Чихэн дээр нь цэцэг ургуулсан төрийн албан хаагчид

069c80af05488e91111de5de4685a524ac185885Хууль тогтоох, шийдвэр гаргах эрх нь ард түмэнд биш Ардын намд, УИХ-ын үнэмлэхүй олонхид байгаа.

УИХ өнгөрсөн наймдугаар сард ээлжит бусаар хуралдаж төсвөө тодотгох үеэр Засгийн газраас найман төрлийн татвар нэмэх төслийг оруулж ирсэн нь эрх баригчдын ард түмэнд тавьсан урхи байсан бололтой. Учир нь, нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар улс төрийн шийдвэр гаргаж буцаан татсан гэх найман татварын ард төрийн албан хаагчдад асар хохиролтой хоёр өөрчлөлтийг УИХ-аас хийжээ.

Эхнийх нь төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр энэ онд тэттэвэрт гарах албан хаагчид 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай. Үүгээр төрийн албан хаагчид тэтгэвэрт гарсан ч 1-12 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авахгүйн тулд яаж ийж байгаад ирэх онтой золгох юм. Тэгж байж өмнө нь олгодог байсан шиг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй болно.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч хөдөө орон нутагт албан томилолт хийх үеэрээ “Тэттэвэрт гарах төрийн албан хаагчдаа энэ онд гаргахгүйгээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нийг хүргээрэй. Тэгж байж 36 сарын цалинтай тэнцэх тэттэмжээ авна шүү” хэмээн хэдэнтээ учирласан. Засгийн газрын тэргүүний яриагаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хэвийн авах мэт. Гэхдээ тийм биш аж.

Учир нь, 2017 оны төсвийн төслөөр төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийг 36 cap хүртэлх гэсэн заалт оруулжээ. Нарийн анзаарвал тоог нь өөрчилсөн болохоос саяын төсвийн тодотголоор хязгаарласантай адил тухайн төрийн албан хаагч улсад олон жил татвар төлснийхөө хариуд нэг сарын ч буцалтгүй тусламж авч болохоор хуульчлах гэж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдад 36 cap гэдэг нь таатай санагдаж болох ч “хүртэлх” гэсэн тодоттолын хүрээнд цензур тогтоох хэрэг. Монгол Улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч ажилладаг гэсэн судалгаа бий. Үүнээс боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 мянган албан хаагч байдгаас жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг юм билээ.

Хачирхалтай нь, эдгээр 4000 хүн бүгдээрээ 36 сарын тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гарч чадахгүй нь. Харин тухайн салбарын дарга, сайдынхаа үзэмжээр л 1-36 cap хүртэлх тэтгэмж авах эсэхээ дэнслүүлэх нь. Үүнийгээ ч “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” хэмээн Төрийн албаны тухай хуулийн 30.2-д цагаан дээр хараар шигтгэжээ. Эндээс харахад гэнэт татвар нэмэхээ мэдэгдсэн Засгийн газрын санал зүгээр л халхавч төдий байсан бололтой. Гэхдээ энэ нь эрх баригчдын зүгээс төрийн албан хаагчдын чихэн дээр цэцэг ургуулахын зөвхөн эхлэл байж мэдэх.

Төсвийн алдагдлаас үүдэж хэмнэлт, таналг хийх, татвар нэмэхээ байсхийгээд илэрхийлэх болсон тэдний сонирхлыг орон нутгийн сонгууль гэсэн ганцхан шалтгаан хүлж буй. Харин сонгуулийн маргааш төсвийн таналт, татварын нэмэгдэл, төрийн албан хаагчдын цалин хангамжтай холбоотой асуудал дахин сөхөгдөх нь дамжиггүй. Тэр үед хуулиа биелүүлэх нь ‘Та бидний үүрэг” хэмээн гэдийхэд яаж ч эсэргүүцээд амжилт олохгүй нь тодорхой. Учир нь, хууль тогтоох, шийдвэр гаргах эрх нь ард түмэнд биш Ардын намд, УИХ-ын үнэмлэхүй олонхид байгаа болохоор тэр шүү дээ.

 

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих