Нийтийн тээврийн хэрэгсэлд ямар шалгуур тавьдаг вэ?

21Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны ариун цэвэр, үйлчилгээ иргэдийн бухимдлыг дагуулж, зарим тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдалд нь ч эргэлздэг билээ.

Тэгвэл Монгол Улсад нийтийн тээврийн үйлчилгээнд ямар шаардлага стандартууд тавигддаг, түүнийг хэрхэн мөрдүүлдэг талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖИЛД ХОЁР УДАА ОНОШИЛГООНД ОРДОГ

Шугаманд гарах гэж байгаа автобус “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага MNS 5012: 2012″, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага MNS 4598: 2011″ энэ хоёр стандартуудыг зайлшгүй мөрдөж байж үйлчилгээнд гардаг байна.

Дээрх стандартуудын голлох заалтуудыг танилцуулбал, 

  • Нийтийн тээврийн насжилт: Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.
  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал: Өнгө үзэмж, кузовын битүүмжлэл үүн дээр өвлийн улиралд бол дулаацуулах систем /Нэг автобусанд 3-4 дулаацуулах систем байх/, мөн автобусны сандал бариул нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, ариун цэврийн шаардлага хангасан байх ёстой.

Нийтийн тээвэрт явж буй автобусны техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хэрхэн хангадагийг Автотээврийн улсын  байцаагч Ш.Бямбаас тодрууллаа.

- Автобусны техникийн бүрэн бүтэн байдалд хэрхэн хяналт тавьдаг вэ?

- Авто баазуудад шалгах механик гэдэг ажилтан байдаг. Шалгах механик орой шугамнаас бууж ирсэн автобусны техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг шалгадаг бөгөөд өглөө нь дараагийн ээлжийн  шалгах механик дахин хяналт тавьж автобусыг үйлчилгээнд гаргадаг.

Шалгах механик шугаманд гарах гэж байгаа автобусны гэрэл дохио, тормос, дугуй гээд техникийн бэлэн байдлыг шалгаад энэ машин шугаманд гарч болно хэмээн баталгаажуулдаг. Хэрвээ техникээс шалтгаалсан зам тээврийн осол, гэмтэл гарвал хариуцлагыг  шалгах механик хүлээнэ.

- Нэг автобус хэчнээн км яваад ямар давтамжтай засвар, үйлчилгээнд орох ёстой вэ?

- Их багтаамжийн автобус 14,000-16,000 км яваад техникийн хоёрдугаар үйлчилгээ хийлгэнэ. Техникийн хоёрдугаар үйлчилгээгээр  засварууд хийгддэг.
3,500-4,000 км явсан бол техникийн нэгдүгээр үзлэгт орж зарим эд ангийг солих ёстой.

Солих ёстой эд ангиа сольсон эсэхийг тухайн баазад байгаа засвар үйлчилгээний тэмдэглэл, няраваас гарсан тоног төхөөрөмжийн бүртгэл зэргээр дамжуулан хянадаг. Шаардлагатай тохиолдолд баазад суурилуулсан камерын бичлэгийг шүүж засвар үйлчилгээ хуваарийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж болно.

- Нийтийн тээврийн нэгдсэн оношилгоо явагдаж байгаа. Энэ жил хэчнээн автобус оношилгоонд орох вэ?

- Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа үзлэг оношилгоонд орох ёстой байдаг.  Оношилгооны үеэр бүх эд ангиуд нь стандарт хэмжээнд байна уу үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгадаг.

Энэ удаад НТГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй 1,224  нь их багтаамжийн автобус оношилгоонд орно.

- Үйлдвэрлэснээс хойш 12 жил болсон автобусыг үйлчилгээнд явуулахыг хориглодог юм байна. Энэ стандарт амьдрал дээр мөрдөгдөж чадаж байгаа юу?

- Энэ стандарт яс мөрдөгдөж байгаа. Ойрын жилүүдэд 2007, 2008, 2009 онд үйлдвэрлэгдсэн автобусууд орж ирж байна.

Энэ жил 67 автобус үйлдвэрээс гарсан хугацаа нь 12 жилээс хэтэрсэн гэсэн үндэслэлээр нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдаж байгаа.

График: Нийслэлийн Тээврийн Газрын мэдээллийн санд бүртгэлтэй 1,224 том автобус байгаагаас 76 хувь нь буюу 927 нь 2010 оноос өмнө үйлдвэрлэгджээ. 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автобус цөөхөн байгаа хэдий ч жил ирэх тусам шинэ автобусны тоо нэмэгдэж байна. 

Мэдээллийн санд бүртгэлтэй  автобуснуудын 429 нь буюу 35 хувь нь 2009 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд тухайн жил Зорчигч тээврийн нэгтгэл парк шинэчлэл хийж 251 шинэ автобустай болсон нь үүнд нөлөөлжээ.

Үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдийг насжилтаар нь ангилан харуулбал,

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧИД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДДАГ ВЭ?

Жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “Д” ангилалтай, мэргэшсэн жолооч 21-ээс дээш насны хүн байна.

Угсраа автобусны жолооч нь дээрх шаардлагыг хангасан жолоочийн мэргэжлийн “Д” ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодож дадлагажсан, мэргэшсэн жолооч байх ёстой.

“Д” ангиллын эрхийг авахын тулд 21 насанд хүрсэн байх ёстой бөгөөд тээврийн хэрэгслийн “ВС” болон “ВСЕ” ангиллаас “Д” ангилалд шилжих 21 хоногийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, Замын Цагдаагийн Газрын мэргэжлийн шалгалтыг автодромын жолоодлогоор өгнө. Мөн “ВС”-ангиллын тээврийн хэрэгсэл нэг жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон байх ёстой аж.

Нийтийн зорчигч тээврийн жолооч нь үйлчилгээний явцад дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно. Үүнд:

  • Хөдөлгөөний үед жолоочийн бүхээгт хүн суулгах, тамхи татах, гар утсаар ярих, зорчигчдын танхимд дуу хөгжим чанга тавих.
  • Хурд хэтрүүлэх, зогсоолын бус газарт хүн буулгах ба суулгах.
  • Чиглэлийн зөвшөөрөгдсөн замаас хазайж өөр зам, замналаар сэлгүүцэх, зорчигч тээвэрлэх, хөдөлгөөний цагийн хуваарь зөрчих.
  • Хүндэтгэх шалтгаангүйгээр нийтийн тээврийн хэрэгслийг огцом тоормослож гэнэт зогсоох, хөдлөх зэргээр зорчигчдын тав тухыг алдагдуулах.
  • Зайлшгүй шаардлагатай буюу зохих байгууллагын зөвшөөрснөөс бусад зураг, зарлал, сурталчилгааны ухуулах хуудас зэргийг нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах.

Нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийг өглөө бүр баазын эмч үзэж, өмнөх өдөр нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолттой байвал үйлчилгээнд гаргахгүй буцааж нөөцөнд байгаа ээлжийн жолоочийг гаргадаг байна. Бааз буюу ААН нь тухайн өдөр үйлчилгээнд гаргах ёстой автобусуудад эвдрэл гэмтэл гарч болзошгүй гэж үзээд нөөцөнд гарах автобус жолоочийг бэлэн байлгах үүрэг хүлээдэг аж.

ЖОЛООЧ ХЯНАХ САМБАРАА ХАРААД ИЖИЛ ЧИГЛЭЛИЙН АВТОБУСУУД ХООРОНДЫН ЗАЙГАА ТОХИРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ

Иргэдийн зүгээс “Автобуснууд нэг бол бөөнөөрөө ирээд нэг бол удаан хугацаагаар ирэхгүй байна” гэх гомдол гардаг. Тэгвэл бүх автобуснууд байрлал тогтоогч төхөөрөмж буюу GPS –тэй болсноос хойш шугамаа зөрчиж өөр газраар явах зөрчил арилсан гэдгийг НТГ-ын байцаагч нар хэлж байлаа.

Нийслэлийн Тээврийн Газар, “Улаанбаатар смарт карт” компани болон аж ахуйн нэгж байгууллагууд гурвалсан гэрээтэй ажилладаг. Гэрээний дагуу бүх автобусанд байрлал тогтоогч төхөөрөмж суурилуулсан байна. Ингэснээр авто баазын болон Нийслэлийн Тээврийн Газрын оператор автобуснуудын байрлалыг хянадаг болжээ.

Мөн “Улаанбаатар смарт карт” компанийн автобуснуудад байрлуулсан төхөөрөмжийн жолооч руу харсан дэлгэц дээр тухайн автобусны өмнөх болон арын автобус нь /ижил чиглэлийн/ хэдэн минутын зайтай,  ямар хурдтай хөдөлгөөнд оролцож байгаа нь харагддаг байна.

Тиймээс жолооч хянах самбараа хараад ижил чиглэлийн автобусууд хоорондын зайгаа тохируулах үүрэг хүлээдэг аж. Зайгаа тохируулахгүй байгаа тохиолдолд авто баазын болон Нийслэийн Тээврийн Газрын оператор шаардлага тавьж, зохицуулалт хийдэг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих