Бондын мөнгийг “залгисан” жинхэнэ эрхмүүд цаана нь үлдэж, даргынхаа төлөө зүтгэсэн Н.Мөнхбат тэргүүтэй залуучуудаар “туг тахих” вий дээ
Хөгжлийн банкыг тойрсон дуулиан шуугиан тасралтгүй үргэлжилсээр байна. Албан тушаалтнуудын ээлжит хэргийн талаар амтай болгон ярьж, гартай болгож бичиж сууна. Бичихгүй, ярихгүй гээд ч яах билээ дээ. Цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн дээл өмссөн эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нөхдүүдтэй л хариуцлага ярихгүй юм бол өөр хэнтэй хариуцлага ярих вэ. Ард түмний амьдрал өнгөрсөн дөрвөн жилд өдрөөс өдөрт үгүйрэн доройтож, идэх талх, хоногийн махаас ч авч дийлэхгүй шахам болж байхад дарга гэх сэтэртэй хэдэн “бацаанууд” төсвийн мөнгөөр туйлж явахыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.
Өнгөрсөн өдрүүдэд манай сайтаас та бүхэнд хүргэж байсан нийтлэлүүдийг санаж байгаа бол Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой маш ноцтой 30 гаруй зөрчил бий болжээ. Дахин сануулахад дээл өмссөн ажилчнаа урамшуулсан, гадаад томилолтын хэтэрхий гэхэд арай л хэтэрхий тансаглалууд, төсөл хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх боломж бололцоо гээд наад захын шалгууруудыг нь огт тодорхой болгоогүйгээр зээлийг эмх замбараагүй тараасан. Мөн алдаатай тушаал шийдвэрээс болж улс их хэмжээний алдал хүлээсэн гээд тоочоод барахгүй их “но” илэрч байна. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкны удирдлагуудын цалин, хангамж гэж сонссон хүн итгэмээргүй сансрын тоо баримтууд ил болж иргэдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байна.
Арга ч үгүй биз. Бараг таван жилийнх нь хэрэглээний мөнгөөр хэдхэн хоногийн дотор зугаацсан баримтыг харсан хүн бүр шоконд орж байна.
АТГ-аас өнгөрсөн сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаярыг өнгөрсөн сарын 15-ны өдөр саатуулсан байдаг. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг мөн энэ долоо хоногт АТГ-аас саатуулан шалгаж эхлэв. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарыг шалгаж байна. Н.Батбаяр нь цагдан саатуулагдсан даруйдаа зүрхний ачаалал даахгүй гэх шалтагаар батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа. Тэгвэл Н.Мөнхбатыг саатуулсан хэвээрээ байгаа бол Б.Шинэбаатарыг мөн гадуур шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө.
Ингээд төсвийн мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүд эхнээсээ хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л луйвар булхай олны өмнө ил болж эхэллээ. Энэ хэрэг мэдээж яваандаа улам гүнзгийрч асуудлууд бүгд тодорхой болох биз.
Харин ойрын өдрүүдэд уг хэргийн эцсийн раундад ажил амьдрал мэдэхгүй, даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлсэн зарим нэгэн залуус “аавын хаалга” татсанаар асуудал өндөрлөх вий дээ гэх сэтгэгдэл төрж эхэлсэн гэдгийг нуух юун. Хөгжлийн банк, бондын зарцуулалттай холбоотой бүхий л “но” хуулийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдох нь тодорхой. Харин эцсийн дүндээ асуудлыг араас нь шийдэж, хатгаж байсан АН-ын эрх мэдэлтнүүд нуугдан хоцрох вий гэх хардлага жинхэнээсээ төрж эхэллээ. Учир нь төдийгөөс өчигдрийг хүртэл Хөгжлийн банкыг, Н.Мөнхбатыг улаан цээжээрээ хамгаалж явсан нөхдүүд хаачив. Яагаад одоо болтол таг дуугүй байна вэ. Энэ парламентэд орсон АН-ын гишүүд болон бүлгийн даргаас нь энэ талаар тодруулахад “Бид анхааралтай ажиглаж байна” гэхээс өөр доривтой зүйл хэлэхгүй байна. Асуудал жинхэнээсээ хэцүүдсэн энэ өдрүүдэд хэвлэл болон сошиал ертөнцийн “улаан хамгаалагчид” нь ус балгасан мэт чимээгүй байгаа нь хачирхалтай.
Эхний үйлдүүдээс нь харахад л бонд босгох ажлыг эхлүүлсэн, захиран зарцуулах бүхий л үйл ажиллагааг гардан шийдвэрлэсэн сайд нь саатуулагдсан байж байгаад өвчтэй гэх шалтгаанаар батлан даалтад гарч байх жишээтэй. Харин дээрээс ирсэн тушаалыг үг дуугүй биелүүлсэн гүйцэтгэх түвшний хүн нь хоригдсон хэвээр байх жишээтэй. Энэ мэтээр хардаж болох маш олон үндэслэлүүд байна. Нөхцөл байдал ийм байгаа хэрнээ орон нутгийн сонгуулийг далимдуулан иргэдийн толгой АН-ынхан худлаа угаасан хэвээр л байна. Тэдний хийсэн балаг хэдэн арван жилээр хусаад ч арилахгүй гүн хар толбо болж үлдээд байгаа шүү дээ.
Энэ бүгдийн цаана тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, С.Баярцогт тэргүүтэй АН-ын тухайн үеийн эрх баригчид байгаа гэдгийг ямагт санах хэрэгтэй. Яг л “Тангуд улс мөхөөгүй гэж өглөө болгон сануул гэдэг” шиг…
Г.Лхагваа
URL: