Үнэгүй олгогдох ёстой 13 дугаар маягт, эрүүл мэндийн картыг мөнгөөр өгч байгааг тогтоожээ
Авлигатай Тэмцэх Газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч буй эсэхийг судлан үзэхэд Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр хийж байжээ. Харин эмчийн цохолтоор ирсэн хүүхдийн шинжилгээг үнэгүй хийж байв.
Энэ нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 470 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан талаар судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. Тус төв нь дотоод журамдаа иргэд, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар заасан бөгөөд төлбөрт үйлчилгээг байгууллагын дотоод журмаар зохицуулсныг хянан үзэж байна.
АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдын нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглосон журмыг зөрчсөн үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Дээрх асуудлуудаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч, хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.
URL: