“Путин” Леонид Млечин

4017
Оросын сэтгүүлч, зохиолч, хөтлөгч Леонид Млечин энэхүү бүтээлээ 2012 онд бичжээ. “Нэпко” 2014 онд орчуулсан байна. Монгол хэл дээр хоёр жилийн хойно орчуулсан тул өнгөрсөн хоёр жилийн үйл явдлыг товчхон тоймлосон Баабар 2024 он хүртэл энэ аварга гүрнийг толгойлох бүрэн магадлалтай болсон Путиныг “дийлдэшгүй том дарангуйлагч” гэдгийг тодотгосон байна. Леонид Млечиний хувьд ч болсон зүйлийг болсноор нь, элдэв нэмэр хачиргүй, баримттайгаар бичсэн байна. Тиймээс үнэ цэнэтэй. Аль нэг талаа барьсан болбол түүхэн хүний тухай бичсэн бүтээлийн үнэ цэнэ гэж юусан билээ.
Путины гэр бүл зутруухан амьдарч байж. Аав нь богоон үйлдвэрийн засварчин. Ээж, аав нь хоёулаа Ленинградын бүслэлтийг даван туулж байсан. Дайнаас хөлөндөө шарх авсан учир аав нь хазганаж явдаг хүн байв. Ээж нь дайнаас өмнө хоёр төрсөн хоёр хүүгээ нэгийг нь өвчнөөр, нөгөөг нь бүслэлтийн үеэр алдсан учир нас хэвийхдээ төрүүлсэн Путинд амиа тавина. Цэцэрлэгт ч явуулсангүй.
Ирээдүйн Ерөнхийлөгч гал тогоо, ариун цэврийн өрөө, халуун ус, төвийн дулаангүй нийтийн байранд амьдарна. Путин онцгой хүүхэд байсангүй. Ангийнхан нь хожмоо “дохиж зангаж, инээж ханиадаг”, хэн нэгэнтэй дотно нөхөрлөдөггүй, чимээгүй хүүхэд байсан гэж дурсдаг. Эрдэм мэдлэг чухал гэдгийг ойлгох хүртлээ байгалийн ухааны хичээлүүдэд гурав л авдаг байж. Сонирхолтой нь Путин багаасаа л хоцордог хүүхэд байсан, энэ нь Ерөнхийлөгч болсон хойно нь ч “өвлөгдөнө”. Намхан нуруутай, шулганасан яриатай, хүний нүдэнд өртөхөөргүй залуу самбо, жүдогоор хичээллэж эхэлснээр өөртөө итгэлтэй болж чаджээ. Авууштай нь тэр багадаа хараал хэлж байсангүй. Өрөөл бусдад муухай аашилж байхыг нь ч ангийнхан нь харж байсангүй гэж дурсжээ. Спортоор хичээллэж байсан, одоо ч хичээллэж байгаа учир хөнгөн шингэн, арчаатай харагдаж байгаа нь гарцаагүй. Багаасаа “Илд бамбай” цуврал, “Тагнуулчийн дууль” киног үзээд тагнуулч больё гэж боддог болсон бололтой. Есдүгээр ангидаа Ленинградын КГБ-ын харуул дээр очоод энд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сургууль төгссөн залуусыг авна гэхээр нь ямар сургуульд элсвэл зүгээр вэ гэхэд харуул “Хууль зүйн сургууль” гэж хариулжээ. Биеийн тамир болон герман хэлний хичээлээ онцсайн өгч, нэлээд хэдэн гуравтайгаар арван жилээ дүүргэв. Төгсөөд Ленинградын их сургуулийн Хуулийн ангийн оюутан болов.
Оюутан байхдаа бас л онцгойрох юмгүй байв. Тамхи татаж, архи уухгүй, охид бүсгүйчүүдийг огоорч анзаарахгүй. Ээж, аав нь үг дуу цөөтэй хүмүүс байсан нь хүүд нь уламжилсан бололтой. Ээж, аавын занг ч уламжилсан биз, дотроо зорилготой ч байснаас биз. Тавдугаар курсийн итгэлтэй залуусыг КГБ дуудаж элсүүлдэг байв. Нэг өдөр Путиныг дуудаж, харгалзагчийн дугаар өгнө. Дуудах хүртэл түүнийг хөлнөөс нь толгой хүртэл нь судалсан байхаа чекистүүд мэдэхгүй хаачих вэ. Эхлээд захиргааны бичиг хэрэгт, дараа нь сөрөг тагнуулын хэсэгт хуваарилагджээ. Мань хүн өөрийгөө Цэргийн шүүхэд ажилладаг гэж булзааруулна. Гэтэл нэг хүн Цэнгэлдэх хүрээлэнд үнэмлэхээ үзүүлж байхыг нь харчихжээ. “Үнэмлэхийг нь үзсэн хүн номхон зогсоод ёслох нь холгүй байна лээ” гэснээр түүнийг КГБ-д ажилладаг байж магадгүй гэж зарим хү гадарлаж эхэлсэн бололтой юм. Дараа нь тэр сөрөг тагнуулаас 1-р хэлтэс буюу тагнуулын хэлтэст хуваарилагдав. КГБ-ын сургуульд онцсайн төгссөн, гадаад хэлтэй шилдэг оюутнуудыг 1-р хэлтэст авдаг байв. Тэндээ нэлээд хэдэн жил ажиллаж байгаад сурвалжлагч нэрээр гадаадыг зорьж байсан байна. Тэгэхээр ажлаа муугүй залгуулдаг байж. Путин ЗХУ-ын КГБ-ын БНАГУ дахь төлөөлөгчийн газар 1985 онд хуваарилагджээ. Таван жил ажиллав. Түүнийг “Путин сайн сонсогч. Ажил мэргэжлээсээ хол асуудлыг ч төвөггүйхэн ойлгодог. Хэлсэн амандаа хүрдэг. Эелдэг боловсон, дуугаа өндөрсгөдөггүй. Хүнээс лавлахдаа гаргуун, хүний асуултаас бултамхай. Түүнтэй аливаа асуудлаар зөвшсөн гэх улстай бишгүй таарч байсан ч хүмүүс найрсаг боловсон хандсаныг нь өөртэй нь санал нэгтэй байна гэж эндүүрдэг. Гэтэл үнэн хэрэгтээ яг эсрэгээр байх нь элбэг” гэж тодорхойлж байлаа.
Путин буй бүхнийг өөрийн ба өрөөлийн гэж ангилдгийг сэтгүүлчид хожуухан мэдэв. “Миний эсрэг үзэлтэй хүмүүсийг ер нь дайснууд, урвагчид гэж хоёр хувааж болно. Дайснууд бол ойлгомжтой. Тэдэнтэй ахин дахин тулалдах хэрэг гарна. Харин урвагчид бол хамт зүтгэж байгаад ар хударгаар хутга зоодог улс. Тэдэнтэй үг хэлээ ололцох шаардлага огт байхгүй” гэж сэтгүүлчид ярьжээ. Нэгэн сэтгүүлч “Би гэдэг хүн таны хувьд хэн болж таарах вэ?” гэхэд “Мэдээжийн хэрэг миний дайсан” гэж хэлж байв. Сэтгүүлч хүнийг Орост хэзээ ч энэ мэт үнэлж байсангүй. Дрезденд ахлах ажилтнаар очоод удалгүй хэлтсийн даргын туслах, ахлах туслах болон дэвшиж, дэд хурандаа цолтойгоор эгж ирсэн байна. “Хүн төрөлхтнийг бодсоны хэрэггүй. Өөрийгөө л бод. Бид аливаа юмыг өөрчилж чадахгүйгээс хойш өөрийнхөө төлөө л амьдрах учиртай” гэж тэр үедээ хэлж байжээ. БНАГУ-аас ирээд Санкт-Петербург хотын захиргаанд ажиллаж байхад нь “Штази” гэж хочилдог байв. Энэ нь Зүүн Германд ажиллаж байхдаа холбоотой явсан БНАГУ-ын Аюулаас хамгаалах яамны товчилсон нэр юм.
Чекистийн зан чанар нь хожмоо Ельцинд таалагдана. “Ленинградын уугуул хүний эелдэг боловсон зантайн дээр хүнд долигнодоггүй, эв дүйтэй, бусдыг хүндэлж харилцах нь ая тал засах гэсэн ямар ч өнгө аясгүй. Ахмад үеийнхний сэтгэлд ойр санагддаг”…
КГБ ирээдүйгүй болсныг ухаарч, нөөц буудал хайж эхлэв. КГБ-ээс халагдаж, яах ийхээ мэдэхээ байсан ба Германаас ирэхдээ нэг Волга машинтай ирсэн. Болохгүй бол түүгээрээ таксинд явна даа гэж бодож байсан байдаг. Путиныг улс төрд оруулсан хүн бол Анатолий Собчак юм. Санкт-Петербург хотын захирагч асан түүний дэргэд Путин арван жилийг үдсэн байна. Собчак түүний үгэнд хэл үггүй итгэдэг байжээ. Хожмоо Собчак нас барахад Ерөнхийлөгч Путин эхнэр, охиныг нь халамжилсаар байх болно.
Энд ажиллаж байхаас л тэр Финлянд руу үе үе явчихдаг болжээ. Үүнийгээ Оросын хаа ч хүнд мэдэгдчихэлгүй юм ярьчих боломжгүй гэж тайлбарладаг байж. Анатолий Собчак сонгуульд ялагдахад Путин цуг буулаа. Петербургээс 120км-ийн зайтай байх зусландаа сар хагас болсон гэдэг. Энэ үед нь Улсын Ерөнхийлөгчийн аж ахуйн албаны зохион байгуулагч, тэр үедээ ихэд нөлөөтэй байсан Павел Бородин Путиныг гэнэт үгүйлжээ. Бородины Петербургт сурч байхдаа өвдсөн охинд Путин тусалж байсан тул тэр ачийг нь санасан нь тэр юмсанж (хэзээ нэгэн цагт хүргэсэн тус түүнийг Улсын Ерөнхийлөгч болгоно). Түүнийг аж ахуйн албандаа ажилд авна. Бородин түүнийг Тамгын газрын даргатайгаа танилцуулсан хэдий ч тэр нь ажлаа өгөөд алга болно. Путин бас л ажилгүй болов. Гэтэл бас л аз таарч, өөртэй нь мөр зэрэгцэн зүтгэж явсан, Петербургийн нөлөө бүхий хүн Алексей Кудрин ерөнхийлөгчийн Хяналтын зөвлөлийн дарга болов. Тэр Путиныг урьж авчраад Тамгын газрын дарга Чубайс өөрийг нь мэдээллийн албаны даргаар ирээч гэж хэлүүлснийг уламжлав. Путинд энэ ажил сэтгэлд нь сүйдтэй нийцээгүй ч ерөнхийлөгчийн тамгын газар юм даа хэмээн зөвшөөрнө. Энэ албыг Ельциний хэвлэл мэдээллийн албаны дарга Сергей Ястрежемский хамаарна. Тэд сайн ойлголцож ажиллана. Хожмоо Сергей Ястрежемский Ерөнхийлөгч Путины туслахаар ажиллах болно.
Энэ үед Путиныг эргэн санасан өөр нэг хүн нь тухайн үед улсын удирдагчийн нэгдүгээр орлогч болсон мөн л Петербургээс гаралтай Алексей Большаков. Петербургт ажилгүй байхад нь тусыг нь санан үгүйлсэн Бородин нь Алексей Большаковт “Путинд туслах хэрэгтэй. Албан тушаал нь арай л бага юм” хэмээн хэлж байжээ. Иймд Алексей Большаков түүнд найр тавин өөрийн Ерөнхийлөгчийн аж ахуйн албаны орлогч даргын албыг найр тавин өгсөн байна. Путин гадаад дахь Оросын өмчийг хамаарч байв. Ерөнхийлөгчийн аж ахуйн албаны даргын орлогчийн албан тушаал Тамгын газрын даргаас дээгүүрт тооцогдоно. Аж ахуйн албанда Путин найман сар болов. Тамгын газрын дарга Чубайс засгийн газарт шилжиж, Кудрин ч араас нь дагав. Кудрин Путиныг Хяналтын төв зөвлөлийн даргын албан тушаалд томилохыг удирдлагадаа зөвлөсөн байдаг. Ингэж мань хүн Ерөнхийлөгчийн захиргаанд алба хаших болсон түүхтэй. Цаг нь ирэхэд Путин Кудриныг нэгдүгээр Шадар сайд, Сангийн сайдаар томилох болно.
1997 оны гуравдугаар сараас Путин Хяналтын төв зөвлөлийг ахлах болжээ. Энэ ажил сэтгэлд нь төдий л нийцээгүй тул нэг хэсэг “ажлаасаа гарья” гэж бодож байсан гэдэг. 1998 оны 5 дугаар сард Владимир Путиныг тушаал дэвшүүлж, ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогчоор томилов. Гэвч эндээсээ хоёр ч сар бололгүй ХАБА-н дарга болов (хуучин КГБ). ДГэвч тэр энд ирэхдээ дургүй байжээ. “Нэг голын уснаа хоёр дахиа орох хүсэлгүй байсан тул сүйдтэй баярлаагүй” гэдэг. Лубянкагийн дарга боллоо гээд дэвшээд дэвшээд хаа хүрэх билээ дээ. Путиныг ХАБА-г толгойлонгуут улс орон түүнийг овоо хараандаа авав. “Хэзээд биеэ цэгнэдэг, ундууцаж бухимддаггүй, дуугаа өндөрсгөдөггүй, алдаа мадаг гаргадаггүйг нь ч анзаараатхав. Зан чанарын хувьд ширүүн, шийдэмгий. Тавьсан зорилго өөдөө махруу зүтгэдэг. Хөгжилтэй, мэдрэмжтэй. Бага зэрэг их зантай бөгөөд үл ялиг сээтэгнүүр” гэж тодорхойлж байв. Ер нь тэр өнгөрсөн хугацаанд төр засгийн нэг номын хүн болтлоо машид болгоомжтой, бусдад анзаарагдамгүй байж, тушаал дэвшихэд аюул учруулж болох аливаа зүйлээс зайлсхийж байсан гэлтэй байдаг. ХАБА-нд ганцхан жил ажиллажээ. Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болж дэвшив.
Энэ үеэр Ельцин таван удаа зүрхний шигдээс болов. Зургаа дахь дээрээ үхэл дагуулах магадлалтай. Иймээс залгамжлагчийн эрэлд гарав. Дүр төрх нь их энгийн. “Залуухан, эрч хүчтэй, хүмүүсийг өөртөө татдаг, болж өгвөл саямагхан улс төрд орж олны нүдэнд тэр бүр өртөөгүй цэргийн хүн байвал тун сайн. Үнэнч, итгэлтэй хүн байх нь тодорхой”… Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тэргүүлсэн Алексей Волошин чухамдаа Ельцинд Путиныг санал болгосон байдаг.
1999 оны наймдугаар сарын 5-ны үүр цүүрээр Ельцин Путиныг дуудуулав. “Та Ерөнхий сайд болбол ямар вэ…” гэлээ. Ширүүн харцтай, цэрэг армийхан шиг яв цав ярьдаг нь Ельцинд машид таалагддаг байв. Хожмоо өөрийг нь Ерөнхий сайдад санал болгосон Алексей Волошины ачийг Путин мартахгүй. Алексей Волошин нь Эрчим хүчний Россия ХК-ийн ТУЗ-ийн даргын нөлөө бүхий албан тушаалд томилогдоно. Энэ ХК татан буугдсаны дараа ч Волошинд цалин сайтай, үнэ хүндтэй өөр нэгэн зөөлөн суудал олдох болно.
Чингэж Путин Ерөнхий сайдын тангараг өргөв. Гэвч Путин Засгийн газрын тэргүүнээр томилогдохоос гуравхан хоногийн өмнө эцгээ оршуулсан юм. Амьдралынхаа сүүлийн хоёр жилийг аав нь Хавдрын эмнэлэгт үджээ.
Путиныг Ерөнхий сайд болоход улс төрчид ч, хэвлэл мэдээллийнхэн ч зөнөсөн Ельцин ээлжит нэг алиа салбайдаагаа гарган ирлээ, нэг ч сар бололгүй бууна даа хэмээн “зөгнөж” байв. Түүнийг Ерөнхий сайд болохтой зэрэгцээд Чечений хоёрдугаар дайн дэгдэв. Энэ үеэр Путин
-Бид террористуудыг хаа сайгүй мөшгих болно. Ариун цэврийн өрөөнд барьж гэмээнэ жорлонд үгүй хийнэ хэмээх “алдарт” үгээ хэлэв. Шийдэмгий хэлсэн ганцхан энэ үг нь түүнийг хэв журам, тогтвортой байдлын бэлэг тэмдэг болгов. Ерөнхий сайд болоход нийт сонгогчдын ердөө ганцхан хувь нь түүний төлөө саналаа өгөхөөр байсан бол хоёрхон сарын дотор 30 хол давтлаа өссөн байдаг. Угийн үнэн шулуун үгтэй Чубайс түүнийг Умард Кавказыг төвшитгөж чадах аваас ерөнхийлөгч болох “хамгийн бодит” боломжтой хүн гэжээ.
Ажилч хичээнгүй хүнийг аз ивээдэг. Путин ч ёстой борви бохис хийлгүй ажиллаж байлаа. Цуг ажиллагсад нь түүний тухай “Уураг тархи нь компьютер л гэсэн үг. Мэдээллээ хэсэг бусгаар нь хадгалдаг. Хэнбуйгаас ч зайгаа барьж чаддаг. Залуу халуун, өөртөө итгэлтэй, бусдад хорлогдоогүй, хариуцлага хүлээхээс ширвэдэггүй” хэмээн хэлж байлаа. Путинд өөрийн гэсэн нам байгаагүй учир Борис Березовский “Межрегиональное движение – Единство” гэх үгнүүдийн эхний үсгүүдийг нийлүүлээд Медведь гэдэг үг бүтээж, намын бэлгэдлийг нь бий болгож өгөв. Хожмоо Лужковын Отечество-г нэгтгэж Нэгдсэн Орос нам үүссэн түүхтэй. Хуучин улс төрчдөөс ард түмэн залхсан байсан учир Нэгдсэн Орос нам сонгуульд ялав. Ерөнхийлөгч болов. Түүний талаар Ельциний охин Татьяана Дьяченко “Албан тушаал эрх ямбанд улайран тэмүүлдэггүй зан чанар нь ч танд таалагдана” хэмээн бичиж байлаа…
Ельцин дан ганц эрүүл мэндийн шалтгаанаар суудлаасаа буусан гэдэг нь учир дутагдалтай. Сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулбал бусад нь бэлдэж амжихгүй, Путин ялах магадлалтай гэж үзжээ. Учир нь тэр сонгуулийн штабаа нууцаар байгуулан эрчимтэй ажиллаж байжээ.
(Эндээс хойш жаахан товчиллоо)
Путин эрх мэдлийг гартаа авангуутаа хамгийн түрүүнд өөрийн дайсан гэж үздэг сэтгүүлчидтэй тооцоо бодож эхэлсэн байдаг. Түүнийг үргэлж муучилж байдаг, олигархи Гусинскийн НТВ-г буулгаж авав. Барьж хорьж байгаад хувьцааг нь заруулсан даа. Дараа нь Березовскийгоос ОРТ-гийн хяналтыг булааж авав. Мөн л хүч хэрэглэсэн. Гусинский мөчөөгөө өгөлгүй ТВ-6 хэмээх дампуурах дөхсөн жижиг ТВ-ийн хяналтын багцыг аван, НТВ-д ажиллаж байсан чадварлаг ажилчдаар багаа бүрдүүлсэн байдаг. Нэвтрүүлгүүд нь чанаржиж, санхүүгийн хувьд өөрсдийгөө болгож эхлэх үед ийм жижигхэн ТВ-6 байтугай, улс даяар нөлөөтэй НТВ-г өөрсдийн болгож авсан Путины Тамгын газрынхан сайн өмгөөлөгчдийн ачаар дампууруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалж орхино. Оросын хамгийн баян хүн болоод байсан Юкосын Ходорковский ч ёстой л нөгөө өөрөөсөө болоод л уначихсан юм билээ л. Тэр Путины эсрэг, сөрөг хүчний нам, улс төрчдийг тэтгэдэг учир нэг л өдөр түүнийг татвараас бултсан гэх зүйл ангиар барьж аваад, арван жилийн ял оноон, шоронд байх хойгуур нь компанийг нь хувьчилсан байдаг. Хувьчилж авсан компани нь цаасан дээр байгуулсан компани болохыг Известия сонин илчилсэн байдаг. Хожмоо цаасан дээр байгуулсан компани нь хувьцаагаа Газпромд зарсан ба ТУЗ-ийн даргаар нь Путины тамгын газрын дарга ажилладаг байх жишээтэй. Путин дайснуудаа дарах янз бүрийн аргатай. Өөрийг нь шүүмжилж байсан нэгэн сэтгүүлч эмэгтэйн орцонд бөмбөг дэлбэрсэн. Хэдийгээр хэн ч шархтаагүй боловч, хожмоо тэр сэтгүүлч гадаад руу гарсан байдаг. ОРТ-гийн нэр сэтгүүлчийг худалдаж авахаар хэлэлцсэн. Үгэндээ орохгүй болохоор нь тэр нэвтрүүлгийг нь тэр чигээр нь хаасан. Хамгийн сүүлд Немцов гэгч гүүрэн дээр буудуулж үхэв дээ. Одоо Путин Европын холбоо, бүр цаашилбал АНУ-тай толхилцсоор байгаа. Тэр бүхний уг үндсийг ч “Путин” номонд бичжээ. Үргэлжлүүлж сонирхвол номыг нь уншаарай. Би тэр бүрийг бичнэ гэвэл дахин олон хуудас, цаг хугацаа хэрэг болох нь
http://amartuvshind.blogspot.com/2016/10/blog-post.html

URL:

Нэр: Батдорж Огноо: 13 October 2016

Путин бол үнэхээр агуу хүн.Путиныг гүйцэх лидр одоо энэ дэлхийд алга даа.

Сэтгэгдэл бичих