Германчууд өвөөгийнхөө өвлүүлсэн газрын зургаар Польшоос эрдэнэс олжээ

22Польшийн хэвлэлд өгүүлснээр хоёр Герман хүн 1952 онд зурсан өвөөгийнхөө газрын зургийн дагуу Польшид ирээд нуугдсан эрдэнэсийг хайж илрүүлсэн байна.

Польшийн талтай удтал хэлэлцэж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны дараа Германчууд Польшийн доод Силезия мужийн Любомирц хотын ойролцоогоос эрсэн зүйлээ олжээ.

Гамбург хотоос ирсэн Герман иргэдийн өгүүлж байгаагаар тэдний өвөө энэ нутагт хэсэг хугацаанд амьдарч байсан бөгөөд үнэт зүйлсээ энд нууж үлдээсэн гэнэ.

Хотын дарга Вислав Зиолковский энэ тухай “Бямба гарагт хоёр Герман хүн манай хотод ирсэн. Тэдэнд 1952 онд гараар зурсан байршлын мэдээлэл бүхий цаас байсан” гэж ярьжээ.

Газрын зурагт заасан газраас тэд цаг, үнэт эдлэл, 19 дүгээр зууны үеийн зооснууд, 1935 оны тамхины хайрцаг зэргийг олсон байна. Гэвч Польшийн тал олдворуудыг шинжлүүлж, хэрвээ түүхийн ач холбогдолтой гэж үзвэл орон нутгийн музейд шилжүүлнэ гэжээ.

Германчууд гэнэт гарч ирэн газар ухаж эхэлсэнд цочирдсон нутгийнхан цагдаад мэдэгдсэн байна. Албаныхан газар дээр ирж эрдэнэсийн хайгуулчдад ийм ажиллагаа явуулахын тулд тусгай зөвшөөрөл авах хэрэгтэйг ойлгуулж байжээ. Зөвшөөрөл авах гэж хэсэг хугацаа зарцуулсны дараа ажлаа эхэлж, эрсэн зүйлээ олсон ч тэдгээр нь Польшийн нутагт үлдэх магадлал өндөр болоод байгаа гэнэ.

Польшийн баруун өмнө зүгт оршдог Любомирц хот нь 1,800 орчим хүн амтай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Потсдамын хэлэлцээрээр Германаас Польшид шилжсэн юм байна. Польшийн харьяанд орсны дараа Герман иргэд дүрвэж, оронд нь Польшууд ирж суурьшжээ.

 

Эх сурвалж: Onet


URL:

Сэтгэгдэл бичих