Энхийг сахиулагчдын мөнгө хаачив?

enh_700x700Манай улс 2002 онд Конго улсад хоёр ажиглагч офицероо илгээснээр дэлхий нийтэд энхийг сахиулагч улс болсноо зарласан. Үүнээс хойш НҮБ-ын мандаттай 11 энхийг сахиулах ажиллагаанд  долоон мянга гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан улсын эвслийн цэргийн багт 4700 орчим эр цэргээ илгээсэн байна.  Монгол даяараа цэнхэр дуулгатнуудаараа бахархаж, дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй цэрэг эрсээ магтан саашааж байв.  Ард түмнийхээ итгэл найдвар, төр, засгийнхаа ивээлээр энхийг сахиулагчид маань дайны халуун цэгт өргөсөн тангаргаа үл умартан үүргээ гүйцэтгэсээр ирсэн.  Олон улсын цэргийн байгууллагуудын зүгээс ч монгол цэрэг эрсийн ур чадвар, тэсвэр хатуужлыг гайхан биширцгээдэг.

Гэвч Монголын Засгийн газар энхийг сахиулагчдынхаа эр зоргийг мохоож эхэллээ. Эдийн засгийн хямрал хэмээх үгээр бамбай барьж, НҮБ-аас олгодог цалинг нь замаас нь”“булаагаад” нэг сарыг ардаа орхив.  Өмнөд Судан улсад нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн сүүлчийн ээлж өнгөрсөн сарын 16-нд эх орондоо ирсэн. Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ-аас цэргийн багийн сүүлчийн ээлж эх орондоо ирэхтэй зэрэгцэн тухайн орон руу энхийг сахиулагчдын мөнгийг шилжүүлдэг байна.  Тэгэхээр энэ мөнгө аль хэдийнэ Монголын Улсын Засгийн газрын мэдэлд шилжсэн, гол “гацаа” нь тэнд байгаа гэсэн үг юм.  Өмнөд Судан улсад нэг батальон буюу 850 хүн нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байна.

Нэг алба хаагчийн сарын цалин дунджаар 1380 ам.доллар.  Тэгэхээр энхийг сахиулагчдын цалинд НҮБ-аас  15 орчим сая ам.доллар Монгол руу шилжүүлсэн гэх тооцоо гарч байна.  Энэ мөнгө хаачив, хүрэх ёстой хүмүүстээ хугацаандаа хүрсэнгүй. Бид энхийг сахиулагч орон болоод 14  жил боллоо. Энэ хугацаанд цэнхэр дуулгатнуудынхаа мөнгийг “гацааж” замд нь “угаасан”, “удаасан” тохиолдол гарч байгаагүй.  Энхийг сахиулагчид эх орныхоо нэрийг гарган дэлхийн халуун цэгт дэлхий нийтийн төлөө, НҮБ-д ажилласан.  Тэндээс цалингаа авсан.  Монголын Засгийн газар  энэ асуудалд эдийн засгийн хувьд “дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл  цалинг нь замаас нь авч “угааж”, “удаах” явдал улс төрийн соёлын хүрээнд байх ёсгүй асуудал юм. Одоо энхийг сахиулагчдын цалин хаана байгаа ямар учраас удаж байгаа талаар мэдээлэл ч өгөхгүй байна. Цэрэг хүн тушаалаар ажилладаг. Тэгэхээр “Миний мөнгө удаж байна, яасан, ямар учиртай вэ” гээд хэл ам хийж явах эрх цэргийхэнд хязгаарлагдмал. Энэ байдлыг нь ашиглан мөнгө “угаах” үйл явц өрнөж байгаа гэсэн хардлага төрж байгаа. Хардах ч  эрхтэй. Өмнө нь үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийнхны цалин эх орондоо ирсний дараа 3-7 хоногийн дотор дансанд нь орчихдог байв. Харин энэ удаа эдийн засгийн хямралаар” бамбай” хийн цалинг нь “түгжиж” орхилоо. Бас нэгэн асуудал нь олон улсын жишигт НҮБ-аас өгсөн цалинг энхийг сахиулагчиддаа 100 хувь олгодог. Харин Монголын Засгийн газар 30 хувийг нь суутгаж байгаа.

Гэтэл энэ удаа 40 хувийг нь суутган, цалинг нь хоёр хувааж өгөх талаар ч эх сурвалж хэлж буй. Өөр нэг асуудал нь өнөөдөр ам.долларын ханш “Найман шарга” валютын зах дээр 2270 төгрөг байна.  Гэтэл жилийн өмнө 1991 төгрөг байжээ. Тэр үеийн ханшаар бодож мөнгийг нь олгох талаар ч ярьж эхэлсэн байна. Энхийг сахиулагчид эдийн засгийн хямралд ямар буруутай вэ. Монголын эдийн засагт тодорхой хэмжээний валют оруулж байна. Мөн цэргийн алба хаагчид энхийг сахиулснаар  амжиргаагаа дээшлүүлдэг.  Энэ нь эргээд Монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа юм. Тэгэхээр энхийг сахиулагчид эдийн зас­гийн “алуурчид”  биш харин жаахан ч гэсэн гялтайх гэрэл нь юм.  Тэрхүү гэрлээ ийнхүү бүд­гэ­рүүлэх хэрэг Засгийн газарт байна уу. Дэлхийн хамгийн халуун бүс, дайны халуун цэгт 50-60 хэмд, 10-20 кг хүнд дуулга өмсөн, эрүүл мэндээ хөсөр хаяж, өргөсөн тангаргаа эрхэмлэн эх орноо цээжиндээ тээн үүрэг гүйцэтгэж байгаа эр цэргийнхээ эр зоригийг ингэж мохоох  хэрэг байхгүй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих