн хаан Инжэн бүх өрсөлдөгчдөө дарж, арав гаруй жил Хятад орныг захирчээ. Инжэн хаан дээр өгүүлсэн домгийг сонсож, мөнхийн амьдралыг мөрөөдөн Пенглай арлыг олох зорилгоор экспидици явуулсан ч олж чадсангүй. Иймд нийслэл Шианяан хот дахь ордныхоо ойролцоо Ланчи хэмээх цэцэрлэг байгуулж, Пенглайн хуулбарыг бүтээжээ. Мөнхийн амьдарлыг хүссэн Инжэн хаан нас барсны дараа түүний эзэнт гүрэн мөхөж, нийслэл хот болон цэцэрлэг нь устаж үгүй болсон ч Хятадын цэцэрлэгийг хэв маягийн үндэс болсон гэдэг.

 

Хан улсын У хаан анх удаа ботаникийн болон амьтны хүрээлэнгийн шинжийг хослуулсан цэцэрлэг байгуулж, уламжлалт ан агнуурын бүс бий болгожээ. Тэр мөн л гурван арал бүхий асар том хиймэл нуур байгуулсан юм. Хан улсын үеийн өөр нэг алдарт цэцэрлэг бол Сунди хааны зарлигаар баригдсан Лианжи цэцэрлэг юм. Эзэн хаан ховор шувуу, тэжээвэр болон зэрлэг амьтад бүхий хиймэл уул, гуу жалга, ой бүхий асар том цэцэрлэг байгуулжээ. Энэ бол байгалийг хуулбарлаж цэцэрлэг байгуулсан анхны тохиолдол юм.
Хан гүрэн унасны дараа Хятадад буддын шашин хүчтэй дэлгэрчээ. Минди хаан буддын шашинг Хятадад нэвтрүүлсэн нь маш хурдан тархсан байна. Тэр үед байсан 1300 гаруй сүм бүгд өөр өөрийн жижиг цэцэрлэгтэй байсан гэдэг.

 

Язгууртнууд, сайд түшмэдүүд олны хөлөөс зайдуу, гадаад ертөнцөөс тусгаарлаж цэцэрлэг барьдаг байв. Жингу хэмээх язгууртан “Алтан хөндий” нэрт цэцэрлэг байгуулжээ. Тэр цэцэрлэгтээ яруу найрагчдыг урьдаг байсан тухай сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Алтан хөндийд хятадын газар бүрээс авч ирсэн элдэв жимсний мод, эмийн ургамал тарьжээ. Хоёр зуун хонь, тахиа, гахай, галуу, нугас тэжээж, усан тээрэм, загас үржүүлэх цөөрөм байгуулжээ.

307-365 онд амьдарч байсан нэрт яруу найрагч Ванг Шизи Цэцгэн асарт цэцэрлэг хэмээх ном бичжээ. Тэр цэцэрлэгтээ яруу найрагчдыг урьж ирүүлээд, горхины дэргэд сууж усны урсгал дээр дарстай аяга хөвүүлдэг байсан тухай бичжээ. Аягатай дарс нь хэн нэгэн яруу найрагчийн дэргэд хөвж очиход тэр найрагч дарсыг уугаад, шүлэг зохиож өгнө. Энэ цагаас хойш дарстай аяга хөвүүлэх хиймэл горхи хятадын цэцэрлэгт түгээмэл болсон гэдэг.

 

Сүн улсын хаан Хүйзун авьяаслаг зураач, яруу найрагч төдийгүй урлагт ээлтэй хүн байжээ. Тэр өөрийн цэцэрлэгийг олон нийтэд нээж, усан завины уралдаан зохион байгуулсан тухай мэдээлэл бий. 1117 онд Хүйзун хаан өөрийн биеээр удирдаж цэцэрлэг бариулав. Тэрээр өвөрмөц хэлбэр бүхий үнэт чулууг ихээр ашиглаж байв. Эзэнт гүрний өнцөг булан бүрээс авч ирсэн ургамал, чулуу нь цэцэрлэгийг чимж байлаа. Чулууг усаар зөөж байсан бөгөөд Ханжөү, Бээжин хоёрын хооронд байсан бүх гүүрийг чулуу зөөвөрлөхөд тээг боллоо хэмээн нураасан гэдэг. Цэцэрлэгийн дунд агуй, жалга бүхий 100 метр өндөр хиймэл уул барьжээ. Цэцэрлэгийг 1122 онд дуусахад түүнд хэт их хөрөнгө зарнаас болж хааны сан хоосорсон гэдэг. 1127 онд хөрш улсын цэрэг довтлоход Хуйзун хаан, зугтахаас аргагүй болж ордноо орхижээ. Цаг төвширсний дараа Хуйзун хаан ордондоо эргэн ирэхэд цэцэрлэг нь үгүй болж, бүх танхим нь шатаж, урлагийн бүтээлүүд нь тоногдон, гагц хиймэл уул нь л үлдсэн байжээ.

 

Хүйзун хаан дараа нь нийслэлээ Жианань муж руу нүүлгэж, Лин-Ань хотын баруун нуурын эрэгт бас нэгэн гайхамшигтай цэцэрлэг бариулжээ. Тухайн үед хаад язгууртнаас гадна эрдэмтэд, төрийн албан тушаалтнууд, худалдаачид хүртэл орон сууцныхаа дэргэд цэцэрлэг барих болжээ.

1271 онд Хубилай хаан Монголын их Юань улсыг байгуулав. Тэрээр өнөөгийн Бээжин хотноо “Дайду” нэрт шинэ нийслэл байгуулсан юм. Юань улсын хамгийн алдартай цэцэрлэг Ханаду нь Хубилай хааны зуны ордны цэцэрлэг байжээ.

 

27 км голч бүхий Ханаду цэцэрлэгт усан оргилуур, гол горхи байх ба Хубилай хаан долоо хоногт нэг удаа очиж олон тооны харцага, шонхор шувуудаа эргэн, тэжээвэр ирвэсээрээ ан хийдэг байсан тухай Венецийн жуулчин Марко Поло тэмдэглэн үлдээсэн байдаг. Харамсалтай нь 1368 онд Мин улсын анхны хаан Жү Юаньжан Дайду хотыг шатааж, Хубилай хааны цэцэрлэгийг сүйтгэжээ. Манжийн хаадын ордон байсан Хориотой хот нь Юань гүрний хааны цэцэрлэгийн суурин дээр боссон юм.
Мин улсын хамгийн алдартай цэцэрлэг бол Сүжөү дахь цэцэрлэг юм. Тухайн үед Хятадын хотуудад эзэн хааны цэцэрлэгээс гадна олон сайхан цэцэрлэг байгуулж байлаа. Лүо-Ян хотод нэрт яруу найрагч, түүхч Сима Гүаний барьсан цэцэрлэг одоо ч бий. Түүний цэцэрлэг 1,5 га талбайтай, Таван мянган ном бүхий номын сантай, хойд талдаа хиймэл нуур, нуурын голд загасчны асар бүхий жижигхэн аралтай. Цэцэрлэгийн зүүн талд эмийн ургамал бүхий цэцэрлэг байдаг бол баруун талд нь хиймэл уул бий.

 

Хятад оронд мандсан хамгийн сүүлийн хаант улс бол Манжчин гүрэн юм. Чин улсын үед баригдсан хамгийн алдартай хоёр цэцэрлэг нь зуны ордон, хуучин зуны ордны цэцэрлэг юм. Аль аль нь тансаг, боловсронгуй байдлын бэлэг тэмдэг болдог. 1738-1768 онд эзэн хааны зураач байсан Франц хүн Аттирэт “Энэ цэцэрлэгийн хад, чулуу бол жинхэнэ үнэт чулуу, арал дээрх 100 тасалгаа бүхий ордны гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн тэмдэглэжээ. Боксеруудын бослогын үеэр уг цэцэрлэг сүйдсэн ба одоо түүнийг сэргээж байгаа гэнэ.

Хориотой хот гэгдэх эзэн хааны ордны цэцэрлэгийг Юань гүрний Дайду хотын туурин дээр барьсан гэдэг. 1703-1792 хооронд эзэн хаан Бээжингээс 200 км зайтай, зүүн хойд зүгт 560 га газрыг эзэлсэн цэцэрлэг орд, харш, шинэ цогцолбор барьжээ. Энэхүү асар том хэмжээтэй цэцэрлэг харьцангуй бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн байна.

Хятадын цэцэрлэгүүдийг нэг цэгээс харж болдоггүй, заавал дотуур нь аялж байж бүгдийг нь үздэг онцлогтой. Барууны зарим жуулчин хэт замбараагүй, шавааралдсан, өөр өөр загвар бүхий барилгуудтай хэмээн шүүмжлэх нь бий. Хятадын сонгодог цэцэрлэгийн хэмжээ өөр хоорондоо адилгүй байдаг. Сүжөү дахь түшмэдийн цэцэрлэг хамгийн том буюу 10 га талбайтай. Цэцэрлэгийн тавны нэгийг нуур эзэлнэ. Сонгодог цэцэрлэгийг ханаар хүрээлэх бөгөөд нуур, цөөрөм нь ихэвчлэн төвдөө байрладаг байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих