ОПЕК тохиролцсон ч олборлолт нэмэгдсээр байна

tosГазрын тосны үнийг өсгөх ОПЕК-ийн хүчин чармайлт үр дүн муутай байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) анхааруулав. Тус картелийн газрын тос олборлолт есдүгээр сард аварга амжилт тогтоосон ч эрэлт зэрэгцэн өсөж чадсангүй. ОПЕК-ийн гишүүн олборлогчид өнгөрсөн сард олборлолтоо бууруулахаар тохиролцсоны ачаар газрын тосны үнэ баррель нь 53 ам.долларт хүрсэн. Энэ нь 2016 оны үнэмлэхүй үзүүлэлт болоод байна.

Дэлхийн голлох экспортлогчид Алжирт тохиролцсоноос хойш олборлолт дахин 14 хувиар өссөн. Ингэснээр тэртээ хэргүй хахчихаад байгаа нефтийн зах зээлд нэмэлт хүндрэл учруулсан юм. ОУЭХА “Чөлөөт зах зээлийн бодлогоос ухарсан ОПЕК нийлүүлэлтээр түрий барьсаар хоёр жил боллоо. Хэрээс хэтэрсэн олборлолтыг бууруулах ажилд эдүгээ хүртэл дорвитой ахиц гарсангүй” хэмээн энэ сард нийтэлсэн тайландаа тайлбарлажээ.

ОПЕК-ийн гишүүн 14 улсын олборлолт есдүгээр сард үнэмлэхүй өсөж өдөрт 33.6 сая баррельд хүрлээ. Энэхүү өсөлт нь арваннэгдүгээр сард
болох сайд нарын уулзалтаар хэлэлцэх ёстой ноцтой асуудал болж хувирах төлөвтэйг тус агентлаг анхааруулав. Дараагийн уулзалтаар олборлолтыг бууруулах ажилд бодитой үр дүн гарна хэмээн ОПЕК найдаж байгаа. Г эвч гишүүн улс тус бүрт оноох олборлолтын хэмжээ зэрэг чухал асуудлаар санал нэгдэж чадаагүй хэвээр.

ОПЕК эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа үүсгэхийн тулд гишүүн орнууддаа олборлолтоо бууруулах шахалт үзүүлэх нь сүүлийн хэдэн сард ихэссэн. Тус картельд багтдаггүй орнуудын олборлолт нь үнийн хямрал тохиосон сүүлийн хоёр жилд шйнжээчдийн тооцоолж байснаас хавьгүй тогтвортой байжээ. Гэтэл зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэх зорилго агуулсан ОПЕК-ийн гишүүн орнуудын дотоодын өрсөлдөөнөөс болоод олборлолт өссөөр. “ОПЕК-ийн олборлолтыг бууруулж чадвал зах зээлийн тэнцвэр хэр сайжрах нь одоо ч бүрхэг” хэмээн ОУЭХА тайлбарлаж байна.

Ливи, Нигери хоёр саяхан нийлүүлэлтээ өсгөсөн. Ираны олборлолт ч цаашид өсөх төлөвтэй. Ийм нөхцөлд Саудын Араб тэргүүтэй бусад гишүүн улс олборлолтоо дорвитой бууруулахаас аргагүй. Гэтэл Саудын Араб нь АНУ-ын занарын тосны компаниуд болон бусад олборлогчдод зах зээлээ алдахгүйн тулд нийлүүлэлтээ ихэсгэсээр хоёр жил боллоо. Тус улс олборлолтоо өсгөсөөр байгаа ч эдийн засгийнх нь үндэс болсон газрын тосны орлого байнга буурч ирлээ.

Хоёр жил үргэлжилсэн газрын тосны үнийн хямралын дүнд шинэ холбоо үүсэж эхэллээ. Үүнтэй уялдан ОХУ зэрэг ОПЕК-ийн гишүүн бус олборлогчидтой хамтран ажиллах арга бүтэлгүй өгсөж болзошгүйг ОУЭХА анхааруулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олборлолтыг хамтран багасгах хүчин чармай лтыг дэмжиж буйгаа даваа гарагт мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 3.5 хувиар өссөн юм. Мягмар гарагт газрын тосны дэлхийн бенчмарк брентийн үнэ 74 центээр буурч, баррель нь 52.40 ам.доллар боллоо.

ОХУ олборлолт бууруулах ямар ч гэрээ хэлэлцээрт нэгдэхэд бэлэн тухай ноён Путин мэдэгдсэн. “Олборлолтыг одоогийн хэмжээнд нь бариулах, тэр ч байтугай бууруулах нь дэлхийн эрчим хүчний салбарт тогтвортой байдлыг хангах цор ганц арга” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч тайлбарласан юм. Гэтэл ОХУ-ын төрийн өмчийн “Роснефть” компанийн тэргүүн олборлолтыг царцаах юм уу, бууруулах явдал байж болохгүй зүйл хэмээн саяхан өгүүлсэн. Энэхүү хоёр өөр байр сууринаас шалтгаалан хэт нийлүүлэлтийг хязгаарлах дэлхийн хүчин чармайлтад ОХУ-ын оролцоо сэжигтэй болж хувирлаа. “Яахаараа бид олборлолтоо бууруулах ёстой юм?” хэмээн ОПЕК-ийн эсрэг байр суурь баримтлагч ноён Игорь Сечин Reuters агентлагт тайлбарласан. “Роснефть” компанид ОХУ-ын дотоодын олборлолтын 40 хувь нь ногддог юм.

Олборлолт бууруулах тохиролцооны хэтийн төлөвт Лондон дахь газрын тосны брокер Стивен Бреннок тун ч эргэлзэж байна. “ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулмагц оросууд нийлүүлэлтээ урьд байгаагүйгээр өсгөхөөр анаж байгаа” талаар ноён Бреннон анхааруулав.

ОУЭХА-ийн тооцоогоор ОПЕК-ийн гишүүн бус ОХУ, Казахстаны нийлүүлэлт өнгөрсөн сард өсөж өдөрт 500 мянган баррельд хүрчээ. Энэ нь сүүлийн нэг жилд ОПЕК-ийн гишүүн бус орнуудын олборлолт гуравны нэгээр буурсан нааштай хандлагыг үгүй хийж, цаашдын тохиролцоонд түвэг учруулахаар байгаа юм.

“Одоогийнхоо эрчээр үргэлжлэх юм бол газрын тосны хэт нийл үүлэлт ирэх оны эхний хагаст ч хэвээрээ байх болно. ОПЕК л олборлолтоо бууруулж байж зах зээлийн тэнцвэр сайжрах нь” хэмээн ОУЭХА-ийн тайланд тайлбарлажээ.

 

 

Дэвид Шеппард, Нил Хьюм /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих