Эдийн засгийн эрсдэл дефляци
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн есдүгээр сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос мягмар гарагт танилцуулав. Хэрэглээний үнийн индекс буюу бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны түвшнээс 0.1 хувиар буурсан дүнтэй гарсан байна. Тодруулбал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс хоёр сар дараалан сөрөг утгатай гарчээ.
Мах, хүнсний ногооны үнийн бууралт нөлөөлжээ
Бараа, бүтээгдэхүүн худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурснаар аж ахуйн нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, алдагдал хүлээж байгаа аж. Энэ нь эдийн засаг агшиж, өрхийн худалдан авалт өдөр ирэх тусам муудаж байгааг илтгэх үзүүлэлт. Хэрэглээний үнийн индекс есдүгээр сард 0.1 хувиар буурснаар дефляцийн эрсдэлээс манай улсын эдийн засаг гарч чадаагүй болохыг харуулж байна.
Хэрэглээний үнийн индекс өмнөх оны түвшнээс 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.8 хувиар буурсан нь голлох нөлөө үзүүлжээ. Монголбанкнаас энэ онд инфляцийн зорилтот түвшнийг долоон хувиас хэтрүүлэхгүй байхаар зурагласан. Харин бодит байдал дээр инфляци эрсдэл бус, дефляци хоёр сар дараалан үргэлжилж байгаа нь анхаарал татах болов.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилийн өмнөх түвшнээс 0.7 хувиар буурахад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ 7.1 хувиар, хүнсний ногооны үнэ 11.1 хувиар буурсан байна.
Инфляци буурахад хүнсний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа мах, хүнсний ногооны үнийн хямдрал онцгой нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хэрэглээний үнийн индекс есдүгээр сард 0.1 хувиар буурав
Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж буй. Үндэсний статистикийн хорооноос айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Дефляци нь дотоодын компани, аж ахуйн нэгжийн алдагдал нэмэгдэх бөгөөд өөрсдийн бүтээгдэхү үнийг хямд үнээр борлуулахад хүргэдэг талтай. Ийм нөхцөлд ажлын байр хумигдаж, бизнесийн үйл ажиллагаа алдагдал “үйлдвэрлэж” эхэлдэг гэмтэй.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сөрөг гараад буйн нэг нь хэрэглээний үнийн индекс. Инфляци хасах утгатай байгаа нь ажлын байр болон татварын орлогыг бүрдүүлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө авчрах, үүний үр дагавар ажилгүйдэл, ядуурлыг улам хөөрөгдөх талтай гэж эдийн засагчид үздэг.
Төв банкнаас гаргадаг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д инфляци буурсан шалтгааныг дотоод эрэлт хумигдаж, эдийн засгийн өсөлт саарсантай холбон тайлбарласан. Хэрэв гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг аажмаар сэргэсэн тохиолдолд инфляцийн өсөлт хэвийн түвшинд байх боломжтой аж.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: